700 тэрбумаар Улаанбаатарыг өмхийнөөс салгах уу
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэлэлцээд өнгөрөх бус хийж, шинэчлэх шаардлагатай байна
Төв цэвэрлэх байгууламж аюулын харанга дэлдээд тав зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өмхийгөө сэнгэнүүлсэн ч өрхөө татчихгүйхан аваарын байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэсэн ч үе үеийн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж байна хэмээн сүрийг үзүүлдэг боловч дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Өмхий Улаанбаатарыг утсан хэвээрээ л байна.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт’’ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр өнөөх л улиг болсон цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхгүй бол өмхий газар авлаа, аюулын харанга дэлдэж байна гэх улиг болсон зүйлийг давтан өгүүлцгээсэн ч эцсийн шийдэл гэх зүйлд хүрсэнгүй.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анхных нь 1964 онд ашиглалтад орсон байдаг бөгөөд хэдийнэ насжилт нь дуусчихсан. “Харгиа” цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган куб ус цэвэрлэх хүчин чадалтай ч одоогийн байдлаар 190-210 мянган бохир усыг цэвэрлэдэг. Техник, технологи нь эвдэрч хуучирснаас тогтмол доголдол үүсдэг гэхчлэнгийн зүйл хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Хэрэв Засгийн газраас Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг тодорхой болговол Мянганы сорилтын сангаас 250-260 сая ам.доллар татах боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албаны хүн хэлж байв.
Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана.
Түүнчлэн энэ үеэр Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Батсүх ”Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрвөн төсөл хэрэгжсэн байдаг. Туул голын бохирдлыг бууруулах төслөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдсан байдаг. Сүүлийн хоёр жилд Испанийн Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжсэн. Олон улсын нээлттэй тендэр зарлаж хийгдсэн. ТЭЗҮ-ийг нэгдсэн эксперт групп ажиллаад 2016 оны хоёрдугаар сард хийж, баталсан. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас хөрсөнд бохир ус нэвчихзэргээр үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд аль болох боломжийн хэмжээнд засч, засварлан ажиллуулж байна. Засвар үйлчилгээг бид жил бүр хийсээр явна. Шинэ тоног төхөөрөмжтэй болтол үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар ажиллаж байгаа.Тухайлбал, энэ онд улсын төсөвт найм орчим тэрбум төгрөг суулгасан. Тодорхой хэмжээний завсар үйлчилгээний ажил хийсэн. Ирэх онд тодорхой хэмжээний ажил тусгаагаагүй байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ ТЭЗҮ-гээр 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэсэн юм.
Харин өнгөрсөн жилийн тавдугаар сард Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхгүй болсон учраас нийслэлчүүдийн бохирыг гурав хоногийн хугацаанд Туул гол руу цутгасан. Тухайн үед УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан одоогийн Хотын дарга Су.Батболд уг байгууламжийг шинэчлэхэд хэр, их хэмжээний хөрөнгө шаардлагатай, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Зам барина, утааг бууруулна, тийм төсөл хэрэгжүүлнэ гэдэг. Амьдрал руу чиглэсэн юм руугаа хөрөнгө гаргахаас аргагүй. Засгийн газраас гаргасан судалгаагаар 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарсан. Аль нэг улсад санал тавиад гадны хөрөнгөөр шийдэхээс аргагүй. Тодорхой хувийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэхээс аргагүй. Улаанбаатар хотоос 1 км газар яваад очиход Туул гол ямар бохирдолтой урсаж байна вэ, хүн мал юугаар ундаалж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тийм учраас байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл энэ асуудал өнөөдөр ч яриа төдий л өрнөж байгаа нь туйлын харамсалтай. Ямартай ч үе үеийн Засгийн газрын үед яригддаг цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажил, ажил хэрэг болж хөрсөн дээр буугаасай гэдгийг ард түмэн хүсч, хүлээж байна.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО