М.Үүрийнтуяа: Олон хүн эпилепси өвчинтэйгээ мэдэлгүй БӨӨ болдог
Эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүс бидний дунд чимээгүйхэн амьдарсаар л. Өнөөдөр хаа нэгтээ хэвтэж буй хүнийг “согтуу хүн” гэж эндүүрэх нь элбэг болж. Гэвч Эпилепси /унаж татах/ өвчтэй хүн хэзээ ч, хаана ч унасан байж болно.
Энэ өвчин нь тархины хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч, ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг байна. Эпилепс нь хүйс, арьс, өнгөний ялгаа, хүний боловсролын түвшин, газар орон нутгаас хамаардаггүй. Эпилепситэй өвчтөний 30-70 хувь нь таталтын эсрэг эм уудаг ч таталт бүрэн зогсдоггүй байна.
Энэ талаар Эпимон мэдрэлийн эмнэлгийн захирал, АУ-ы доктор М.Үүрийнтуяатай ярилцлаа.
- Эпилепсийн өвчтэй хүмүүсийн дунд явуулсан судалгаа байдаг уу. Тухайлбал, тэдний хэдэн хувь хөдөлмөр эрхэлдэг бол?
-Улаанбаатар хотын Эпилепсийн өвчтөнүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний байдал ямар байна вэ гэдэг судалгааг манай улс, ДЭМБ-тай хамтарч хийсэн байдаг. Энэ судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын эпилепстэй нийт өвчтөнүүдийн 69,1 хувь нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, энэ хүн унаж татах өвчтэй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн бол тэдний 71 хувь нь ажлын нөхцлөө өөрчилсөн, 49,1 хувь нь ядуу, 23,1 хувь нь орлого багатай гэсэн дүн харагдсан. Яагаад орлого багатай байна гэхээр унаж татдаг хүн ажил хийх хөдөлмөрийн чадваргүй л гэсэн ойлголт нийгэмд байгаа юм л даа. Гэтэл энэ төрлийн өвчтэй хүмүүс дотор янз бүрийн боловсролын түвшинтэй хүмүүс байдаг. Бидний сайн мэдэх дэлхийн олон алдартай хүмүүс эпилепсийн өвчтэй байсан. Хэдий ийм өвчтэй ч гэсэн дэлхийд бүтээлээ туурвиж, алдар нэрийн эзэд болсон түүх хүртэл бий.
Энэ өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг. Дэлхийн хүн амын нэг хувийг эзэлдэг. Хүн амын таван хувь нь амьдралдаа таталт өгсөн байдаг байна. Гэхдээ таталт өгсөн хүн болгон эпилепси өвчтэй гэж ойлгож болохгүй.
- Энэ төрлийн өвчтэй хүмүүсийг нийгэмд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нийгэмд ийм хүмүүсийг таталттай л бол ажил хийж чадахгүй, группт гарах ёстой гэсэн буруу хандлагаар ханддаг. Харин олон улсын хувьд тэр хүн таталттай байж болно. Гэлээ гээд хамт олон дунд нь ажлыг нь хэвийн хийлгүүлнэ үү гэхээс биш манайх шиг группт гаргахыг урьтал болгодоггүй. Группт гарснаар тэр хүн хамт олонгүй болж улам л ганцаардана, орлого байхгүй, магадгүй өрх толгойлдог бол гэр бүлээ тэжээх боломжгүй болно. Манайд өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдсан группын тэтгэмжийн мөнгө хэд байгаа билээ. Тийм учраас нийгэмд эпилепси өвчинтэй хүмүүсийг зөв ойлгодог байгаасай. Энэ төрлийн өвчинтэй хүн ганцаараа бүхнийг дийлэхгүй, эпилепситэй өвчтөний тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хамт олон, гэр бүл, нийгэм тэдэнд туслахгүй бол буруу хандлага, үзэл баримтлал, гажуудал бий болчихоод байна. Үүнтэй тэмцэхэд хүн болгон үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Унаж татах өвчний үүсэх гол шалтгаан нь юу вэ?
-Өвчин үүсэх шалтгаан гурван төрөл байдаг. Нэгдүгээрт, манай улсад давамгайлж байгаа гол шалтгаан нь гэмтэл. Уг өвчнөөр 0-80 насны хүн өвдөнө. 20 хүртэлх насны хүмүүсийнх голдуу төрөлт болон удамшлын нөлөөтэй байдаг. Гэхдээ 100 хувь удамшдаг гэсэн үг биш. Дэлхий дээр одоогоор удамшлын 20 орчим генийг илрүүлсэн байгаа. 20-35 насанд гэмтлээс үүдсэн шалтгаан. Тухайлбал, зам тээврийн осол, хурдан морины хүүхдүүд малгайгүй явснаас тархиндаа гэмтэл авах, хөдөөний хүмүүс хамгаалалтгүй мотоцикль унаснаас болж гэмтэл авах зэрэг. Харин 35-50 нас хүртэл тархины янз бүрийн голомтот өөрчлөлт байж болно. 60-аас дээш насанд тухайн хүний даралт ихсэх, тархины судасны цусан хангамжийн өөрчлөлтөөс болоод унаж татах өвчтэй болдог. Тэгэхээр хамгийн гол нь энэ төрлийн өвчинтэй хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бид эпилепси өвчтөнүүдээсээ л эхлэх ёстой. Би яг ямар шалтгаанаас болж таталттай болов гэдгээ эмчид сайн таниулж хэлэх хэрэгтэй. Шалтгааныг тайлбарлаж хэлээгүйгээс болоод төөрөгдөл бий болдог. Эсвэл лам шашнаар яваад эмийн бус эмчилгээ сонгочихсон байх тохиолдол ч бий. Энэ бүхнээс үүдээд өвчтний амьдралд сөргөөр нөлөөлөх хандлага манай улсад маш түгээмэл байна.
-Орчин үед унаж татах үзэгдлийг бөө болох шинж тэмдгийн илрэл гэж үзээд байх шиг. Энэ нь эпилепси өвчин мөн үү?
-Тийм ээ. Ийм буруу хандлага байна. “Чи бөө болно, энэ өвчин биш. Бөө л болох юм бол татахаа болино” гэж хэлээд эмчилгээг нь зогсоодог. Гэтэл нөгөө хүн ч үүнд итгэчихдэг. Бөө боллоо гэхэд сайжирсан ч юм байхгүй, эмчилгээ, эмээ зогсоосноос болж улам өвчнөө хүндрүүлдэг. Өвдсөн хүн хаана очих уу, эргээд эмч дээрээ л ирнэ. Тухайн өвчтөнд эцэг эх нь, мөн тухайн хүнтэй ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн эмч, сувилагч нар, өрхийн нийгмийн ажилтнууд ихээхэн нөлөөлдөг.
-Уг өвчнийг сэдрээх гол шалтгаан нь юу вэ?
-Таталтын өвчтэй хүн дэглэм маш сайн барих хэрэгтэй. Эмээ сайн уусан ч гэсэн нойргүйдээд, архи уугаад, дэглэм баримтлахгүй байвал таталт өгөхийн шалтгаан нь болдог. Мөн сэтгэлзүйн байдал чухал нөлөөтэй. Энэ төрлийн өвчтэй хүмүүс найз охин, залуугийнхаа дэргэд, ажлын байран дээрээ, сургууль дээрээ эсвэл олон нийтийн газар явж байгаад унаж татах вий гэхээс цаг мөч бүр айдастай явдаг. Нөгөө талаар Эпилепси өвчтэй хүмүүс шууд ажил хөдөлмөр эрхлээд явах боломжтой ч төрийн болон хувийн байгууллагууд ажилд авахаас татгалздаг. Энэ нь эдгээр хүмүүст хүндрэл бий болгодог. Өөрөөр хэлбэл нийгмийн ойлголт нь буруу байгаагаас үүдээд тэдэнд өөрсдийгөө тусгаарлах, сэтгэлийн дарамтанд орох нөхцлийг бүрдүүлдэг.
-Таталт өгөх давтамжийн хувьд хэр ойрхон вэ?
-Таталт янз бүр зарим нь богино хугацаанд таталт өгдөг бол зарим нь урт хугацааны таталт өгч, яаралтай тусламж хүргээгүйгээс болоод амиа алдах тохиолдол ч цөөнгүй. Жилд нэг, эсвэл хоёр жилд нэг удаа, бүр долоо хоногт долоон удаа ч байж болно. Хүн болгонд өөр өөр. Эмчилгээ үр дүнгээ өгч байна гэдгийг эмч нар таталтын давтамжаар л хэмждэг.
-Эпилепси өвчнөөр өвчилсөн хүн хэдий хэр хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой вэ?
-Таван жилийн хугацаанд эдгэрэх боломжтой. Онош нь тодорсон л бол , эмчийн заавраар таван жил эмээ ууна. Өөрөөр хэлбэл, таван жилийн дараа эмчилгээний үр дүнг ярина. Олон улсын судалгаагаар эмчилгээний үр дүн 80 хувь гэж үздэг. Манайхан даанч 80 хувийн үр дүнг гаргаж чаддаггүй. Жишээ нь манай эмнэлэг цусан дахь тунгаар нь эпилепситэй хүмүүсийн уух ёстой эмийн тунг лабораторийн аргаар тодорхойлдог. Үүн дээр бид судалгаа хийгээд үзэхэд лабораторид шинжилгээ өгсөн нийт өвчтөнүүдийн 70-76 хувь нь уух ёстой тунгаасаа багаар уусан байдаг. Ингэж бага ууснаар тухайн хүний таталт намдахгүй, эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байна гэсэн үг. Үүнд нэгдүгээрт өвчтөн мэдээж өөрөө буруутай, хоёрдугаарт тухайн хүнд эмч оношийг нь буруу тавьсан байж болно. Эсвэл эмчийн заавраар эмээ уугаагүй байж болно. Цаашлаад мөнгөгүйн улмаас эмээ худалдаж авч чадахгүй байж болох зэрэг олон шалтгаан бий. Тийм учраас эпилепси өвчтний амьдралыг сайжруулахын тулд нийгэм, эдийн засаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн энэ гурвыг цогцоор нь сайжруулах ёстой. Манайд эрүүл мэндийн даатгалаар хоёр төрлийн эмийг хөнгөлөлттэйгөөр олгож байгаа. Цаашдаа энэ талын даатгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Эмний өртгийн хувьд?
-Өртгийн хувьд ууж байгаа тухайн эмээсээ шалтгаална. Тухайлбал нийт өвчтний 80 хувь нь сард карбамазепин эмийг уудаг. Энэ эмийн сарын зардал нь 15-20 мянга байдаг. Гэтэл финлепсин ретард гээд карбамазепин эмээсээ арай үйлдэл сайтай эмийг уухад сарын зардал 50 мянган орчим. Хэрвээ боломжтой аль болох финлепсин ретард эмийг уувал эмчилгээний үр дүн илүү сайн. Нөгөө талд нийгэмд унаж татдаг өвчтөнийг гадуурхахгүй, тэднийг ойлгож, чадварыг нь үнэлэх зэргээр ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх явдал манайд үгүйлэгдэж байна.
Б.Алтжин
Эх сурвалж: Zindaa.mn
Линк: http://news.zindaa.mn/1vn4
URL: