Д.Отгондалай: Амжилтыг дагаж амьдрал сайхан болдог юм байна
ДАШТ-ээс медаль авбал Токиогийн олимпийг зорино
Риогийн олимпийн хүрэл медальт боксчин Д.Отгондалайг энэ дугаарын зочноор урихад уриалгахан хүлээж авлаа. Тэрбээр Бразилаас ирсний дараа олимпийн наадамд хэрхэн тулалдсан талаараа хэвлэлд дэлгэрэнгүй ярьсан тул энэ удаа өөр сэдвээр ярилцахыг зорив. Отгондалай энэхүү ярилцлагадаа олимпийн дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн, тамирчны замналын үлдсэн хугацаандаа юунд тэмүүлж буйгаа өгүүлсэн юм.
-Ихэнх хүүхэд багадаа хүүхдэд дээрэлхүүлэхгүй, бас зодолдож сурахын тулд боксоор хичээллэсэн байдаг. Та тэдний нэг үү?
-Би багаасаа спортоор хичээллэсэн. Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээллэхийн чацуу хөнгөн атлетикийн тэмцээнд ордог байлаа. Багаасаа л спортод дуртай байсан юм. Харин боксын секцэнд найз нөхдөө дагаж орсон. 2003 оноос хойш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор бокс тоглож байна.
Тухайн үед яг миний үеийн 10 хүүхэд өсвөр, залуучуудын улсын аваргад багаараа түрүүлээд, жигдхэн гарч ирж байлаа. Тэднээс Н.Шинэбаяр, Э.Идэрхүү, бид гурав 2006 онд шигшээ багийн тамирчин болсон. Бусад маань яваандаа боксоо орхиж, ажил төрөл эрхлэх болсон юм.
-Дорнодын секцэнд хэдэн хүүхэд хичээллэдэг байв. Хэрэглэл материал хангалттай байсан уу?
-Манай Дорнод аймгийн спорт хороо тэр үед заалгүй байсан. Тиймээс цахилгаан станцын хажуу талын заалыг түрээслэнэ. Бидэнд цохих мишок байхгүй. Ер нь хэрэглэл материал дутмаг. Хоорондоо бэлтгэлээ хийнэ, багштайгаа лапанд орно. Тэр үед 20-30 хүүхэд бэлтгэл хийдэг байлаа. Шигшигдээд 10 хүүхэд л хот руу тэмцээнд явна.
-Ё.Төмөрбатаа багшийнхаа талаар ярьж өгөөч?
-Багш маань яах аргагүй миний анхны дасгалжуулагч, ирээдүйд ямар тамирчин болох суурийг тавьж өгсөн хүн л дээ. Төмөрөө багш хүнийг зөв таньдаг, бэлтгэл сургуулилалтыг төлөвлөгөөний дагуу маш сайн хийлгэдэг онцлогтой. Сая олимпийн наадамд багш маань цуг явлаа. Дорнод аймгийн ард иргэд багшийг маань дэмжиж, зардлыг нь дааж явуулсанд их баярласан.
Бид бэлтгэлээ хийчихээд тэмцээнд явахын өмнө загасчилдаг байлаа. Төмөрөө багш загасчлах хообитой хүн. Бид багшийгаа дагаж явсаар байгаад загасчлах дуртай болсон. 2004 онд өсвөрийн улсын аваргад оролцохын өмнө манайхан хоёр хоног загасанд явсан юм. Уг нь ганц хонох төлөвлөгөөтэй байсан ч гуйсаар байгаад дахиад нэг хоночихсон. Агаарт, голын эрэг дээр бэлтгэл хийхийн хажуугаар загас бариад, тоглож наадаж байсан нь бидэнд маш сайхан сэргэлт болж өгсөн. Үүний ачаар Дорнодын боксчид багаараа улсын аварга болж байлаа. Сэргэлтийн бэлтгэл гэдэг тамирчин хүнд маш их хэрэгтэй. Харин багш маань биднийг яаж сэргээхээ сайн мэддэг хүн.
-Эхээс хэдүүлээ билээ?
-Би эхээс наймуулаа. Хоёр эгч маань багадаа өөд болсон. Манай аав, ээж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүмүүс. Харин би Дорнодод төрсөн юм. Аав, ээж хоёр маань Дорнод аймгийн онгоцны буудалд ажилладаг байсан. Хоёр дахь ах маань энэ ажлыг өвлөж, нутагтаа ажиллаж байна. Бид хангалуун амьдралаас гарч ирээгүй ээ. Хүүхдүүд яаж өсдөг, тэр л байдлаар том болцгоосон. Шороон дээр тоглож,
мал малладаг жирийн хүүхэд байлаа.
-Спортоор хичээллэсэн хүүхдийн хичээл орхигдох гээд байдаг талтай. Хичээл, спортоо хэрхэн зохицуулдаг байв?
-Би хичээлдээ тийм ч сайн биш, бас тийм ч муу биш алтан дундаж хүүхэд байсан. Хүнээс хуулахгүй, өөрөө бүх юмаа хийгээд явна. Алгебр, монгол хэлний хичээлд сайныхаа тоонд орно шүү. Ер нь спортоор хичээллэхэд заавал нэг юм орхигдож таардаг. Миний хувьд спортоо тууштай хөөхөөр шийдсэн болохоор төгсөлтийн шалгалтаа ч өгч чадаагүй. Тэр үеэс хойш л энэ спортод амжилт үзүүлнэ гэсэн зорилготойгоор цаашаа хичээллэсэн дээ.
-Өөрийг чинь олимп, дэлхийгээс аль эрт медаль авчих байсан гэж боксынхон үнэлдэг. Гэвч нэлээд удаж байж олимпийн медальтан боллоо. Том тэмцээнд удаа дараа азгүйтээд байхаар бухимдаж, шантрах сэтгэл төрөх юм уу?
-Мэдээж өөртөө болон өрөөл бусдад гомдох сэтгэл маш их төрж байлаа. 2011, 2013, 2015 оны ДАШТ-ий алинаас нь ч медаль авах боломж байсан. Гэвч чадаагүй. Энэ бүхнийг тэвчээд, ямар ч байсан медальд хүрнэ гэсэн зорилготой бэлтгэлээ хийж явсаар Риогийн олимпоос хүрэл авлаа. Уг нь хүрлээс цааш ч явж болохоор байсан. Гэхдээ хоосон хоцорсонгүй. Ирэх жилийн ДАШТ-д түрүүлдэггүй юм аа гэхэд медаль авна гэсэн зорилго өмнөө тавиад байна.
-Дорнодоос төрсөн олимпийн анхны медальтан болсон уу?
-Паралимпийн аварга Д.Баатаржав манай Дорнодынх. Тиймээс Дорнод аймаг олимпийн хоёр медальтантай гэж боддог юм. Би Риогоос ирээд хорь гаруй хоногийн дараа нутагтаа очсон. Манай Дорнодын ард түмэн бүгдээрээ маш сайхан хүлээж авсан.
Би бас Чингис хаан нисэх буудал дээр буугаад цэрэг хувцсаа сольж өмссөн юм. Гэртээ ирээд цүнхээ ухаад үзтэл өмсөж байсан бэлтгэлийн хувцаснууд маань байдаггүй. Нэг нь бэлгэшээгээд авсан юм болов уу. Би энийг хулгай гэж бодохгүй байгаа (инээв).
-Ам бүл хэдүүлээ болсон бэ. Гэр бүлээ танилцуулаач?
-Би 2003 оноос хойш эхнэртэйгээ үерхэж байгаад 2009 онд нэг гэрт орсон. Одоо хоёр хөөрхөн охинтой. Миний ханийг Г.Хулан гэдэг. Геодизийн инженер мэргэжилтэй. Одоохондоо нялх хүүхдээ хараад гэртээ. Бага охин маань олимпийн өмнө төрсөн юм. Аавдаа олимпийн медаль аваад ирсэн гээд их бэлгэшээдэг. Би ихэнх хугацаагаа спортод зориулсан хүн. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Харин олимпоос ирснээс хойш хүүхдээсээ алхам ч холдсонгүй. Одоо гэр бүлдээ их цаг зарцуулна гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж бэлтгэл сургуулнлалтаа хаяхгүй.
-Олимпоос медаль авснаас хойш амьдрал өөрчлөгдсөн байх. Өмнө нь яаж амьдарч байв?
-Өмнө нь залуу гэр бүлийн нэгэн адил байр түрээслээд амьдардаг байлаа. 2014 онд Инчоны Азийн наадамд явахын өмнө найман хувийн зээлд хамрагдаж байртай болсон. Байрны зээлтэй гээд сая олимпоор баахан яригдсан шүү дээ. Азийн наадмын аварга болсны дараа амьдрал маань жаахан ч гэсэн дээшилсэн. Харин Риогийн олимпоос ирэхэд “АПУ” ХК маань байр өглөө. Бас “Хилчин” спорт хороо болон Дорнод аймгийнхан маань байраар мялаасан. Хүн хичээвэл амжилтад хүрдэг юм. Амжилтыг дагаж амьдрал сайхан болдог л юм байна. Олон жил уйгагүй хичээснийх амьдрал маань сайхан боллоо. Одоо энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлээ илүү сайн хийж, олон тэмцээнд баярлуулахыг хүсэж байна. Тамирчин бид чинь тэмцээнд амжилттай оролцож байж л энэ хүмүүсийн ачийг хариулна шүү дээ.
-Гавьяат тамирчин Н.Баярсайхан Барселоны олимпоос ирчихээд “Би 27 хүрч, хөгшрөх талдаа орсон хойноо медаль авлаа” гэж байсан. Харин таны хувьд бүр 28-тайдаа олимпийн медальтан болов уу?
-Би 1988 оны нэгдүгээр сард төрсөн. Тиймээс бараг л 29 хүрэх дөхсөн үедээ медаль авлаа. Гэхдээ нас бол зүгээр л тоо шүү дээ. Бэлтгэл сайтай байхад хэнийг ч хожиж болно. Сая би олимпод 22,23-тай залуу тамирчидтай тоглосон. Тэгэхэд миний цохилтын хурд, хүч тэднээс хамаагүй илүү байсан. Ер нь бэлтгэл сургуулилалтаас л бүх зүйл шалтгаална.
-Токиогийн олимп санаанд чинь багтаж байна уу. Тэр болтол тулалдах уу?
-Ямар ч байсан 2017 оныг харья. Хэрэв ДАШТ-ээс медаль авчихвал цаашаа Токиогийн олимпийг зорино. Ер нь ирэх жил дэлхийгээс заавал медаль авна гэсэн зорилго тавьсан. Тиймээс 2020 он хүртэл боксоор хичээллэх байх аа.
-Олимпийн медальтан хүн хүссэн хүсээгүй олны анхаарлын төвд орчихдог. Тиймээс биеэ авч явахаас эхлээд ил үү их үүрэг, хариуцлага ирдэг байх. Ийм байдал мэдрэгдэж байна уу?
-Тиймэрхүү юм мэдрэгдэнэ ээ. Биеэ зөв авч яваад, хүнтэй зөв сайхан харьцаж байж бусдын хүндлэлийг хүлээнэ. Бид нар хийж байгаа үйлдлээрээ залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэх учиртай. Тиймээс биеэ авч явах байдалдаа анхаарах хэрэгтэй.
-Өмнө нь бөх, хөнгөн атлетикаар хичээллэж байсан гэлээ. Өөр спортоор хичээллэсэн суурь боксын амжилтад нөлөөлсөн үү?
-Ер нь ямар ч спортын тамирчин нөгөө спорт руугаа хөрвөхөд дөхөм байдаг болов уу гэж боддог. Би анх боксоор хичээллэж эхлэхэд Төмөрөө багш маш сайн таньж авсан л даа. Жаахан хүүхэд байхад л “2008 оны олимпод оролцох тамирчин” гэдэг байсан. Шигшээ багт ирээд мундаг дасгалжуулагч нарын удирдлага дор ур чадвар маань жилээс жилд өссөөр ирлээ.
-Тамирчны нас хязгаартай. Хэзээ нэгэн цагт зодог тайлна. Тэр үедээ юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Би Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин хүн. Тиймээс яваандаа хилийн цэрэгт ажиллах байх. Одоо бэлтгэлээ хийхийн хажуугаар МУБИС-ийн дасгалжуулагч, мэргэжилтний сургуульд сурч байна. Бас “Зохиомж” дээд сургуульд гаалийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалах гэж байгаа. Ямар ч байсан завсар зайгаар нь сурч боловсроод явж байна. Спортоо орхих үед сургуулиа ч төгсчих байх. Тухайн үед аль чиглэлээр явахаа шийднэ дээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан
@bayarsaikhanZGM
[ЗГМ]
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ENE ZUGEER L MEDREI MUTAIU HUN TA NAR ENENII SETGETIIG HSALGUUL. TE TE GEED BALAI YUM YRIDAG HALTAR HUU