ХЯТАДУУД ДОРНОДЫН ТАЛЫН ӨВСИЙГ ХӨРСТЭЙ НЬ ХУУЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ
Энэ жил сүүлийн 120 жил тохиогоогүй хүйтэн өвөл болохыг анхааруулж буй. Тодруулбал 2016-2017 оны өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж Герман цаг уурч Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн мэдэгджээ. Ялангуяа 2017 оны 1-2 дугаар сард маш хүйтэн байх гэнэ.Энэ өвөл зөвхөн хүйтэн байх төдийгүй урт үргэлжлэх гэнэ. 2017 оны хавар оройтож буюу дөрөвдүгээр сараас л дулаарч эхэлнэ гэж Доминик Юнг мэдээлжээ. Түүний таамгийг Америкийн ус, цаг уурын албаны төлөөлөгчид нотолжээ.
Манай оронд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэж Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа.Бичин жилд зуд болдог гэсэн ам дамжсан яриа малчдад төдийгүй монголчуудад сэрэмжлүүлэх дохио өгч байгаа. Тэгвэл манайхан бэлтгэлээ хэр зэрэг базаасан бэ.
Хот хүрээнийхэн яаж ийгээд халаалт дулаанаа шийдсэн байхад өвлийн бэлтгэлээ бараг л хангачихлаа гэсэн үг. Харин орон нутагт амьдарч суугаа малчдын бэлтгэл ажлыг нэн яаралтай хангуулах хэрэгтэй.
Албаныхан өвөлжилтийн бэлтгэлийг дор бүрнээ маш сайн базаасан хэмээн мэдэгддэг. Гэвч анхны цаснаар бэлтгэл ажлын чанар шалгагддаг. Өнөөдөр ч нутгийн ихэнх хэсгээр цастай байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дорнод аймгийн урд сумдаар цас их хэмжээтэй оржээ. Нутгийнхны хэлж буйгаар дахиад цас жаахан нэмж орвол зуд болох аюултай байгаа аж. Харин нутгийнхан энэ өвөл гал алдах вий хэмээн айж сууна.
Учир нь Дорнод Монголын уудам талд Хятадууд отог отгоор эзэн сууж, өвс ногоог хайр найргүй хадаж эхлээд нэлээд хэдэн жилийг ардаа үдлээ. Өвс сайтай гэгддэг Дорнодын уудам талд сүүлийн хоёр жил Хятадууд хэдэн мянган га-д хадлан хадсан тухай нутгийн иргэд хэлж байна.
Зарим нь бүр хадлан хадах газартаа хашаа зоож нутгийн иргэдийг оруулахгүй байгаа сурагтай. Дээрээс нь техник тоног төхөөрөмж нь дахин өвс ургах боломжгүй болгодог гэх яриа гарч байна. Нээрээ л Дорнодоос Улаанбаатар орох замд хэдхэн километр тутамд Хятадын өвс хадагч машинууд, боодол, боодол өвснүүд талын нэгээр тархсан дүр зураг жил бүрийн намар үзэгдэх болжээ.
Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш.Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь төр засгийнхны чихэнд хүрч л баймаар. Гэтэл энэ асуудлыг нэг их тоолгүй явсаар нэлээд хүйтэрч мэдэх хахир өвөлтэй нүүр тулах нь ээ.
Тэгвэл Хятадуудад хадлан бэлтгэх эрхийг хэн өгдөг вэ. Орон нутгийн эрх мэдэлтнүүдэд энэ эрх нь нээлттэй байдаг аж. Өөрөөр хэлбэл аймаг, сумын Засаг дарга нар өгдөг гэсэн үг. Ингэхдээ нэг сумын нутгаас 20 мянган га-д хадлан хадахдаа дөрвөн сая төгрөгийг орон нутагт буюу сумын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэвч 20 мянган га-д хадлан хадах зөвшөөрөл авсан ч Хятад хүний зангаа гаргаж 30 мянган га-д хаддаг гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Хамгийн ноцтой нь Хятадуудын хадлан хадсан газарт гурван жилийн дотор өвс ургадаггүй бөгөөд ургасан ч шарилж шиг шим тэжээлгүй өвс ургадаг аж. Энэ нь Хятадууд хадлан хадахдаа хөрсийг нь давхар хуулдагтай холбоотой юм байна.
Ингэж Дорнод Монголын уудам талд Хятадууд эзэн сууж, шим тэжээлтэй өвс тэжээлийг Хятад улс руу Баянхошуу боомтоор өдөрт хэдэн зуун машинаар зөөн гаргаж байна. Харин ард нь хэдэн малчид нь халзарч харласан газраа харсаар 50 сая малынхаа хамтаар хахир хатуу өвлийг гал алдахгүйхэн шиг туулах вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна.
olloo.mn
URL: