“Huawei” компани монголчуудын эрүүл мэндийн мэдээллийн санг агуулсан дата баазыг Бээжинд байрлуулна гэж зүтгэжээ

1479172750582a628ee480bМонгол хүний эрүүл мэндтэй холбоотой, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсээд буй талаар бид өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр мэдээлж байсан. Тодруулбал, 2012 онд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын ЗГ-т олгох экспортын зээл авахаар болсон. Уг экспортын зээл хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нийт 7 төсөл  багтсан байсан юм.

Эдгээр төслүүдийн нэг нь өнөөдөр асуудал болон “босч” ирээд буй “Цахим эрүүл мэнд” хөтөлбөр билээ. Уг хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлж эхлэхийн тулд Хятадууд анх 19,6 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнийгээ 18.95 сая ам.доллар болгон өөрчилжээ.

Эдгээр төслүүдийн нэг нь өнөөдөр асуудал болон “босч” ирээд буй “Цахим эрүүл мэнд” хөтөлбөр билээ. Уг хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлж эхлэхийн тулд Хятадууд анх 19,6 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнийгээ 18.95 сая ам.доллар болгон өөрчилжээ.

Ингээд хятадын тал зээлийн асуудлыг хариуцаж байгаа учраас дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын тендер зарласан байдаг. Уг тендерт нь “Haier”, “Huawei”, “ZТЕ” гурван компани оролцсон байдаг. Гэвч дээрх гурван компани нь гурвуулаа Хятадын төрийн өмчит компаниуд юм. Ингээд олон улсын тендер гэх нэртэй уг тендерээс “Huawei” шалгарсан байдаг. Ялалт байгуулсан “Huawei” компани манай улсын эрүүл мэндийн хамгийн чухал мэдээ мэдээллийг агуулсан бүх иргэдийн хувийн мэдээллийг агуулсан эрүүл мэндийн мэдээллийн санг “гартаа” атгахаар болов. Тодруулбал, тус компани нь манай улсын анхан шатны 318 байгууллагаас гадна бүх төрөлжсөн мэргэжлийн төв, төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болох 48 том эмнэлэгт 7 мянган компюьтер нийлүүлэх болон програм хангамжийг нийлүүлэхээр болсон түүхтэй. Харин үүнийг манай зарим учир мэдэх хүмүүс ихээхэн эсэргүүцэж байв.

Улмаар тэдний дуу хоолой тухайн үеийн Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хүрсэн юм. Ерөнхий сайд Хятадын талтай байгуулсан хатуу гэрээнд “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн програм хангамжийг бүрэлдэхүүн хэсгийг дотоодын компаниар гүйцэтгүүлэхийг хариуцсан яаманд даалгажээ. Гэвч Шинэчлэлийн засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг тэргүүтэй шинэ засаг гарч ирсэнээр дээр асуудал замхарч манай талаас тавьсан шаардлагын дагуу Хятадын “Huawei” компани програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгийг хийлгэхээр сонгон шалгаруулалт явуулсан гэдэг. Гэвч шалгарсан гэгдээд буй “Метронетворкс” ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл одоо болтол байдаггүй. Шалгарсан ”Метронетворкс” ХХК нь Дарханд ажиллаж байсан гэдэг бөгөөд  2015 оны 1 дүгээр сард эзэд нь өөрчлөгдөж үүнээсээ ердөө 3 сарын дараа Монгол Улсын эрүүл мэндийн мэдээллийн сангийн програм хангамжийг хийх туслан гүйцэтгэгчээр шалгарав. Түүгээр ч барахгүй 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Mон-айти” компанид ажиллаж  байсан Э. Гантулга тэргүүтэй 3-5 залуус ажлаасаа гарч дээрх компанид орсон байдаг.

Ингээд БНХАУ-аас авч буй хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх гэж буй “Цахим эрүүл мэнд төсөл”-ийг дэлхийд зартай “Huawei” хэрэгжүүлэхээр болж, уг том төслийн туслан гүйцэтгэгчээр нь байгууллагдаад жил ч болоогүй газар сонгогдов. Үүсч бий болсон түүх нь хүртэл хардлага дагуулмаар. Мөн Э.Гантулга гэгч нь ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын авилгын хэрэгтэй нэр холбогддог.

Энэ мэтээр “Цахим эрүүл мэнд төсөл” араасаа хэл ам хардлага дагуулсан хэвээр байна.

Тэгвэл эх сурвалжуудын бидэнд өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр “Huawei” буюу Хятадын талынхан манай иргэдийн мэдээллийн сан бүхий дата баазыг Бээжинд байрлуулна хэмээн нэлээн зүтгэсэн байна. Харин үүнийг нь манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Яах гэж тэд бидний мэдээллийг сонирхож байна вэ. Ямар шалтгаанаар дата баазыг өөрийн улсдаа байрлуулахаар зүтгэнэ вэ гэдэг өөрөө сонирхолтой. ”Цахим эрүүл мэнд” төслийн програм хангамж нь Монгол Улсын иргэдийн болон өвчлөлийн цахим мэдээллийн сангаас бүрддэг бөгөөд нууцлал өндөртэй байх ёстой хувь хүний овог нэр, регитрийн дугаар, утас, е-мэйл хаяг, эмчид үзүүлж тавигдсан онош, хэрэглэдэг эм тариа, хийлгэсэн шинжилгээнүүд, рентген болон дүрст оншилгооны зурагнууд, хэвтэн эмчлүүлсэн түүх, хийлгэсэн мэс ажилбарууд, биеийн байдлын үнэлгээ зэрэг эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллүүдээс гадна гэр бүлийн мэдээллийг хадгалсан байдаг. Эдгээр мэдээлэл нь эмнэлгүүдэд нэгтгэгдэн улсын эрүүл мэндийн мэдээллийн сан болдог.

Ер нь Хятадын талаар хийлгэвэл дата бааз нь Монголд ч байсан, Хятадад байсан ч огт ялгаагүй. Хятад шиг техник технологи өндөр хөгжсөн улсад энэ мэт мэдээллийг өөрийн болгох үнэндээ асуудал биш. Хөөцөлдөж байгаад дата баазыг нь Монголд байгууллаа ч гэсэн тэд авахыг хүсвэл авах л болно гэдгийг анхаарах биз ээ. Энэ бол улстөржих сэдэв биш. Улс нийтээрээ нэгдэх сэдэв юм.

Б.Анир  /ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих