“Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган болно
Өнөөдөр “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд боллоо. Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй уг чуулган 2016 оны 11 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд болох гэж буй аж. Чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Тогтвортой хөгжлийн зорилго, түүнд нийцүүлэн баталсан үндэсний хөгжлийн урт хугацааны бодлого, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмэр зэрэг бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, тулгарч буй сорилт, боломж, бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, удирдлага манлайлал, хөгжлийн санхүүжилт, санхүүгийн шинэлэг систем, арга зам, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарх асуудлыг хэлэлцэх аж.
Монгол улсын Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтыг хөндөх уг чуулганыг угтан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах, иргэд олон нийтийн байгальд ээлтэй, хэмнэлттэй үйлдвэрлэл, хэрэглээ, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилго бүхий “Ногоон хөгжлийн төлөө” сарын аяныг өрнүүлжээ. Сарын аяны хүрээнд олон нийтийн сурталчилгаа, Ногоон оффис, Ногоон хэрэглээ амьдралын хэв маяг, Ногоон бизнес, Ногоон элч, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт орон нутагт зэрэг арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй ажээ.
БОАЖЯ энэхүү аянд өөрсдөө үлгэрлэж, өөрийн оффиссоос эхлээд буй бөгөөд Эко сургуулийн сурагчдаар өөрсдийн байгууллагад үнэлгээ хийлгэн хаягдал цаасаа дахин боловсруулж, Дэм дэмэндээ хөтөлбөр хэрэгжүүлэн ард иргэдээ тэдэнтэй нэгдэж, иргэн бүр байгальд ээлтэй зөв дадал хэвшүүлэхийг уриалж байна.
URL: