Нас барагсдын тэтгэвэрээр туйлсан нөхдийг дахин шалгуулъя
-Уг хэргийг өргөн цар хүрээнд шалгахын тулд хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч энэ нь үр дүнд хүрээгүй гэсэн үг-
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан ч энэ хэргийг прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон. Уг нь тухайн үед нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан. Нас барсан 10 мянга гаруй иргэний нэрээр улсаас мөнгө завшсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байсныг нь илрүүлсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлж байсан.
Угтаа бол уг хэргийг өргөн цар хүрээнд шалгахын тулд хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч энэ нь үр дүнд хүрээгүй гэсэн үг. Хууль хяналтын байгууллагаас энэ асуудлын талаар олонтаа мэдээлэж хийж байсан учраас дахин нурших нь илүүц байх.
Мөрдөн байцаагчдын 10 сарын хөдөлмөр үр дүнгүй болсон
Хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман ийнхүү ярьж байсан юм. Тэрбээр “Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа.
Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьж байсан юм.
Уг нь мөрдөгчид нойр хоолоо умартан байж хэн гэдэг албан тушаалтан хэдий хэрийн хэмжээний мөнгийг хувьдаа завшсан бэ гэдгийг илрүүлэн тогтоосон ч хуулийн гоё хэллэг болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үгийг хэрэглэж хэргийг нь хаасан гэсэн үг.
Бүр тодруулбал эзэн холбогдогчид нь тогтоогдож хэн гэгч албан тушаалтан хэдийн хэрийн хэмжээний мөнгө завшсан гэдгийг нь мэдсээр байж хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хэргийг хаасан нь хэний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх болов оо гэсэн хар төрж буйг нуух юун.
Нийгмийн даатгалын санд маш том шалгалт оруулахаар болжээ
Хэдийгээр энэ асуудал тухайн үед засгийн эрхийг барьж байсан АН-ын үед болсон ч гэлээ одоогийн засгийн газар Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө болон уг асуудлыг хууль хяналтын байгуулагаар шалгуулахаар болжээ.
Тухайлбал, уржигдар болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бага байгаа. Тиймээс тус санд нэгдсэн том шалгалт хийхээр болсон тухайгаа хэлээд зогсохгүй энэ бол зөвхөн эхлэл гэдгийг тус хурал дээр хэлж байсан юм.
Түүнчлэн талийгаачдын мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хуулийн байгууллагаар шалгуулж хэн гэгч этгээд хэчнээн тэрбум төгрөг завшсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосноор улс хэдэн тэрбум төгрөгөөр хохирсон бэ гэх зэргээр хандах гэж байгаа гэж эх сурвалж хэлж байв. Тэгэхээр хэрэг хуучирдаггүй гэж үгийг Монголчууд зүгээр ч нэг хэлдэггүй. Таагүй үйл хийсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт балаг нь дагаж ирдэг. Ямартай ч талийгаачдын мөнгийг хувьдаа завшсан Нийгмийн даатгалын албан тушаалтнууд хэн байсан бэ гэдэг нь удахгүй ил болох бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
манайханы ес зүй хир хэмжээнээс хэтэрсэн дэндүү шунаг сувдаг увайгүй байх юм даа Үүнийг уншиж үзээд л энэ тухай бичих боллоо Миний нөхөр 1995 онд нас барсан юм Би хүнтэй 5 жилийн дараа хүнтэй суусан Сая 2010 оны хавьд нас барсан тухай баримт Иргэний бүртгэл мэдээлэлийн төвөөс шүүлгэсэн чинь талийгаачийн маань нэр хасагдаагүй байсан .Надад их эвгүй санагдсан Өнгөрсөн хүний нэрийг хасалгүйгээр мөнгө аваад байсан юм биш бга гэж эвгүй бодол сүүлийн мэдээлэлээс үндэслэн санагдах боллоо . Арай ч ингэж болохгүй шдээ Мөнгө завшсан хүмүүс зохих шиитгэлээ авч торны цаана орох ёстой. Би хүний мууд дуртайдаа биш ёс зүйгээ алдсан хүнэнцэрүүдийг үйлийн үрээ эдлээсэй гэж бодож бна Шудрага ес хаана бна даа Хамгийн бохир заваан идсэн уусан явдал төрийн байгууллагад л үүрлэж байна Чоно үүрэндээ өлзийтэй гэж ,аймаар жигшмээр юм ,яаж чадаж бна даа Жудаггүй байдал хирээс хэтэрч бна шдээ Төрийн хяналт хаана бна ,хувааж идэхийн тулд,өөрийнхөө булхайг дарахын тулд хяналт хийхээ больчихсон юм уу