Бичин жилийн өвөл бяд шалгаж эхэллээ

376e53c792b362bb9140e240f0896c01_1200

Сенсаацийн эргэн тойронд

Шадар сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Улсын Онцгой комиссын хуралдаан энэ сарын 16-нд болж, сүүлийн хэд хоногт орсон их хэмжээний цас нийт нутгийн 30 гаруй хувийг хамарч,  өвөлжилт хүндэрч болзошгүй болсон талаар мэдээлсэн. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна хэмээн онцлохын зэрэгцээ Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөвтэйг мэдээлсэн. Бүр зарим газраар -42-47 хэм хүрч, Сибирийн хүйтэн уур амьсгал орж ирж буй талаар ч анхааруулсан. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа цаг агаарын байдал, орон нутгийн нөхцөл байдлын талаар бэлтгэлээ.

Шуурхай мэдээ: СэрэмжлҮҮлэг

2016.11.18: Цас их орсны улмаас цаг агаарын байдал хүндэрч энэ сарын 18-ны өдрийн 17:30 цагийн байдлаар Улаанбаатараас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлд их хэмжээний цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул онц шаардлагагүй тохиолдолд дээр дурьдсан чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав.

Зарим аймгуудаас гарах зам хаалттай байна

2016.11.19: 2016 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр, 00:30 цаг: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд хальтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Үүнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаалаа. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Зарим сум зудын байдалд орлоо

2016.11.20: Ховд аймгийн Булган суманд энэ сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цас үргэлжлэн орсны улсаас тус сум зудын байдалд оржээ. Энэ нөхцөл байдлыг давж гарахаар сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсээд байгаа аж. Тус сумын удирдлагууд аймгийнхаа онцгой комисст хүсэлт тавьж, сурагчдын хичээлийг долоон хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулсан байна.

Мөн тус суманд үүссэн нөхцөл байдал сумын дотоод хүчин чадлаас давсан учир өвс тэжээлийн асуудалд анхаарах, үүнээс үүдэн малчид малаа цөөлөхөөр нядалгаанд оруулж байгаа учир малын махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах, айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй байгааг харгалзаж Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж айл өрхийг нүүрсээр хангах, цасанд боогдсон мал хүнийг татаж авахад шаардагдах шатахууны асуудлыг шийдэх, хүн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдлагууд Улсын онцгой байдлын комист хүсэлт гаргажээ.

Улаанбаатар, Дарханы хооронд рэйлбус зорЧиж байна

2016.11.20: Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас хөдөө, орон нутгийн авто замуудад хальтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал муу байна. Гэхдээ одоогоор зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цас үргэлжлэн орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд орон нутгийн автозамд зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сануулахын зэрэгцээ дээрх нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулсан гэдгийг “Улаанбаатар Төмөр зам” компаниас мэдээллээ. Түүнчлэн хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Цасанд боогдсон иргэдийг аврахаар ажиллаж байна

2016.11.20: ОБЕГ-аас энэ сарын 19-ний шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна. Үүнд, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашины шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, цасанд боогдсон иргэдийг олжээ. Иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд хоёр гэр барьж хонож байсан аж.

Мөн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлагын онцгой байдлынхан ажиллаж, иргэдийг эсэн мэнд гэрт нь хүргэсэн байна. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын цахилгаан станцын хажууд автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагын дагуу аврах ангийнхан ажиллаж, иргэн Д-ийн “Соната-6” загварын автомашин цасанд суусан байсныг гарган аюулгүй болгожээ

Сэтгүүлчийн өнцөг

Сэрэмжлүүлгийн дуут дохиог онцгой үед л ашиглая

Өнгөрсөн хэд хоног орсон цас ёстой л нэг өвлийг мэдрүүлж байна даа. Ойрын хэдэн жилд ийм их хэмжээгээр орсон цас хараагүй нийслэлчүүд эхнээсээ шалгалтад бүдэрч, цасаа цэвэрлэж чадахгүйд хүрчихээд аргаа бараад сууж байна. Замын нөхцөл байдал хүндэрч, хэдэн тээврийн хэрэгсэл нь мөлхөх шахам хөдөлгөөнд ороцож, зарим нэг нь машинаа зогсоож хүчрэхгүй осол гаргасаар л байна. Нийслэлд нэг иймэрхүү дүр зурагтай хэдэн өдрийг өнгөрөөлөө.

Харин хөдөө, орон нутагт бол бүр ярих ч юм алга. Зарим зам даваа хаагдаж, хэд хэдэн аймгийн сумдад зудын байдал нүүрлэж, олон хүн тээврийн хэрэгсэлтэйгээ цасанд сууж, осгох шахсан дуудлагууд Онцгой байдлынханд ирсээр л байгаа талаар мэдээлж байна. Үнэндээ цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын хэд хоног хүйтний эрч чангарч, зарим газраар -42-47 хэм хүрч, Сибирийн хүйтэн уур амьсгал орж ирж буй талаар ч анхааруулж буй.

Тиймээс ч Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ОБЕГ-ын ажлын хэсгүүд аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Мөн аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хийж, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлыг хэлэлцүүлж, улсын нөөцийн салбартай танилцан, аймгийн Засаг дарга нарт зөвлөмж өгч эхэлжээ.

Мөн малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж байгаа гэнэ. Ерөнхийдөө хэдэн өдөр дараалан орсон их цаснаар бичин жилийн өвөл хатуу болох талаар энд тэндгүй л ярьж буй. Өнөө хэдэн малчид маань ч цас зуданд хэдэн малаа алдчихгүйн тулд турь бяд муутай хэдэн хонь, үхрээ янзалж, хот руу зүглэж, хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлээд байгаа сурагтай.

Бас манайхны зарим хэнэггүй нөхдүүд үзэгдэх орчин муу, хальтиргаа гулгаа ихэссэн, зам даваа хаагдсан талаар ЗЦГ, онцгой байдлынхныг сэрэмжлүүлсээр атал тоож байгаа ч юмгүй эвдрэлтэй тээврийн хэрэгслээ унаад л энд тэнд төөрөөд, цасанд суугаад л амь нас, эд хөрөнгийг минь авар гэж уйлан донгодох нь ихэсч байна.

Сэрэмжлүүлж сануулж, нийслэлээс орох, гарах замыг нь хүртэл хаачихаад байхад хулгайн замаар гарч давхиад л ийм байдалд хүрчихээд байгаа хүмүүсийг юу гэх вэ. Ийм л хэнэггүй, ухамсаргүй нөхдөөс болж, онцгой байдлынхан ачааллаа дийлэхгүй өдөр шөнөгүй ажиллаж, улсын өч төчнөөн хөрөнгө мөнгө урсаж байна. Угтаа бол цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай л мэдээлж байгаа.

Гэтэл энэ бүх сэрэмжлүүлэг хүмүүст хүрэхээ больчихжээ. Дээхэн үед цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ явахаар нэг л сүрдэм, аймаар дуут дохио телевиз, радиогоор эхэлж явдаг байсан даа. Тэр дуут дохиог сонссон л бол холын замд явдаг тээврийн жолооч нар хүртэл хуваариа өөрчилж, цаг агаарын байдлыг харзнадаг байсан юмдаг.

Гэтэл өнөөх дуут дохио нь өнөөдөр үнэтэй брэнд дэлгүүрийн хямдралыг сурталчилж эхэлснээр үнэ цэнээ алдаж, хүмүүс ч тоохоо больчихжээ. Угтаа бол сэрэмжлүүлгийн дуут дохиог онцгой үед л ашигладаг биз дээ. Яагаад хувийн нэг дэлгүүрийн хямдралын сурталчилгаанд тэр онцгой үед ашиглах ёстой дуут дохиог ашиглуулаад байгаа юм бэ. Цаг агаарын онцгой нөхцөл байдлыг мэдээлэх үед тэр дуут дохиог явууллаа гэхэд хүмүүс тэр дэлгүүрийн сурталчилгааг л явж байна гээд тоолгүй өнгөрч, сувгаа солих магадлал өндөр байна. Тиймээс онцгой үед ашиглах ёстой зүйлээ өөр газарт ашиглуулахыг хориглохыг санал болгож байна.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих