Хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцаад, амь насыг нь хохироожээ

1201611091478704647Улс төрийн сонгуулийн үеэр гэмт хэргийн гаралт эрс ихэсдэгийг хууль шүүхийн байгууллагаас тухай бүр мэдээллэдэг. Энэ жилийн аймаг, дүүргийн ИХТ-ын сонгуулийн үеэр эрүүгийн хэргийн улмаас найман тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч, орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд 159 гомдол санал ирснээс 140 хэргийг шийдвэрлэсэн хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллэсэн билээ.

Сонгуулийн үеэр гарч буй ихэнхи гэмт хэргийн шалтгаан нь нэр дэвшигчдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотойг хуулийн байгууллагаас хүлээн зөвшөөрдөг. Нэр дэвшигчид сонгогчдод мөнгө болон архи согтууруулах ундаа тарааснаар иргэдийг улс төржүүлж нам, итгэл үнэмшлээр нь талцуулаад зогсохгүй аймшигт хэрэг үйлдэх сэдэл өгч байна.

Саяхны нэгэн жишээ дурдвал, өнгөрөгч аравдугаар сарын 19-нд болсон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үеэр Завхан аймгийн Яруу суманд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, Яруу сумын Жаргалант багийн нутагт намаржиж байсан айлын хүргэн Б гэгч сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хадам аав, ээжийгээ хутгалж хөнөөжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа Б нь ойролцоох уул руу гарч амиа хорлохыг завдан өөрийгөө буудаж гэмтээсэн байна. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж, мөрдөн байцаалтын явцад хадам аав ээжийгээ хөнөөсөн Б гэгч нас баржээ.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч уг хэргийн сэжигтэн нас барсан учир хавтаст хэргийг хааж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллэв.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гурван хүний амь насыг авч одсон энэхүү аймшигт хэргийн гол шалтгаан нь орон нутгийн сонгууль байсан гэх. Учир нь Б гэгч нь хэрэг гардаг өдөр улс төрийн намын нэр бүхий нэр дэвшигчийн тараасан архийг уучихаад гэртээ харьжээ. Улмаар хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцсаны эцэст сэжигтэн Б нь 60 гаруй насны хадам эцэг эхээ зэрлэгээр хөнөөжээ.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар, сэжигтэн Б нь Яруу сумын уугуул, төлөв томоотой малчин нэгэн байсан. Сүүлийн жилүүдэд сумын төвд мэр сэр архи уусан явж харагддаг байсан ч хүмүүстэй муудалцаж агсам согтуу тавьж байхыг харсан хүн бараг үгүй хэмээв.

                                          -НАМЫН ГИШҮҮН АРХИ ТАРААГААД, УУСАН ХҮН НЬ ХҮН АЛЧИХЛАА-

Яруу сумын Жаргалант багийн иргэн Д-гээс болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-Танай суманд гарсан хүн амины хэргийг орон нутгийн сонгуультай холбоотой гэж хүмүүс ярьж байна? Танд дуулж мэдсэн зүйл байна уу?

-Манайх энэ багт шилжиж ирээд удаагүй байна. Өмнө нь Хэц-Улаан багт амьдарч байсан юм. Өнгөрдөг сонгуулийн өдөр л хойд хорооллын залуу хадам эх, эцгээ алчихсан гэж дуулдсан. Сумынхны ярьж байгаагаар Б архи уучихаад гэртээ агсам согтуу тавьсан юм гэсэн. Хадам аавынхаа дэмждэг намыг муучилж агсраад, хоёуланг нь хутгалчихаад гараад явчихсан байсан гэсэн. Өөрийгөө сүүлд буудаад, нас барчихсан. Одоо эхнэр хүүхдэд нь л хэцүүхэн байгаа байх.

-Сонгуулийн өдөр архи худалдаалахыг хориглосон байдаг. Харин Б-гийн уусан архийг сонгуульд нэр дэвшигч тараасан гэж байсан?

-Манай суманд архи зардаг тоотой хэдхэн дэлгүүр байдаг. Миний мэдэхээр тэр дэлгүүрүүд ажиллаагүй. Сумын цагдаа ч дэлгүүрүүдийг хянаж байсан. Энэ хүмүүс бол нэр дэвшигчид л архи тараасан гэж ярьж байна лээ. Тэр өдөр архи зардаггүй гэхэд олон согтуу хүн харагдсан. Миний мэдэх хэдэн хүн ч мөн тараасан архинаас уусан гэж ярихыг сонссон.

-Аль намын нэр дэвшигч сонгогчдод архи тараасан талаар ямар нэг мэдээлэл байна уу?

-Чухам аль намын хэн гэдэг нэр дэвшигч тараасныг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч сумын намын хороод энэ хэргийн талаар ярихгүй байхыг сануулсан гэж сонссон.  Бодвол тэр намын гишүүн архи тараагаад архийг нь уусан хүн нь хүн алаад өөрөө үхчихлээ гээд буруутчих вий гэж болгоомжилж байгаа байх. Хэн ч байсан тэгэх л байх.

Ийнхүү болж өнгөрсөн хүн амины онц ноцтой хэргийн шалтгаан нь сонгуультай холбогдож байгаа хэдий ч хэргийн сэжигтэн нас барсан учир хавтаст хэрэг хаагдах болсноор эмнэнэлт түүх дуусч байна. Гэтэл үүний ард хэн нэг нэр дэвшигчийн хууль бус үйлдэл ямар ч хариуцлага хүлээгүй үлдэж хоцорч байгаа нь анхаарал татаж буй юм. Хуулийн байгууллагын зарим эх сурвалжийн хэлснээр, энэ хэрэг яах аргагүй сонгууль ялангуяа нам хоорондын ашиг сонирхлын асуудалтай тулгарч буйгаа учир хаа хаанаа хэргийг цааш дэлгэрүүлэх сонирхолгүй байгааг хэлэв.

amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих