Аминд халтай “гоё шал” буюу гялгар хавтангийн зовлон

11-14-7_700x700Хотын төвд хоёр зээрдээрээ чөлөөтэй явж чадахаа байлаа. Хайрга, чулуугаа далдлаад, хаа сайгүй гялгар хавтангаар өнгөлчихсөн  болохоор  хотын төвийн  гял цал “шалан дээр” халтирч унаад, хөл гараа хугалчих гээд нэг л явж бүтдэггүй.  Хөлөө чирч, холхиж явсаар өвлийн хүйтэнд хөшиж үхэх нь.  Хүүхэд, хөгшид  гэлтгүй хүн бүр л ийм дүр төрхтэй явна. Дарга нар дандаа машинтай явдаг болохоор мэддэггүй байх.  Амьдрах гэж ядаж яваа болохоор мань мэт нь  ая эвийг нь олох гэж ядаж  яваа нь энэ байх.

Нийслэлийн удирдлагууд сүүлийн хэдэн жил хотын төвөө гоё, ганган болгох гээд их л хичээж буй. Хийж, хэрэгжүүлсэн зүйлсийнх нь  нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа нэгээхэн хэсэг нь явган хүний зам.  Жил бүр  манайхан зам засварын ажилд багагүй хэмжээний мөнгө зардаг.  Эргэн төлөгдөх нөхцөл,  гадаадын зээл тусламж, улсын болон нийслэлийн төсөв гэсэн дөрвөн төрлийн санхүүжилтээр зам барилгын ажлыг хийдэг. Үүн дээр замын сангийн хөрөнгө  бас нэмэгдэнэ гэж тооцоолохоор бас л  чамгүй  мөнгө зарцуулдаг байх. Тэгвэл  хотын төвийн хэдэн замаа шил толь шиг чулуун хавтангаар  “гоёхдоо” өвөл яах бол гэдгийг яагаад  бодолцдоггүй юм бэ. Хөрөнгө мөнгө зарж болно. Гэхдээ  хүний хэрэгцээнд тохирох уу, үгүй юу гэдгийг тунгааж бас болмоор санагдах юм. Урд хөршөөс орж ирдэг гэх энэ гялгар хавтангууд энд тэндэхийн төслөөр орж ирэхдээ хэн нэгний халаасийг түнтийлгэдэг гэдэг. Сүүлдээ манайхан дуурайгаад өөрсдөө баахан хэв аваад цутгадаг, хоёр гурваараа нийлээд хашаа хороондоо хүртэл ийм гялгар цемэнтэн шалыг хийдэг болчихсон.  Дарга, цэрэг солигдох бүрийд тавьсан замаа хуулаад, дахиад шинийг тавьдаг манай нийслэлд  дандаа ийм гялгар шал тавих нь  хотын хөгжилд нэмэртэй ч, хувь хүндээ халтай юм.

Зуны цагт борооны ус туначихаад, өвлийн цагт цас мөс нь гялтайж хөлдчихөөд…Энэ гялгар хавтан монголчууд бидэнд огт  тохирохгүй эд юм аа. Харахад үзэмжтэй ч, явахад эрсдэлтэй юм. Олон хүн энэ шалнаас болж, гэмтэж бэртэж, хөл гараа хугалж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Тоог нь хэлэхэд ч бэрх.  Гэмтлийн эмнэлэгт гэр, ажил хоёрын  хооронд гэлдэрч яваад унаж, бэртсэн, ууц нуруугаа гэмтээсэн, хальтирч унаад хөл гараа хугалсан  хүн цөөнгүй ирж байна. Ялангуяа, халтиргаа гулгаа ихэсдэг энэ улиралд хүүхдүүд осолд орох нь элбэг. Он гарсаар бэртэж, гэмтсэн хүний тоо цөөнгүй сонсогдож байна. Ялангуяа, хүйтэн сэрүүний улиралд, хөхөө өвлийн эхэнд энэ шалнаас болж, сургууль гэр хоёрын  хооронд хүүхдээ зөөсөн, хичээлдээ  явж байгаад гэмтсэн хүүхэд багачууд цөөнгүй байна.  Тиймээс хотын дарга та  жил бүрийн өдийд  цас мөсөө цэвэрлэх цавчуур бэлтгэж,  замын халтиргаа гулгаанд өч төчнөөн хөрөнгө мөнгө зарж, давс элс цацаж байхын оронд ирэх зун энэ бүх гялтгар шалаа хуулж хаяаад, дотоодын үйлдвэрлэлээ дэмжвэл яасан юм бэ.

Оронд нь өвөл хальтирдаггүй, өөр чулуун боржингоор шал хийвэл цас тогтсон ч халтирах нь бага юм билээ. Магадгүй та эргэлзэж байвал маргааш Сүхбаатарын талбай дээгүүр яваад нэг үзээрэй. Төв талбайн ногоон шал хальтирдаг, хальтирдаггүй гэсэн хоёр онцлогтой.  Гялтгар ногоон эмжээр нь тархи толгой хага савах шахна. Харин арай бараан боржин чулуу нь гутлын улнаас “зуурч үлдэнэ”.  Энэ их цаснаар  аминд халтай “гоё шал”-наас айж явах бас багагүй стресстүүлэх нь бололтой.  Одоо удахгүй идэр есийн хүйтэн эхэлхэд   хэдхэн хоног үлдээд байна. Өдөр бүр шахуу л цас хялмаалж, жавар тачигнаж байна. Энэ үед  өнөөх буруу бодлогоор явж буй хотын хөгжил, бусдад сайхан харагдуулах гэж хийсэн явган хүний зам бүр ч их эрсэл дагуулж мэдэхээр байна.

Ирэх өдрүүдэд бүх нутгаар хүйтний эрч чангарч,  ихэнх нутгаар цас орно гэж байна. Энэ өдрүүдэд халтиргаа гулгаа болон хөлдөж осгохоос болгоомжил гэж Онцгой байдлын ерөнхий газраас хүртэл анхааруулж  байна. Эрхэм хотын дарга, нийслэлийн удирдлагууд  давс элсээ цацахад бэлдээд,  дараа жил өдийд хальтирч унах аюулаас биднийг авраач.

 

 

Б.ЭНХТУУЛ 

ЗУУНЫ МЭДЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих