МАХН-ын дарга Н.Энхбаяр, Г.Уянга, С.Ганбаатар нар хүчээ нэгтгэх үү
Цагтаа мандан бадарч цагаан захтнуудын тэргүүн эгнээнд явж байсан онцгой хүн бол яах аргагүй Намбарын хүү Энхбаяр. Улстөрд түүний мандан явсан он жилүүдийг хэн хүнгүй мэднэ. Гэвч Намбарын хүү нэг л өдөр хэт өндрөөс газарт унаж ажил амьдрал, эрүүл мэнд нь оронгоороо эргэсэн гэж хэлж болно.
Тэртээ 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих тэр хар шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан энэ үеэс түүний хар дарсан энэ амьдрал эхлэлтэй. Цагтаа түмэндээ хүндлэгдэж, төрийн тэргүүн явсан хүний гутыг нь ч өмсгөлгүйгээр баривчилж шоронд хийсэн. Н.Энхбаярыг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж гурван шатны шүүх үзсэн эл хэрэг өнөөдрийг хүртэл сүүдэр мэт түүнийг дагасаар л байна.
Ийн хэлэхийн учир тэрбээр 2016 УИХ-ын сонгуульд “ял шийтгэлтэй” гэх шалтгаанаар нэр дэвших боломжоосоо мултарч гурван хоног намын нөхдийн хамт өлсгөлөн тэмцэл зарлаад ч тусыг эс олж эцэс сүүлд нь эхнэрээ хүртэл сонгуульд сойж үзсэн. Энэ мэт байдлаар улс төр дахь орон зайгаа олж авахыг дэндүү их хүсэж байгаа ч Н.Энхбаярын санаснаар болохгүй хорвоог яалтай билээ.
Харин зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр МАХН-ын ганц алтан карт болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү их хуралд намынхаа нэг суудлыг авч намын даргадаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг олж өгсөн. Гэвч их хүсвэл хясдаг хойно ”ял шийтгэлтэй” гэх түүний улс төрийн том саад нь үгүй болохын даваан дээр Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт дахин нэг жилээр хойшлогдов. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын ард асаалттай танк мэт бат цайз нь явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар даргаа эзгүй үед нь намаа удирдан залж санхүүжүүлж хүртэл явж ирсэн. Гэвч тэд намдаа үнэнч үлдсэнгүй нэг л өдөр үүрнээсээ нисэж хуучин бууриндаа очицгоосон. Тэд явах явахдаа 100 гаруй гишүүдээ дагуулан одсон юм.
Энэ бүхний төгсгөлд таван жилийн настай МАХН санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулсан тухай ч эх сурвалжууд мэдээлж байсан.
Түүнчлэн зарим аймаг, сумын МАХН-ын хороод МАН-д орох болсон тухай ” санал хүртэл гаргасан байдаг. Энэ бүхэн Н.Энхбаярын улс төрийн амьдрал нь дуусч байгааг харуулсаар байгаа юм. Гэвч МАХН тэр дундаа Н.Энхбаярын улс төрийн амьдрал харин ч эсрэгээ дөнгөж эхэлж байгааг түүний хамгийн ойрын хүн нь саяхан сануулсан. Үнэхээр л тийм бололтой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхнийг намдаа элсэхийг урьж, хоёр ч удаагийн уулзалт хийсэн болохыг эх сурвалжууд мэдээллээ. Намбарын хүү ийн цусаа сэлбэж улс төрд эргэн орохоор шийдсэн бололтой.
Б.Алтжин
zindaa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2 teneg yum daguulaad haa holdoh ve
драмын жүжиг олж үзэх гэж нэг их хайлтгүй болжшүү
ганбаатарыг л дэмжинэ