Р.Амаржаргал: Энэ бол Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дунд дэгдсэн эрчүүдийн маргаан биш шүү

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг “Ярилцах танхим”-даа урилаа.
- Н.Алтанхуягийнхан ба З.Энхболдынхны хооронд дэгдсэн эрх мэдлийн төлөөх тулаан Ардчилсан намыг юу болгож орхив оо. Эцсийн дүнд энэ хоёр эрхмийн эрх ашиг л тод харагдаад байгаа юм биш үү. Тус намын лидерийн хувьд та үйл явдлыг ямар өнцгөөс харж байна вэ?
- Ямар ч өнцгөөс харж болно л доо. ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудлыг ярихгүй бол хүмүүс гайхах биз. Энэ тухай өмнө нь байнга л ярьцгааж байсан. Тиймээс нэг их гайхаж, цочирдоод байх зүйл биш. Гэхдээ улс төрийн намуудын нийгэмд эзлэх байр суурь ямар байх ёстой вэ, нам гэдэг чухам юу юм бэ, юу хийх ёстой вэ, яаж ажиллах учиртай вэ зэрэг нь өнөөдөр эрэл хайгуулын түвшинд байна уу даа гэж би хардаг. Төр, улс төрийн тогтолцоонд ямар байр суурьтай байхаа намууд тэр болгон тодорхойлж чадахгүй байна. Гэвч бидний сонголт маш тодорхой. “Ардчилсан төрийн тогтолцоотой байна” хэмээн Үндсэн хуульдаа бид тодорхойлчихсон. Түүнийгээ улс төрийн намуудаар дамжуулан хангана гэдгээ ч шийдчихсэн шүү дээ. Гэлээ гээд улс төрийн нам гэдэг ямар байх ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь хариулт нь үгүй маш олон асуулт бий. Тиймээс амьдралд алдах, онох замаар эрэл хайгуул хийж байгаа. Улс төрийн нам сонгуульд ялагдсан тохиолдолд сөрөг хүчин болно гэдэг чухам юу гэсэн үг вэ, сонгуульд ялсан нь эрх баригч хүчин байна гэдэг нь бас юу гэсэн үг юм бэ, эдгээр нь хамтарч ажиллана гэхээр яадаг юм бэ гэхмэтчилэн хамгийн энгийн атлаа нүдэнд харагдаж буй зарим асуудал ойлгомжгүй л байгаа, тийм үү. Гэхдээ Монголд өрнөж буй үйл явдлууд энэ бүхний хариултыг тодорхой хэмжээгээр өгч байна. Иймэрхүү байдлаар явбал болж байна, бас ч гэж урагш явж байна, харин ингэвэл болохоо больчихдог юм байна гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Тэгэхээр улс төрийн намуудын зүгээс төрийн шинэ тогтолцоонд орон зайгаа эзлэх гэсэн асуудал дээр хүмүүс өөр, өөрийн гэсэн байр суурьтай байх гэсэн нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр зарим хүн “Шилжилтийн үе ард хоцорч, бүх юм дуусчихсан” хэмээж, улс төрийн хүрээнд бүх зүйлийг шийдчихсэн мэтээр ярих дуртай боловч шийдэж чадаагүй зүйл зөндөө бий. Би үйл явдлыг ийм л өнцгөөс харж байна.
- Тэгвэл Н.Алтанхуяг, З.Энхболд нар ямар эрэл хайгуул хийж байгаа гэж?
- Нэг зүйлийг онцолж хэлье. Энэ бол Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дунд дэгдсэн эрчүүдийн маргаан биш шүү. Тэдний цаана буй бүлэглэлүүдийн маргаан гэхээсээ илүү төрийн ардчилсан тогтолцоон дахь улс төрийн намуудын үүрэг ямар байх ёстой вэ, цаашид яах ёстойгоо тодорхойлох үйл явц л өрнөж байна.
- Ардчилсан нам дахь фракциудын сөргөлдөөний эцсийн гаргалгаа нь эдийн засгийн ашиг сонирхол шүү дээ. Үүнийг чухам юу гэж тайлбарлах болж байна вэ?
- Би үүнийг эдийн засгийн ашиг сонирхол гэж харахгүй байна. Гэхдээ түвшин, түвшинд нь авч үзвэл янз бүрийн зүйл харагдаж л байгаа. Тухайлбал, улс төрийн намуудын түвшинд намын үүр гэж бий. Энэ нь ямар үүрэгтэй, юу хийдэг, яадаг юм гэдэг нь нэг их тодорхой харагддаггүй. Ер нь “Намын үүр гэж юу вэ” гээд асуухад хэсэг бүлэг хүн нэгдчихсэн байдаг. Гэхдээ намын үүр гэдэг маань Улаанбаатар хотод ямаршуухан янзтай байгаа юм, орон нутагт ямар байгаа билээ. Хөдөөгийн сумдад ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших хүмүүсийг намын үүрийнхэн тодорхойлдог эрх мэдэлтэй байх жишээтэй. Гэтэл энэ нь хотод ямар түвшинд гарч ирж байна вэ. Товчхондоо, намын үүр дүүргийн хэмжээний сонголтыг хийхгүй. Тэгэхээр үүр биш, дүүргийн намын хорооныхон асуудлыг шийдэх ёстой болдог. Ер нь намын үүр гэдэг хорооны даргын талаар шийдвэр гаргах учиртай юм уу. Асуудлыг ингэж тавихдаа хүрвэл хорооны дарга гэдэг институци Монголд хэр чухал үүрэгтэй юм бэ, байх ёстой юу, үгүй юү. Зөвхөн үүнийг шийдэхийн тулд намын үүр байгуулж, ард иргэдээ талцуулчихсан, аль эсвэл нам дотор нь элдэв талцал үүсгэсэн институци байх ёстой юм уу, үгүй юү гэдэг сэдэв ч гарч ирж байна л даа. Аймаг, дүүргийн хэмжээнд авч үзвэл, энэ нь сонгуулийн нэг тойрогтой дүйцдэг. Тэр тусмаа тухайн шатанд намын дарга болсон хүн тодорхой хэмжээний эрх мэдэлтэй болно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг тодруулахад багагүй үүрэг гүйцэтгэх боломж Ардчилсан намын дүрмийн дагуу тэдэнд нээгдчихсэн байх жишээтэй. Харин Ардын намд тийм зүйл байхгүй, дээрээс бүхнийг тодорхойлоод өгчихдөг. Ардчилсан намын хувьд, доороосоо “явдаг” учраас үүрэг, хариуцлага нь нэмэгдчихдэг юм шиг байгаа юм. Үүнийг эдийн засгийн ашиг сонирхол гэж үзэх үү, ер нь үүнтэй холбоотой асуудлууд байдаг уу гэж авч үзвэл нэлээд зүйл гарч ирэх л байх. Тиймээс би Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас өмнөхөн өрнөж буй үйл явцад эдийн засгийн ашиг сонирхол анхдагч болоод байна гэж бодохгүй байна. Гэхдээ яг өнөөгийн мөчлөгөөс шүү.
- Ардчилсан намын зарим төлөөлөл “Манай нам унтаж байна” гэх боллоо. Энэ сарын 19-нд хуралдах ҮЗХ-ны хурлын үеэр та ямар үг хэлэх нь сонирхол татаж байна. Татгалзахгүй бол тэр үеэр илэрхийлэх байр сууриа манай сониноор дамжуулан илэрхийлнэ үү?
- Ардчилсан намын үйл ажиллагаа шүүмжлэл их дагуулж байгаа. Шүүмжилж байгаа хүмүүсийн нэг нь би. Гэхдээ шүүмжлэл бодитой байх ёстой. Аливаа асуудлыг шинэ шатанд гаргахын тулд шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Миний хувьд, зарим зүйлд сэтгэл дундуур байгаа.
- Н.Алтанхуяг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын даргын үүргээ дорвитой гүйцэтгэж чадсан уу?
- ҮЗХ-ны хурал хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Тэр үеэр энэ тухай тодорхой хариултууд өгөх байх.
- Уг нь танай намынхан хамгийн хөдөлгөөнтэй, хэл үг ихтэй нь. Гэвч Ардын намын Удирдах зөвлөл 200 удаа хуралдчихаад байхад танай намын Гүйцэтгэх зөвлөл хоёрхон удаа хуралдсан нь Н.Алтанхуягийг гогодох шалтгаан боллоо. Гэхдээ хуралдахдаа биш, ойлголцохдоо л чухал байх, тийм үү?
- Цөөн удаа хуралдсан нь нуух аргагүй баримт.
- Танайхан үймж, самгардсаар байтал УИХ-ын 2012 оны сонгууль эхэллээ. Тэр цагт эвлэлдэн нэгдэж чадаагүйдээ харамсах юм биш биз?
- Үгүй, тэгээд Ардчилсан намд зарим хүн асуудал гаргаж тавиад түүнийгээ хэлэлцэх нь яахаараа үймсэн, юу гэлээ та?
- Самгардсан
- Самгардсан гэсэн томъёолол руу орчихдог юм бэ. Харин ч ил тод байгаагийн жишээ биш үү. Намынхаа төлөө санаа зовж байгаагийн илрэл бус уу. Ардчилсан нам дахь асуудлыг шийдэх эрэл хайгуул хийсэн хэрэг биш үү.
- “Алтангадас”, Ардчилсан хүчний холбоог хар л даа. МҮДН-ынхан ч тэр. Хувь, хувийнхаа тоглолтыг хийгээд эхэлчихлээ шүү дээ?
- Яагаад байж болдоггүй юм бэ. Тодорхой шалгуур, үнэлэмжээр тэд нэгдэж болно шүү дээ. Коммунист намд л хорьдог болохоос биш манай намд үүнийг хориглосон юм байхгүй. Ямар ч хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад болохгүй гэх зүйлгүй.
- Монголын улс төрд цор ганц байсан АН хэмээх товчлолыг хуучнаар МАХН-ынхан Ардын нам буюу АН болгон хувиргасан. Ажиглагчид эл явдлыг “Ардчилсан намынхан эрх баригчдад далаараа цэвэр тавиуллаа” гэж дүгнэж байна. Харин та үүнийг юу гэж ойлгож байна вэ?
- Би тэгж бодохгүй байна. “МАХН гэдэг нэрээ яагаад өөрчилж байгаа юм бол” гэж саяхан болсон их хурлынх нь үеэр ажиглаж л суулаа. Гэхдээ тодорхой хариулт өгсөнгүй. “Уламжлалаа сэргээж байна” гэж байгаа болохоос биш чухам юу нь болохоо байж, энэ нь яасан юм бэ гэдэг тухайд дорвитой хариулт өгөөгүй. Нэг тийм бөөрөнхийлөөд л чихрийн гоё цаасанд ороож, ороож байгаад л гаргаж тавилаа шүү дээ.
- Таны хувьд, З.Энхболд гишүүнтэй адил “МАХН гэдгээс ганц “Х” үсэг авах гэж хамаг ажил алдууллаа гэх гээд байна уу даа?
- Танд би тодорхой хариуллаа. МАХН гэдэг товчлолын юу нь болохгүй болоод өөрчилсөн юм бэ, түүнээсээ яагаад татгалзсан юм бэ гэдэг тухайд “Арга ч үгүй шүү” гэж ойлгохоор тайлбарыг би л лав сонсоогүй. Ерөнхийдөө “Д.Бодоо, С.Данзангийн үеийн юмыг сэргээж байна” гэсэн биз дээ.
- Хоёр жилийн өмнөх явдлыг эргэн саная. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн дунд таны нэр байсан. Гэвч та тухайн үед “Намын дарга болох амбиц надад бий. Гэхдээ том эрх ашгаа бодох хэрэгтэй” хэмээн хариулж байлаа. Өрсөлдөөний талбараас таныг “холдуулсан” том эрх ашиг тань юу байсан юм бэ?
- Ний нуугүй хэлэхэд, хоёр жилийн өмнө танд юу гэж хэлж байснаа сайн санахгүй байна. Гэхдээ би том эрх ашгийн талаар сая тодорхой хөндлөө. Монгол Улсын хөгжлийг хангахад улс төрийн намууд ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ, тэр тусмаа хариуцлагатай улс төрийн хүчин яаж ажиллах вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Болохгүй, бүтэхгүй байгааг нь шүүмжилчихээр “Чи урагш хөгжихөд чөдөр тушаа болж байна. Хамаг юмыг нурааж байна” гэж үгүйсгэх юм. Шүүмжлэл хэлэлгүй дуугүй явахаар “Аялдан дагалдсан, өвөр, түрийндээ орцгоосон хэдэн юмнууд” гэнэ. Тиймээс хамтарч ажиллана гэдэг чухам хаана юун дээр байх ёстой юм бэ, эрхзүйн ямар актуудаар зохицуулах вэ, сөрөг хүчин нь хэрхэн баталгааждаг юм бэ, түүнийг ямар механизмаар хангах вэ гэдэг нь бас л тодорхойгүй байна шүү дээ. Ер нь янз бүрийн аргаар л үзэж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл, Хүний эрхийн үндэсний комиссын даргын томилгоо байлаа. Том эрх ашгаа бодвол сөрөг хүчний төлөөллийг энэ албанд томилох ёстой байх аа. УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Төсвийн зарлагын дэд хорооны даргаар сөрөг хүчнээс хэн нэгнийг заавал томилох ёстой гэж ярьдаг. Ингэж хуульчилж өгөх, институци болгон хувиргах, өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн сайхан, муухай аашнаасаа болж “Миний хувьд болж байна. Надад таалагдаж байна” гэснээ маргааш нь шал ондоо бодол тээн эсрэгээрээ явчихдаг биш, эрх зүйн хувьд бие даасан институци болдог тогтолцоонд шилжих хэрэгтэй. Тэгээд сөрөг хүчнээ ямар, ямар институциудаар хангах ёстой вэ гэдгээ ч бодолцох нь чухал. Ерөнхий сайд асан С.Баяр анх гарч ирэхдээ “Бид хамтарсан учраас сөрөг хүчин гэж байхгүй шүү” гэж байсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газраас мэдээлэл хийх цагаар Ерөнхий сайд тодорхой сэдвээр мэдээлэл хийдэг. Тэр үед нь сөрөг хүчнийхэн байр сууриа илэрхийлдэг байлаа. Гэтэл С.Баяр үүнийг “Тийм юм байхгүй” гээд байхгүй болгочихсон. Тийм атал бүгд мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрсөн шүү дээ. Үүнийг би маш буруу зүйл болсон гэж үздэг. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэгчлэн сөрөг хүчнийхөн байр сууриа албан ёсоор илэрхийлдэг байх ёстой. Харамсалтай нь тэр институцийн үг хэлэх эрхийг хаагаад л хаячихсан.
- Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, түүний орлогч асан Б.Цэрэнбалтав нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохоос эрхэм гишүүд татгалзсан. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбатыг энэ албанд хэвээр үлдээхээр шийдлээ. Горимын болоод зарчмын хувьд дээрх хүмүүс зөв сонголт мөн гэж үү. Ж.Бямбадоржийг Үндсэн хуулийн Цэцийн даргын суудлаас Хүний эрхийн үндэсний комиссын даргын суудалд шилжүүлсэн нь ч анхаарал татсан томилгоо боллоо?
- Асуудлыг дэвшүүлдэг субъектүүд байдаг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат гуайг УИХ санал болгосон. Түүнийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ыг төлөөлж санал болголоо. Санал болгосон субъект нь асуудлыг оруулж ирсэн учраас УИХ хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Тиймээс би үүнийг зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байна. Логикийн болон процедурын хувьд ч зөв шийдэл боллоо. П.Очирбат гуайг Үндсэн хуулийн Цэцэд ажиллах ёстой хүн гэж би ойлгодог. Ер нь ийм нэгэн зүйл байдаг юм. УИХ, Үндсэн хуулийн Цэц зэрэг чухал институцид улс төрийн болон амьдралын туршлагатай, шулуухан хэлэхэд, нас, намбатай хүмүүсийг удаан хугацаагаар ажиллуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс төрийн институциудын ой санамж нь болж явдаг. Тиймээс энэхүү ой санамжийг байнга хадгалж, ашиглаж байх нь төрийн бодлогын залгамж чанарын хувьд зөв зүйтэй алхам. Хэдийгээр “П.Очирбат гуайн нас өндөр болсон” гэж зарим хүн ярьж байгаа ч тэр хүн өөрөө л “Больё” гэхгүй бол ажиллаж л байх ёстой гэж боддог. Ж.Бямбадорж даргын хувьд ч ялгаагүй. Тэр хүн Монголын парламентад маш олон жил ажилласан, парламентын эрх зүйн тогтолцооны чиглэлээр гаршсан хүн шүү дээ. Тийм учраас би түүнийг Үндсэн хуулийн Цэцэд ажиллах л ёстой хүн гэж үздэг. Гэхдээ эрх баригч нам ямар бодол, учир шалтгаантай байсныг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан энэ хүнийг Цэцээс холдуулчихлаа.
- Холдуулах шалтгаан нь юу байсан юм бол?
-Би яаж мэдэх вэ.
- УИХ-ын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийн асуудал Үндсэн хуулийн Цэц дээр “унаж” байсан шүү дээ. Ж.Бямбадорж дарга ч үүнийг эсэргүүцэж байсныг санаж байна. Үүнээс болсон юм болов уу?
- Мэдэхгүй ээ. Гэхдээ миний хүслээр болдогсон бол Ж.Бямбадорж Үндсэн хуулийн Цэцийн дарга биш юм гэхэд гишүүнээр нь ажиллаж л байх ёстой хүн. Энэ хүн хэдийчинээ удаан ажиллана, Цэцийн шийдвэр төдийчинээ чамбайрах учиртай.
- П.Очирбат, Ж.Бямбадорж нарын хувьд таны бодол ийм аж. Гэвч болохгүй, бүтэхгүйгээр нь дууддаг атлаа М.Алтанхуяг, Б.Цэрэнбалтав нараар “эцэг” хуулийг бариулах гэсэн нь ямар учиртай юм бэ?
- Би энэ тухай сонсоогүй юм байна. Хаагуураа юу орж ирсэн юм, мэдэхгүй. УИХ-ын албан ёсны нэгжүүд рүү ийм асуудал оруулж ирээгүй байх.
- “Долдугаар сарын 1″-ний хэрэг явдлын тухай сэдэв дахин сэдэрлээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн энэ тухай дүгнэлт гаргасан. Гэхдээ эрхэм гишүүдэд танилцуулсан уу?
- Үгүй, одоо болтол алга. Тухайн үед энэ талаар ярьж, ажлын хэсэг байгуулж байсан. Гэхдээ яг одоохондоо бидэнд мэдэгдсэн зүйл алга.
- Улс төрийн үйл явдлуудаас гадна Монгол Улсын 2011 оны төсвийн талаарх шүүмжлэл эрчээ авч байна. УИХ уг төслийг саяхан буцаасан ч Сангийн яам аравхан хоногийн дотор засвар хийсэн болоод дахин оруулж ирлээ. Лав л төсвийн алдагдлыг өмнөх оныхоос хоёр дахин бууруулахаар тооцжээ. Төсвийн төслийн “авторууд” толгойгоо хэр зөв ажиллуулж вэ?
- УИХ-д оруулж ирсэн төсвийн төслийг буцаах болсон шалтгаан нь эрх зүйн актын хүрээнд л шийдэгдсэн зүйл. Сангийн яам уг төслийг эрх зүйн актуудын дагуу оруулж ирэх ёстой. Үүнийг хуульд маш тодорхой бөгөөд хоёр уншигдахааргүй заачихсан байдаг. Яг энэ өнцгөөс авч үзвэл, Сангийн яамнаас оруулж ирсэн төсөл эх үүсвэрийн баталгаагүй байсан. Хуульд юу гэж заасан байдаг вэ гэвэл, аливаа төсвийн орлого, зарлага маш тодорхой эх үүсвэртэй, баталгаатай байх ёстой. Гэтэл ийм байгаагүй учраас буцаасан юм. Ямартай ч тэд эх үүсвэрийг нь тодорхой болгож, тодорхой өөрчлөлт хийгээд оруулж ирлээ. УИХ үүнийг хэлэлцэж, шийдвэрээ гаргах байх.
- Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Тавантолгойгоос олох орлого, “Эрдэнэс Тавантолгой”-д л их найдсан юм шиг байгаа юм…
- Найдаж болно. Тооцож ч болно. Гэхдээ түүнийгээ хийчихсэн, болгочихсон байх ёстой биз дээ. Гэвч энэ удаад “Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэдэгтэй адил юм болчихлоо. Хууль биднээс юу гэж шаардаж байна гээч. “Хийчихсэн л бай. Гэрээгээ байгуулаад бүх мөнгө тодорхой, цаг хугацаа нь ойлгомжтой болсон бол түүнийгээ оруулаад ир” гэж байна. Түүнээс биш “Гэрээ хийх гэж байгаа юм шүү” гэж яриад оруулж ирнэ гэдэг бол эргэлзээтэй л хэрэг. Тийм ч учраас бид хүлээж аваагүй.
- Ер нь Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулдаг хүмүүс мэргэжлийнх байж чаддаг уу?
- Сангийн яаманд мэргэжлийн хүмүүс л ажиллаж байгаа.
- Тийм юм бол төсвийн төслөө олигтой боловсруулж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ?
- Олигтой боловсруулсан уу, аль эсвэл олиггүй боловсруулсан уу гэдгийг ямар шалгуураар авч үзсэнээс хамаарна л даа. Миний ойлгож буйгаар, төсөв гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн төвлөрсөн илрэл байх ёстой. Харин эдийн засаг нь Монголын улс төрийн төвлөрсөн илрэл гэж уншигдах учиртай. Энэ өнцгөөс авч үзвэл, сая өргөн барьсан төсөв, буцаасан төсөв нь ч мөн ялгаагүй манай улсын улс төр чухам хаана явж байна вэ, юу хийж байна вэ, ямаршуухан өнгө аястай байна вэ гэдгийг нэг их түвэггүй, толгой өвтгөхгүйгээр маш тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл, төсөвт тусгачихсан эдгээр тоог харахад л улс төрд популизм гэдэг юм ямар цэгт хүрсэн нь ил тод харагдана. Хөгжлийн бодлого нь юугаар дамжин илрэх вэ, хөрөнгө оруулалтын бүтэц чухам хаашаа чиглэж байна вэ, өнөөдөрт үү, аль эсвэл маргааш, нөгөөдөрт зарцуулах уу гэдэг нь ч тодорхой байна.
- Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өнгөрсөн зун “Энэ оны эцэст инфляцийн түвшин Монголд 20 хувьд хүрнэ” гэж сэрэмжлүүлсэн. Манай төсөвчид үүнийг хэр нарийн тооцоолсон бол?
- Тооцоололгүй яах вэ. Статистикийн мэдээнүүдэд тулгуурлаад л гаргасан байгаа шүү дээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхны тооцоотой үүнийг уялдуулан гаргах шаардлагагүй. Тэгээд ч тэдний тооцоо зөв гэсэн баталгаа байхгүй. Хэдийгээр хамгийн мундаг докторууд нь тэнд цуглаад сууж байгаа ч гэсэн тэд зургаан сараас илүү хугацаагаар прогноз хийж чадахгүй байна. Зургаан сарын доторхи прогноз нь баталгаатай байдаг тохиолдол хуруу дарам цөөн. Ингэхэд 1946 оноос хойш хэдэн жил өнгөрсөн бэ.
- 64 жил.
- Тэр хугацаанд энэ институци ядаж зургаан сарын тооцоог бодитой гаргаж ирсэн тохиолдол байдаггүй юм.
- Ерөнхий сайд С.Батболд “Шилжилтийн үе дууссан. Эдийн засгийн хөгжлийн 20 жилийн бодлогыг тодорхойлж байна” хэмээн тунхагласан. Та үүнтэй санал нийлдэг үү?
- Ямар шалгуураар тэгж хэлснийг нь би сайн мэдэхгүй. Улстөрч хүн ерөнхий атлаа гоё томъёолол хэлчихдэг. Тэр нь хүмүүст таалагдвал “Аан, их гоё үг хэллээ” гээд сонсоно. Харин “Энэ ч юу л бол доо” хэмээн эргэлзэж буй хүмүүс эргэлзэж байгаагаараа л хэлдэг. Жирийн нэгэн эмэгтэй сонинд их сонирхолтой үг хэлсэн байна лээ. “Шилжилтийн үе зарим хүнд дуусчихсан л юм байгаа биз. Миний хувьд, хямрал гэдэг юм чинь одоо болтол дуусаагүй байна” гэж. Тэгэхээр үйл явдлыг хэн ямар өнцгөөс харж байгаагаас л болох байх.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!


URL:

Сэтгэгдэл бичих