Гантиг зам гай болсоор
Яаралтай үзлэгийн өрөөний үүдэнд тэвдэж сандарсан, уурлаж унтууцсан хүмүүс бөөгнөрнө. Тэдний дунд тавь гаруй насны эмэгтэй халтирч унаад, тохойгоо гэмтээсэн тул эмчид үзүүлэхээр дугаарлан зогсож байлаа. “Хөгшин хүн хаана ч гишгэсэн мэдээтэй байхгүй бол хэцүү юм. Дэлгүүр орох гэж яваад ийм болчихлоо” гэсээр эмчид үзүүлэв. Азаар хүнд гэмтээгүй бололтой, боолт хийлгээд гарав. Энэ мэт зам, талбайн халтиргаанаас болж гэмтсэн хүн ГССҮТ-д цөөнгүй ирж байна. Арваннэгдүгээр сар гарснаас хойш гэхэд л 100 гаруй хүн гадна талбайд халтирч, гэмтжээ.
Ер нь цас орсны дараа санамсаргүйгээр гэмтсэн хүний тоо эрс нэмэгддэг байна. Тухайлбал, энэ сарын 10-нд 24, 12-нд 15 хүн дээрх шалтгаанаар ГССҮТ-д хандаж, эмчлүүлсэн аж.
Санамсаргүйгээр унаж бэртэх нь авто ослын дараа бичигддэг
Дэлхий дээр жилд 37.3 сая хүн санамсаргүй ослоос гэмтэж, анхны тусламж авдаг байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь манайх шиг хөгжиж буй эсвэл буурай хөгжилтэй орны иргэд байдаг гэсэн судалгааг ДЭМБ- аас гаргажээ. Ялангуяа Номхон далай, Зүүн Азийн орнуудад их тохиолддог байна. Санамсаргүй осол нь нас баралтын шалтгааны тавд бичигддэг. Харин санамсаргүй ослын шалтгааны нэгдүгээрт, автомашины осол, хоёрдугаарт, гадна талбай, шатнаас унах гэмтэл ордог аж.
Халтиргаа, гулгаанаас болж гэмтдэг хүмүүсийн ихэнх нь настай эмэгтэйчүүд гэнэ. ГССҮТ-д ийм шалтгаанаар хандсан хүмүүсийн дийлэнх нь 45-64 насныхан байна. Харин дэлхий нийтэд бол хамгийн эрсдэлтэй бүлэг нь 65-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг аж.
Зам, талбайн халтиргаа, гулгаа гэдэг Улаанбаатарын утаа шиг өвөлдөө яриад, зундаа мартдаг сэдэв болжээ. Хотын захиргаанаас тогтмол цэвэрлэгээ хийж, давс цацдаг ч нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэвээр. Манайд аж ахуй нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх журам байдаг. Энэ журам бүрэн хэрэгжихгүй байгааг бодит байдал харуулна.
“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хот тохижилтын ажилчид байгууллагуудад дээрх шаардлагыг тавьдаг. Гэвч зарим нь “Мөнгийг нь авч байж өөрсдөө цэвэрлэ.Та нарын ажил биз дээ” хэмээн халгаадаггүй гэсэн юм. Тус газрын Тохижилт үйлчилгээний албаны ахлах Д.Алтанцэцэг “Бидэнд цас, мөсөө цэвэрлэ гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ хүмүүсийг аюулгүй байлгахын тулд манай ажилчид шаардлага тавьдаг. Гадна талбайгаа цэвэрлэдэг байгууллага тун цөөн шүү” гэв. Мөн “Манайх 50 ажилтантай учраас ачаалал туйлын их. Нэг хүн өдөрт 6-7 мянган метр квадрат газар цэвэрлэж байна. Арай гэж цэвэрлэж дуусахаар дараагийн цас орчихдог” гэв.
Сүхбаатар дүүргийн хамгийн хэцүү, мөстсөн хэсэг нь “Аса” циркийн орчим. Есөн давхар байрууд хаачихдаг тул давс цацаад ч нэмэргүй, цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг аж. Мөн хотын төвийн гантиган талбай, явган замууд бас хамгийн эрсдэлтэй нь. Манайхан гөлгөр гадаргуутай, гантиг чулуугаар “гангарах” болсон нь иргэдэд эрсдэл учруулж байгааг хэн хүнгүй ярих боллоо.
Арслантай гүүр, МУБИС-ийн дэргэдэх нүхэн гарц зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудыг гантигаар гангалсан нь өвлийн цагт “мөсөн гулгуур”-ын тоог олноор нэмсэн мэт. Арслантай гүүрээр хүүхдүүд нэгийгээ чирч яваа харагдсан. Харин нүхэн гарцын хувьд огцом шаттайг ч хэлэх үү, явахад дэндүү түвэгтэй болчихоод байна. “Муухай дээрээ улцан” гэдэг шиг шатны бариул нь хүртэл хугараад уначихаж. Хөгшин хүн, хүүхдүүдэд “давахгүй даваа” болоод байна.
Гантиг чулуу эсвэл гөлгөр хавтангаар зам, талбай хийх нь цэвэрлэхэд хялбар, өнгө үзэмж сайтай. Гэвч жилийн дөрвөн улиралтай, цас их ордог манайх шиг улсад тохирохгүй гэдгийг ойшоодоггүй бололтой. Энэ талаар “Чулуун хийц” компаниас тодруулахад “Гадна талбай, явган хүний замыг гантиг чулуугаар хийж болохгүй. Эрсдэл өндөртэй байдаг. Тэгээд ч нягтаршил багатай зөөлөн чулуу учраас амархан цуурдаг. Зөвхөн дотор шалыг хийж болно” гэсэн хариулт өглөө. Нөгөө ганган гантигаар зам, талбай хийж болдоггүйг ийнхүү тайлбарлалаа.
Гэсэн ч гангарах дуртай нөхөд хотоо чимэх гээд иргэддээ аюул дуудаад байна. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам бол дэлхийн хаана ч байхгүй олиггүй “шийдэл”. Дундуур нь таягаар тэмтрэх зураас гаргачихсан л болохоос яг “гулсуур”. Ийм замтай байснаас байгаагүй нь аминд өлзийтэй.
Гадна талбай, явган хүний замыг гантиг чулуугаар хийж болохгүй
Дэлхийн олон оронд чулуун хавтанг хэрэглэдэг. Гэхдээ стандарт бий. Манайд бол хэн дуртай нь өөрийнхөө үзэмжээр хийчихэж байна. Урдах талбайгаа шил, толиор хийсэн ч хориглох эрх зүйн зохицуулалт байдаггүйг албаны хүн хэлэв. Германд олон жил амьдарсан танил эмэгтэй маань “Цас их ордог улсад ийм гөлгөр хавтан хийсэнд үнэхээр гайхдаг. Германд бол дандаа барзгар гадаргуутай хавтангаар хийдэг. Цас ормогц техникийн хүчээр өдөрт нь цэвэрлэдэг” гэсэн.
Нэг иргэн зочид буудлын үүдэнд халтирч унаад эмчилгээний зардалд хоёр сая төгрөг гаргуулсан тохиолдол байна. Гэхдээ ноцтой биш л бол манайхан цагдаа, сэргийлэхэд ханддаггүй. Тиймээс л аж ахуйн нэгжүүд хайнга ханддаг биз. Ер унаж, гэмтсэн бол нөхөн төлбөр олгодог жишиг хаа сайгүй бий. Австралид гэхэд 65-аас дээш насны иргэн унаж, бэртсэн бол улсаас 3611 ам.долларын нөхөн төлбөр олгодог байна.
Нэгэнт чулуугаар хучсан ганган замуудыг хуулалтай биш. Харин гөлгөр хавтан дээр чулуун ширхэгтэй резинэн гадаргуу шүршдэг туршлагыг хэрэгжүүлмээр байна. Мөн хайрга гэх зэрэг чулууг буталж цацдаг гээд сэтгэл байвал нийслэлийн халтиргаа, гулгааг бууруулах шийдэл олон байна.
Б.Мөнхжаргал: Гантиг талбай, явган хүний замд тавих стандарт байхгүй
Сүхбаатар дүүргийн дэд бүтэц, тохижилтьн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Үүнийг хэрхэн хянадаг вэ?
-Манай дүүрэг 20 хороотой. Хороо бүрт тохижилт хариуцсан олон нийтийн байцаагч байдаг. Тэд гадуур явж, орчин нь халтиргаатай байгууллагуудад шаардлага тавьж, албан бичиг өгдөг. Манай хэлтсээс ийм зөрчилтэй газруудад үүдний хэсэг, шат, довжоон дээрээ халтирдаггүй резинэн шалавч эсвэл, дрож наахыг шаардсан албан бичиг явуулж байгаа. Уг шаардлагыг биелүүлсэн эсэхээ зургаар баталгаажуулж, и-мэйл хаягаар явуулахыг үүрэг болгосон. Ихэнх байгууллагын цэвэрлэх орчин нь 50 метр хүрдэггүй.
-Шаардлага биелүүлэхгүй тохиолдол хэр гардаг вэ?
-Ер нь байгууллагуудын 70-80 хувь нь шаардлагыг биелүүлдэг. Харин шаардлага хүлээж аваагүй газруудыг тохижилт хариуцсан байцаагч нар зөрчлийн актанд тэмдэглэдэг. Байгууллагыг торгох эрх нь зөвхөн хорооны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байцаагчид байдаг.
Хэрэв тухайн байгууллага торгуулийн мөнгө төлөхөөс татгалзвал нэлээд зардал, чирэгдэл учирдаг. Тиймээс хорооны Засаг дарга нар төдийлэн хөөцөлддөггүй. Манай дүүрэгт орчны тохижилт хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагч хоёр байдаг. Том дүүрэг учраас хүрч ажиллаж чаддаггүй юм.
-Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд халтирч, гэмтвэл хэнээс хохирлоо нэхэмжлэх вэ? -Тухайн газрын цэвэрлэгээг хариуцсан газарт гомдол гаргах боломжтой.
-Явган хүний зам, талбайг чулуу болон гөлгөр хавтангаар хийхэд тавигддаг стандарт байдаг уу? -Стандарт байхгүй. Гөлгөр талбай хийлээ гээд тухайн байгууллагыг буруутгах аргагүй.
НЭГ АСУУЛТ
“Зам, талбайн халтиргаа танд хэр хүндрэл учруулж байна” гэсэн асуултад иргэд хариулж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Я.Даваадорж:
-Янз бүр байна. Нэг үеэ бодвол хотын төвийн тохижилт, цэвэрлэгээ сайжирсан. Харин гэр хорооллын гудамж хамгийн аюултай нь. Гэрээсээ гараад л гар, хөлөө хугалах эрсдэлтэй. Хотын төв шиг цэвэрлээд, давс асгах бололцоо даанч байдаггүй. Зарим айл аргаа бараад үнсээ асгадаг.
Баянгол дүүргийн иргэн Ц.Агваан:
-Сайн цэвэрлэж байгаа ч цас орохоор халтиргаа, гулгаатай газар их байна. Орон сууцнуудын хооронд, гэр хорооллоор явахад их хэцүү. Бас зарим автобусны буудал халтиргаа ихтэй. Автобусанд суух гээд гүйж байхдаа хүмүүс унаж, бэртэх аюултай байна. Бид байгалийн цасыг зогсоож чадахгүйгээс хойш сайн цэвэрлэх л хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Цэрэнчимэг:
-Би ихэнхдээ хотын төвөөр явдаг. Зарим газар цасны дор мөстчихдөг учраас халтирч унах гээд байдаг. Гутлын уланд цас наалдсан үед гөлгөр гадаргуутай зам дээр гишгэхэд л халтирдаг. Ямар арга хэмжээ авах ёстойг мэдэхгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Алтангэрэл:
-Явган хүний болон машин зам халтиргаа ихтэй байна. Залуус ч яахав. Өндөр настай хүмүүст эрсдэлтэй. Гэр хорооллын автомашины зам, явган хүний зам нь ялгагдахаа болилоо. Харин хотын төвийн цэвэрлэгээг дажгүй, сайн хийж байгаа.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батцэцэг:
-Нарантуул захын орчимд халтиргаа их байна билээ. Цэвэрлэгээ хийхэд техник дутдаг юм шиг санагддаг. Хүрзээр дагтаршсан цас цэвэрлэж буй хүмүүс өрөвдөлтэй харагддаг. Машинаар хэдхэн минутын дотор цэвэрлэдэг болчихоод байхад хэдэн цаг “ноцолдож” байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ
URL: