Ц.Цогтбаяр: Би аргаа барсандаа “зулын гол” болохоор шийдлээ
Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр маргааш Төрийн ордны өмнө зулын гол болно хэмээлээ. Гол шалтгаан нь маргааш Төрийн ордонд хаалттай болох Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит их хуралд Ц.Цогтбаяр, Б .Баяраа тэргүүгэй цөөнгүй тамирчин дасгалжуулагчийг оролцуулахгүй байхаар болсноос үүдэж ийм шийдвэр гаргасан гэлээ.
Үүнд эгдүүцсэн тэрбээр “Хүн сонсоход айж цочихоор үйлдэл хэдий ч надад үүнээс өөр арга үлдсэнгүй. Намайг, шигшээ багт ажиллаж байсан дасгалжуулагчдыг Монголын чөлөөт бөхийн холбооны Их хуралд оролцуулахгүй гэжээ. Би дасгалжуулагчийнхаа хувьд эрхээ хасуулснаар холбооны ажилд оролцож болдоггүй юм байж. Гавьяатынхаа хувиар хуралд суулгаж өгөөч ээ гэж хүссэн. Харамсалтай нь, Монголын чөлөөт бөхийн холбоо үүнийг зөвшөөрсөнгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Надад тэмцлийн хурц хэлбэрээс өөр сонголт үлдсэнгүй. Өөр яах юм бэ. Нэг ч удаа би Монголын чөлөөт бөхөд муу зүйл хийж яваагүй. Энэ амьдралаа төрсөн хүүхдүүдээсээ илүү түмний хүүхдийн төлөө зориулж ирсэн. Д.Сумъяабазар, А.Сүхбат нар бидэнд яагаад ингэж хатуу хандаж байгаа юм бэ. Тэдний төлөө л бид явж, тамирчных нь хувьд зааж сургаж, ахын ёсоор хайрлаж ирсэн. Би амь нас, бусдад харагдах байдал, өөрийн нэр төр унахаас үл хамааран, эсэргүүцлээ илэрхийлнэ. Чөлөөт бөх гэж амь, амьдралаа зориулж ирсэн надад энэ спортын төлөө үнэхээр өөрөөр үзэл бодлоо илэрхийлэх боломж үлдээсэнгүй, энэ залуучууд. Би энэ хуралд оролцох ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа тавих хэрэгтэй. Тэр ч бүү хэл 2013-2016 оны хооронд тив, дэлхийн аваргад оролцсон тамирчид бүгд энэ хуралд оролцох эрхтэй. Спортын шударга үнэн, нээлттэй зарчмаар явах ёстой хурлыг бүлэглэн, хуйвалдсан хэсэг хүн Төрийн ордонд, төрийн хамгаалалтад хийдэг болчихсон юм уу. Улс төр, спорт хоёр дэндүү холилдоод байгаа юм биш үү. Дарга нар нь Төрийн ордонд хуралддаг юм байгаа биз, хуралдаа оролцох боломжгүй тамирчин, дасгалжуулагчид бид Төрийн ордны гадна жагсана” гэлээ. Тэр эцэст нь “Би Риогийн олимпийн дэвжээн дээр аргаа барсандаа олны өмнө хувцсаа тайлж чадсан. Өнөөдөр ч гэсэн би аргаа барж байгаа учраас ийм үйлдэл хийхэд хүрээд байна. Ер нь аргаа барсан хүн юу ч хийж чадна” гэв.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ дагвадорж гэдэг балай юм одоо зайлаасаа японд багтаж шингэхээ болиод ирсэн биз дээ одоо Монголын Чөлөөт бөхийн холбоог хэрүүлийн там болгоод ямар ядаргаатай юм бэ зайлаач Монгол бөхийн босоо цагаан хийморийг битгий бузар булай хэрүүл тэмцэлдүүлээд байгаа ч зайлаад өгөөч гуйж байна.