УИХ-ын гишүүн С.Жавхлан телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаараа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр /2016.11.11/ Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростек” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлаар телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцоно уу гэж зайлшгүй үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, үйлдвэрийн 49 хувийг авсан гэх хүмүүст урилга хүргүүллээ. Өмнөх Засгийн газрын тэргүүн, гишүүд зэрэг хүмүүсийг санаачилгаараа ирэх болов уу гэж бодож байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны 21.00 цагт эдгээр хүмүүстэй болзоо тогтоож байна. УИХ-ын гишүүн, ард түмний төлөөллийн хувьд ийм санаачилга гаргаж, үүнийгээ ажил хэрэг болгохоор явж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хийсэн мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: