Б.Түвдэндорж аваргыг хүндэтгэж 256 бөх барилдана
Мөн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Домогт аварга Б.Түвдэндорж” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эргэл хайрханы домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ. Сонирхуулахад Б.Түвдэндорж 1939 оны улсын их баяр наадамд анх барилдсан жилээ 512 бөхөөс “Урт гарт” гэж алдаршсан алдарт Маамын Лхагва арсланг өвдөг шороодуулан түрүүлж, шууд улсын арслан цол хүртсэн түүхтэй. Түүний энэ амжилтыг Ардын хувьсгалын он жилүүдэд шинэчлээгүй байгаа юм. Харин Б.Түвдэндорж аваргаас хойш улсын цолгүй байхдаа төрийн их баяр наадамд С.Оргодол, П.Бүрэнтөгс нар түрүүлсэн хэдий ч 23 насандаа анх түрүү хүртсэн амжилтыг нь эвдэж чадаагүй юм. Улсын баяр наадамд долоо түрүүлж, хоёр үзүүрлэсэн домогт аваргын хувийн шавь нараас үндэсний бөхийн аварга гурав, самбо бөхийн дэлхийн хошой аварга хоёр, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт 10 гаруй тамирчин төрөн гарсан байдаг тухай түүний охин Т.Отгончулуун мөн өгүүлсэн удаатай.
URL: