Хорт хавдраар нас барсан охин дахин амьдрахын тулд цогцсоо хөлдөөлгөн хадгалуулжээ
Хорт хавдраар нас барсан 14 настай Британи охин өөрийнхөө цогцсыг хөлдөөлгөн хадгалуулах хүсэлт шүүхэд гаргасныг биелүүлсэн байна.
Тэрээр хэдэн зууны дараа хорт хавдрыг нь эмчилдэг болсон үед “сэрж”, дахин амьдрах хүсэлтэй ажээ.
Охины салсан эцэг эх нь түүний хүсэлтийг биелүүлэх эсэх дээр маргалдаж байсан тул нас барахаасаа өмнөхөн шүүхэд захидал бичсэн аж. Түүний захианд “Би үхмээргүй байгаа ч үхэх нь нэгэнт тодорхой боллоо…гэвч би амьдармаар байна…энэ боломжийг алдахыг хүсэхгүй” гэх зэргээр бичжээ.
Охины ээж хөлдөөх хүсэлтийг нь дэмжиж байсан ба шүүхээс түүнийг охины хүсэлтийг шийдэх цорын ганц эрхтэй хүн гэж зарласан байна.
Ингээд аравдугаар сарын 17-нд буюу охиныг нас барахын өмнөхөн шүүхийн шийдвэр гарч, цогцсыг нь хөлдөөн АНУ-д байдаг хадгалах газарт хүргүүлжээ.
Нас барахын өмнө охин ойрын хүмүүстээ хандаж “би үхэж байна. 200 жилийн дараа эргэж ирэх болно” гэж хэлсэн гэнэ.
Охины хүсэлтийг ёсоор болгосон ч хэзээ түүний цогцсыг гэсгээх талаар ямар нэг хууль дүрэм байхгүй байгаа, цаашдаа ёс зүйн болон эрх зүйн орчныг нь тодорхой болгох ёстой гэж шүүх дүгнэсэн байна.
Шүүхээс энэ хэргийн талаар нэг сарын хугацаанд ямар нэг мэдээлэл
гаргахыг хориглосон тул өчигдөр олон нийтэд ил болжээ.
Мөн шүүхээс охины жинхэнэ нэрийг нууцлах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Telegraph
URL: