П.Батхуяг: Миний Нацагдорж Ш.Гүрбазарын Нацагдоржоос илүү

16(206)Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 110 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Их зохиолчийн өндөр ойн хүрээнд гурван ч драмын жүжиг эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод эхэлсний нэг нь “Гэгээн муза”-гийн эзэн, зохиолч, яруу найрагч П.Батхуягийн “Чулуудын хүүрнэл” жүжиг юм. Зохиолч П.Батхуягтай шинэ жүжгийнх нь тухай ярилцлаа.

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ суут зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойг угтан жүжгийн зохиолын уралдаан зарласан. Энэ уралдаанд МУСГЗ Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжиг түрүүлэн, одоо тайзнаа тоглогдож буй. Шалгарсан жүжиг нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байтал Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн дахин хоёр ч жүжиг тавигдахаар болсны нэг нь таны “Чулуудын хүүрнэл”. Ингэж давхцуулах болсон шалтгааныг яруу найрагч Ц.Хулан та хоёрыг Ш.Гүрбазартай барьцлаа гэж ярих юм?

-Ер нь аль ч талаас нь ойлгож болно. Би ямар нэг уралдаан тэмцээнд түрүүлэхийн төлөө бус суут зохиолчийн өндөр ойн хүрээнд даацтайхан шиг бүтээлч ажил хийхийг зорьсон юм. Яахав хүний мэндэлсэн ойг тэмдэглэх байдаг л нэг арга хэмжээ юм шиг боловчиг Д.Нацагдорж бол өөрөө онцгой хүн. Яагаад онцгой хүн гэхээр орчин цагийн монголчууд бидний оюун санааны үндсийг тавьж өгсөн бие төлөөлөгч юм. Тэгэхээр бид оюун санааны орон зайд томоохон зай эзэлж буй энэ мэт эрхмүүдээ төрийн хэмжээнд, төрийн бус хэмжээнд, түмэн олны хэмжээнд “Манай найзын төрсөн өдөр нижгэр болсон” гэдэг Нисванис хамтлагийн дуу шиг өргөн дэлгэр өнгөрүүлэх ёстой гэсэн сэтгэлийн үүднээс энэ жүжгээ туурвисан. Харин тайзан дээр яагаад тоглуулах болов гэдэг бол  Нацагдоржийн тухай хэр олон бүтээл нийтэд хүрнэ, зохиолч бүр өөр өөрийнхөө өнцгөөр түүний туулсан амьдрал, зовлон жаргал, мөн чанарыг нээж харуулна тэр хэрээр түмэн олон үзэгчдэд Д.Нацагдорж гэж чухам хэн байсан бэ гэдгийг таньж мэдэх өргөн цонхийг нээж өгнө гэж харж байна.

П.Батхуяг: Миний Нацагдорж Ш.Гүрбазарын Нацагдоржоос илүү-Та Улсын Драмын театраас зарласан жүжгийн зохиолын уралдаанд энэ бүтээлээ илгээсэн үү. Тэмцээний шалгаруулалт үр дүнг хүлээн зөвшөөрч байна уу?

-Би ямар нэгэн уралдаан тэмцээнийг шударга байгаасай гэж боддог. Шударга хэмжүүрээр үнэлсэн бол магадгүй уран бүтээлчдийн дунд ийм хандлага гарахгүй ч байсан байж болох юм. Гэхдээ нөгөө талаас нь харвал уралдааныг зарлачихаад түүнийхээ үр дүнг нийтэд зарлаагүй. Гэтэл харин ч уран бүтээлчид идэвх санаачилгаараа, бор зүрхээрээ жүжгээ тайзан дээр тоглуулж буй нь сайн талтай ч байж болох юм.

-Ойрхон хугацаанд тоглогдож үзэгчдийн хүртээл болох дээрх гурван жүжгийг харьцуулах, жиших, шүүмжлэх их аян өрнөх нь гарцаагүй. Та ингэхэд “Жаргаагүй нар” жүжгийг үзэж амжсан уу. Таны жүжиг юугаараа онцлог санагдав?

- Харамсалтай нь би “Жаргаагүй нар” жүжгийг үзэж амжаагүй явна. Сураг ажиг бол сонссон. Сургаар дөрөөлж дүгнэлт хийх боломжгүй л дээ. Миний хувьд аль болохуйц Нацагдоржийн намтарчилсан жүжиг бичихээс зайлсхийсэн. Нэг үгээр хэлбэл Нацагдоржийн туулсан он жилүүд, амьдралд бидний зүгээс асуусан ч хариултаа аваагүй олон ээдрээ бий. Тийм ч учраас чамгүй хугацааг Нацагдоржийг судлахад зарцуулсан судлаачийн хувьд жүжгээрээ хариулт өгөхийг хичээсэн. Намтар бол үзэгчдэд сонин биш шүү дээ. Харин түүний мөн чанарыг нээх нь илүү чухал. Яг үнэндээ өнөөгийн бидний амьдран буй цаг үе ч, Их зохиолчийн амьдарч асан цаг үе ч ялгаагүй абсурд байна. Тийм учраас миний жүжиг абсурд тавилт шийдэлтэй байх юм. Үзэгчид миний жүжгийг үзсэнээр одоо тоглогдож буй жүжиг шиг “бэлэн гоймон” савхдахгүй. Нэг үгээр үзэгчдэд өөр өөрийнхөөрөө Нацагдоржийг нээх бололцоог олгоно.

 

 

http://eagle.mn/r/19366


URL:

Сэтгэгдэл бичих