“Лалын улс” хүүхдүүдийг хэрхэн алан хядагч болгон сургадаг вэ?
Их Британийн “The Guardian” сонинд “Лалын улс” бүлэглэл “боловсон хүчин” буюу шинэ үеийн алан хядагчдыг хэрхэн бэлтгэдгийг олон нийтэд хүргэх боломж олджээ. Тус сонины редакци “Лалын улс” бүлэглэлийн удирдагчдын боловсруулсан “эрх мэдлээ хэрхэн бататгах” тухай стратеги төлөвлөгөөг багтаасан 24 хуудас баримтыг олж авсан юм байна.
Уг бичигт нууцын зэрэглэлд орохуйц мэдээллүүд байснаас гадна дэлхий нийтийн мэддэггүй байсан “Ирээдүйн жихадистуудыг бэлтгэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг үзэл сурталынхаа нөлөөнд автуулан шашны фанат буюу «львят халифат» болгох” төлөвлөгөө, хүн хэрхэн хөнөөх сургалт явуулж буй гэрэл зураг багтсан нь анхаарал татаж байгаа юм.
“Лалын улс”-ынхны ирээдүй хойчоо бэлтгэдэг сургалтын төвийг “Farouk Institute for Cubs” гэж нэрлэдэг. Энд 5-16 насны хэдэн зуун өсвөр насны хүүхдүүд ирээдүйн алан хядагч болохоор бэлтгэгддэг байна. Сургалтын хөтөлбөрт жихад буюу “Буруу номтнуудын эсрэг лалын ариун дайн” гэж юу болох, хэрхэн хийх, үүний тулд юу чаддаг байх ёстой гэх зэрэг хичээлүүд багтана.
Тэр тусмаа хүн хэрхэн хөнөөх хичээлийг хүүхдүүдэд нэг бүрчлэн нарийн зааж өгдөг ажээ. Босогчдын гараас азаар зугтаж чадсан 14 настай Рагхаб Ахмед хэмээх хүү сургалтын төвд үзэж харсан зүйлсийнхээ талаар “Хүүхдүүдийг эхлээд тоглоом дээр дадлага хийлгэдэг. Хүний хоолой хэрхэн хэрчих, эмзэг, үхлийн цэг хаана байдгийг зааж өгдөг. Тэд нар надад хэрхэн зөв хутга барих, яаж ашиглах тухай зааж харуулсан. Тэд энэ бол урвагчидын толгой гэсэн. Бас тэд намайг цохиж, дээгүүр минь алхаад, хөдөлгөөнгүй хэвтэхийг тушаасан. Ингэснээр намайг илүү хүчтэй болгоно гэсэн” хэмээн “Associated Press” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Тоглоом дээр дадлага хийж дууссаны дараа хоригдлуудыг цаазаар авахуулж дадлага хийлгэдэг нь түүний ярианаас тодорхой байгаа юм.
Интернетэд цэргийн хувцас өмссөн, зэвсэг барьсан хүүхдүүд жагсаалаар алхаж, “Лалын улс” бүлэглэлийн уриаг чангаар хэлэн, хадаастай төмөр доогуур мөлхөн, хүн цаазлахыг хараад зогсохгүй өөрсдөө үйл ажиллагаанд оролцож буй бичлэг дүүрэн байна. Пальмирын задгай театрт 12-13 насны 25 хүүхдүүд 25 хоригдолын араас буудан хороож харин түүнийг нь босогчид, жаахан хүүхдүүдийн хамт харж буй бичлэг байдаг. Сирийн армийн офицер 10 настай хүүхдийн гарт хэрцгийгээр амиа алдаж буй дүрс камерийн хальсанд мөн үлджээ. Бас нэгэн бичлэг дээр хүүхдүүд инээд хөөртэй нь аргагүй цаазлуулсан хүний толгойгоор бөмбөг хийн тоглож, харин хажууханд нь нөгөө хүнийх нь бие хэвтэж байдаг. Энэ бол нууцлаг сургалтын төв, тэнд бэлтгэгдсэн хүүхдүүдийн талаарх аймшигт нууцын зөвхөн нэг хэсэг, “Мөсөн уул”-ын ил гарсан хэсэг юм.
«Львят халифат» юу хийдэг вэ
“Лалын улс” бүлэглэлийн хуаранд бэлтгэгдсэн 16-аас бага насны босогчдыг «Ашбаль аль-хиляфа» («Львята халифата») гэж нэрлэдэг. Туршлагагүй хүүхдүүд нэмэр болох нь бага учир тулаанд оролцвол зөвхөн амьд бамбайн үүрэг гүйцэтгэдэг байна. Залуу жихадистуудад ихэвчлэн хоригдол болон лалын дайснуудыг цаазлах, шархадсан босогчдод цус өгч, гудамжаар эргүүл хийж, бүлэглэлд урвагч байвал илрүүлэн илчлэх үүрэг хүлээдэг. Мөн амиа золиослон бөмбөг дэлбэлдэг байна.
Ирээдүйн жихадистууд
Львят халифатуудыг наснаас нь хамааран өөр, өөр хуаранд хуваарилдаг. 15 нас хүртэлх настай хүүхдүүдэд шариатын хууль буюу лалын шашны суртал ухуулга хийдэг бол дараа нь байлдааны сургалтын төвд шилжүүлж, биеийн хүчний дасгал хийлгэн, зэвсэгтэй харьцах, дайснаа устгах практик хичээл заадаг байна. Сургалт сарын хугацаанд үргэлжилж дараа нь шууд тэмцэлд оролцуулдаг гэнэ.
Сургалт хүнд хэцүү нөхцөлд явагддаг. Өглөөний 04.00 цагийн залбирлаар өдөр эхэлж, дараа нь лалын шашны тухай лекц, гар зодоон болон галт зэвсэг ашиглах сургалт, биеийн хүчний дасгал, гүйлт, араб хэл, Кораны сургаалыг цээжлэх зэргээр өдөр бүр 8-10 цагийн бэлтгэл хийдэг.
Дээр нэр дурьдагдсан Рагхаб хүүгээс гадна 15 настай Яхуа гэдэг хүү “Хүүхдүүдийг хоорондоо зодолдохыг тушаадаг. Сургагч багш намайг 10 настай дүүгийнхээ эрүү рүү цохихыг тушаасан. Цохихгүй бол намайг буудна гэсэн. Тэд биднийг хоорондоо зодолдвол илүү хатуужилтай болно гээд өөрсдөө ч мөн зоддог байсан” хэмээн ярьсан байна.
Үүнээс гадна хүүхдүүдийг цочролд оруулахгүйн тулд өдөр бүр нүд хальтрам зэрлэг бичлэг үзүүлж дасгадаг байна. “Foreign Policy”-ын мэдээлж буйгаар ялангуяа 8-12 насны хүүхдүүд харсан зүйлээ туршиж үзэх сонирхолтой байдаг тул амиа хорлох, бөмбөг дэлбэлэх үйл ажиллагаанд сайн дураараа нэгддэг аж.
Ирээдүйн жихадистуудыг бэлтгэх хуаран хэчнээн байдаг, хэдэн хүүхэд аль хэдийн суралцсан болон суралцаж байгаа талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй. Зарим босогчдын мэдээлж буйгаар ийм төрлийн сургалтын хурангууд зуу гаруй байгаа, зөвхөн Ракка сууринд л гэхэд багадаа тав байдаг гэх. Хуаран бүрт хэдэн зуун хүүхэд байрладаг. Зарим хүүхдийг хүчээр аваачдаг бол бусдыг хуурч авчирдаг байна.
Бүлэгт элсүүлэн авах үйл ажиллагаа сүм хийдэд, гудамжинд хүртэл болдог. “Лалын улс” бүлэглэлийн харьят газар нутагт хэт даврагсад өөрсдийн үйл хэргийг сурталчилсан бичлэг хүүхдүүдэд үзүүлж,чихэр, жигнэмэг, газтай ундаагаар дайлан, ухуулах хуудас болон диск тарааж өгдөг байна. Ихэнх сургуулиуд хаагдсан тул хийх ажилгүй хүүхдүүд эсэргүүцэлгүйгээр босогчидтой нэгдэж, харин эцэг эхэд нь цөөнгүй тохиолдолд мөнгө төлдөг байна.
Гэрчийн мэдэгдэж буйгаар сүүлийн үед Сири, Иракын “Лалын улс” бүлэглэлийн эзэмшил дэх газар нутагт амьдарч буй хүүхдүүд эргэн тойронд нь байнга аллага болон цаазаар авах ёс үйлдэгддэг учир толгойгүй биенээс айхаа огтоос больжээ.
“Save the Children” байгууллагын төлөөлөгч Мисти Басуэлл: “Бид өсвөр насны бүхэл бүтэн үеийг алдаж болзошгүй байна. Эдгээр хүүхдүүд бүгд сэтгэл зүйн асуудалтай болсон. Хэрвээ одоо гараа хумхилгүй юм хийвэл их, бага хэмжээгээр аврах боломжтой. Харин энэ зэрлэг байдлыг зүгээр хараад суувал аймшигтай үр дагаварт хүргэх болно” хэмээн сэтгэл түгшин өгүүлж байна.
С.Алдар
zindaa.mn
URL: