Паул Кокс: Монголчууд ядуу хэрнээ бардам хүмүүс
Гэрэл зурагчин Паул Кокс 2014 оноос хойш Монголын алслагдмал дүүрэг дэх иргэдийн амьдралын хөргийг гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Түүнийг анх Чингэлтэй дүүрэгт зураг авахад оршин суугчид таагүй хандаж, багагүй асуудалтай тулгарсан ч, нэгэн хүмүүнлэгийн байгууллагатай холбогдсоноор монголчуудын өдөр тутмын амьдралын чухал мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгах завшаан тохиолджээ. Тэрээр Улаанбаатар хотод ажилласан гэрэл зургийн цомгоо “Red Hero 3” хэмээн нэрийдэж, Хонконгт туурвисан байна.
- Гэрэл зураг авахаар яагаад заавал Монголыг сонгосон юм бэ?
- Өмнө нь хамтран ажиллаж байсан найз маань намайг Монголд очиж, гэрэл зураг авахыг урьсан юм. Анх Монголд газардахад үнэндээ намайг ямар газар угтаж буй тухай ямар ч бодол, төсөөлөл байгаагүй. Жуулчид ихэнхдээ хөдөө явахыг илүүд үздэг бол би хот доторхи зураглалыг буулгахаар шийдсэн.
- Та очсон анхны сэтгэгдлээ хуваалцаач?
- Миний аялал такси барихаас эхэлсэн. Хэл нэвтрэлцэхгүй тул очих газраа хүрэх үедээ “Stop!” гэж орилон, зураг авч байлаа. Надад аяллын төлөвлөгөө, явах маршрут гэх зүйл байгаагүй л дээ. Удалгүй би “Цолмон ирээдүй” байгууллагынхантай танилцсанаар надад нутгийн иргэдийн хэрхэн амьдардаг тухай нэгэн шинэ ертөнцийг нээж өгсөн юм.
- Монголын жижиг, буурай суурин газруудад аялсан туршлагаасаа хуваалцаач?
- Тэд 20 хэмийн хүйтэнд, өнөөг хүртэл дэд бүтцэд холбогдоогүй орчинд амьдарч байна. Цэвэр усаа 100 метрийн цаадахь худгаас зөөж хэрэглэдэг. Дэд бүтцэд хангалттай холбогдож чадаагүйгээс угаалгын өрөө, бие засах өрөө гэж үгүй. Ихэнхдээ “Гэр” гэж нэрлэгддэг жижиг сууцанд, бохир зам, талбайгаар хүрээлүүлэн амьдардаг юм билээ.
Монголчуудтай танилцаад үзэхэд маш сайхан хүмүүс гэдгийг мэдэж авна. Гэхдээ гадныханд маш аюултай газар гэдгийг мэдэрсэн. Камерын дурангаас гадна маш олон асуудал, хэрүүл маргааныг би туулсан. Дэлгүүр, захуудаар явахад монголчуудын сонжсон, сэжиглэсэн харцтай байнга тулгарахаас гадна зарим нь бүр намайг чичилж, гар хүрэхийг оролдож байсан.
Монголын хотуудад ажилгүйдлийн түвшин маш өндөр. Намайг гадаад хүн гэдэг утгаар маш баян, хөрөнгөтэй хүн гэж монголчууд хүлээж авч байсан. Хүмүүс нь ядуу буурай, хүнд нөхцөлд амьдардаг ч маш бардам. Хүнд муугаа үзүүлэхийг хүсдэггүй тэдний зургийг авах их хүнд байсан.
- Та яагаад тэдний зургийг авахыг чухалчилсан юм бэ?
- Би Монголын тухай хүмүүсийн харсан нэгэн хэвийн дүр зургийг өөрчлөхийг хүссэн. Хүмүүс ихэвчлэн хөдөө орон нутгийн байгалийн сайхныг, бүргэд, хөдөө тал хээр, цөл зэргийн зургийг авдаг. Харин би өөр дүр зураг гаргаж ирэхийг зорьсон юм.
- Монголын хот, хөдөөгийн ялгааны тухай яриач?
- Хотууд нь гадаад зурагчдад их дургүй, таатай ханддаггүй байхад хөдөө орон нутгийн хүмүүс миний амьдралдаа уулзаж байсан хамгийн нөхөрсөг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс байлаа. Хотод оршин суугчид хүн хүнээ гэх сэтгэл, олон зүйлээ алдсан мэт санагдсан. Харин нүүдэлчид тэднээс огт өөр. Хотод архидалт ердийн үзэгдэл болж, ажилгүйдлийн түвшин нь 60 хувьд хүрсэн. Энэ нь нэгнийгээ байнга хардаж сэжиглэж, чичдэг, байнга уурлаж бухимддаг нийгмийн дүр зургийг бий болгож байна.
- Танд төгс, сайхан зураг авахын тулд ямар нэг бэрхшээл, сорилт тулгарч байв уу?
Зургаадугаар сарын зуны нэгэн өдөр цаатан хүмүүсийн зургийг авахаар Сибирь рүү хил гарахаар болж, замдаа гарсан юм. Энгүй өргөн уудам, зах хязгаар нь үл мэдэгдэх тэр зам их донсолгоотой, бартаатай байсны дээр Google газрын зураг дээр харагддаггүй газар байсан нь тодхон санагдаж байна. Замд машин эвдэрснээс цаашид явах боломжгүй болж, өөр унаа хэрэгтэй болсон. Яг тэр үед гэнэтхэн цас орсон нь маш гайхалтай санагдаж, үнэхээр гайхашруулсан үйл явдал болж байлаа. Монголд байсан цаг хугацаанд бүх зүйл тааварлашгүй, гэнэтийн байсан.
- Та Монголд очсон зургуудаараа үзэсгэлэн гаргасан тухай сонссон. Үзэсгэлэнд хамгийн ихээр онцолсон зургаа сонирхуулаач?
- Зураг авч яваад нэгэн айлд зочлохдоо тоглож буй бяцхан хүүг харсан юм. Гадны хүн гэж айж мэгдэлгүй, хүүхдийн цагаахан харцаар над руу харах хүүгээс орчлонгийн баяр баясгаланг мэдрэх шиг болсон. Хүүгийн гэр бүлтэй ярилцахад эцэг эх нь хүүгийнхээ татах өвчинтэй удаан хугацаанд тэмцэж, чадах ядахаараа хичээж байгааг нь мэдэж авсан.
Хүүгийн ард өлгөсөн чонын зурагтай хивс нь гэрийн жаврыг үргээж, айл гэрийг дулаан байлгах, гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэгддэг юм билээ.
Чоно бол Монголын уламжлал, соёлыг илэрхийлэгч чухал бэлгэ тэмдэг хэмээн нутгийнхан ихээр бэлгэшээдэг. Миний хувьд Монголд очсон нь бас нэгэн өөр цоо шинэ ертөнцийг өөрийнхөө хувьд нээсэн явдал болсон.
Ярилцсанд баярлалаа.
Паул Коксын Улаанбаатар хотод ажиллах үеэрээ авсан гэрэл зургууд:
URL: