Төмөр замд гуталгүй ирсэн Л.Пүрэвбаатар 1.5 тэрбумаар байр авч,16 давхар байшин бариулж байна
Л.Пүрэвбаатар Монголын хамгийн том компани “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилогдсон. Уг нь түүнийг томилогдохоос гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарын томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байжээ.
Гэхдээ Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахгүйгээр хуралдаж “УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон билээ. Оросын талаас “үгэнд ордог”, “Якунины өгсөн гэрийн даалгаварыг сайн хийдэг дарга” байх ёстой гэсэн шаардлага тавьсных байв. Харин Л.Пүрэвбаатар тийм байх шаардлагыг нь хангана гэж “амлалт” өгсөн бололтой. Л. Пүрэвбаатар нь хэдийгээр Монголын боловч “Орос ноёны таалсан, Оросын талын төлөөлөл” болж байна гэж хардахад хүргэж байна… хэмээн одоогоос жил гаруйн өмнө сэтгүүлчид бичиж байлаа.
Тэрбээр албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” хэмээн ичих ч үгүй ширлэж суусан Л. Пүрэвбаатар дарга унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч бас бий. Хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замд өмсөх гуталгүй ирсэн Л.Пүрэвбаатар дарга бас унах унаа, орох орон ч үгүй ирсэн бололтой юм. Тэрээр 2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авч байсныг нотлох баримт нь энэ байна. Энэ асуудлыг Төрийн өмчийн хорооноос шалгаж тогтоосон ч бас л хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ.
АН төрийг засаглаж байх үед АПУ-гийн Г.Батхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар Төмөр замыг гартаа оруулсан Л.Пүрэвбаатар өнөөдөр МАН-ын үед ч бас албаа хаших давуу эрхтэйгээр үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. Үнэндээ энэ нөхөр АН-ыг засаг барьж байх үед байгуулсан гавьяа, хийсэн ажлаар тун маруухан. Өмнө нь 2005 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажилдлаж байхдаа тэрээр 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож томруулжээ. Хийх ажилгүй баахан дарга, ахлах нэр зүүж сул цалин авсан 200 хүн нэмэгдсэн гэсэн үг. Харин 10 жилийн дараа Л.Пүрэвбаатар Улаанбаатар Төмөр замд даргаар эргэж ирэхдээ өнөөх 370 хүнийхээ тоог дахин 20 хувиар өсгөж өгчээ. Ганцхан жишээ хэлэхэд өмнө нь 13 хүний орон тоотой ажиллаж байсан Ачаа тээврийн албыг 50 хүнтэй болгон өргөжүүлж чаджээ.
Удирдах газрын дарга нар нь байрандаа багтаж чадахаа больж, сардаа олон сая төгрөгөөр түрээсийн байранд тансагдуухан ажиллах болсон байна. Гэтэл төмөр замчид, мэргэжлийн инженерүүд барилгын туслах ажилчдыг орон тооны цомхтгол нэрээр халж, ажлаас нь шахаж, дур зоргоороо авирласаар 2016 оны сонгуультай золгосон түүхтэй. Гэвч түүнтэй хэн ч хариуцлага тооцсонгүй. Тооцох ч үндэслэл байсангүй. МАН ялангуут Л.Пүрэвбаатар Ардын намынханд найр тавьж, хайр зарласан бололтой. Хамгийн инээдтэй нь Л.Пүрэвбаатар хоёр жилийн өмнө өөрөө ажилд авсан хүмүүсээ “АН-ынхан” гэдэг тодотголтойгоор халж, солвж, оронд нь Ардын намынханг ажилд авч, дахиад л Улаанбаатар төмөр замаар дүүрэн халаа сэлгээ үргэлжилж байна.
Үүнээс гадна Улаанбаатарт төмөр замд анх ирэхдээ ажилд өмсөх гуталгүй ирсэн энэ дарга 1.5 тэрбумын байртай болж, Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа тухай gereg.mn сайтад бичсэн байх юм.
Эх сурвалж: Shudarga.mn
Линк:http://www.shudarga.mn/news/22310.html
URL: