Цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг сүлжээний “бизнес”-ийг хэн зогсоох вэ
Хилийн цэргийн 0131-р ангийн дөрвөн цэрэг хүчингийн хэрэгт нэр холбогджээ
Одоогоос хоёр жилийн өмнө 016 дугаар ангийн захирагч болох нэгэн бригадын генерал хувийн зорилгоор цэргүүдээ бүтэн дөрвөн сар хэнд ч мэдэгдэлгүйгээр ажил хийлгүүлж байсан нь илэрсэн. Мөн 2013 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэг цэрэг барилга дээр ажиллаж байгаад хөлөө бэртээсэн. Тус хэрэг намжаагүй байтал нийслэлийн Хан-Уул дүүрэгт барилга дээр ажилладаг Хойд Солонгосын ажилчид мөн тэнд ажиллаж байсан 016 дугаар ангийн цэргүүдийг зодож бэртээж байв. Цэргүүд бэртэж, гэмтсэн энэ мэт олон үйл явдлыг энд дурдаж болно. Илэрсэн нь энэ болохоос цэргийн ангиудад ийм хариуцлагагүй явдал их гардаг гэдэг. Хэрэг гарах бүрт ангийн захирагч нь ч тэр, ЗХЖШ-ын дарга нар ч тэр болж л өгвөл нуун дарагдуулж арьсаа хамгаалахыг боддог. Зуны улиралд нийслэл дэх цэргийн ангиудад ил далд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр цэргүүдийг олон хоногоор элдэв янзын ажилд явуулах нь хэвийн үзэгдэл болсон тухай тус салбарын учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Иргэд ч мөн энэ талаар мэддэг.
Монгол улс албадан хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хориглосон ч ялтан болон цэргүүдээр албадан ажил хийлгэдэг байдал одоог арилаагүй байгаа гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв. Тус байгууллагын явуулсан хяналт шалгалтаар цэргийн алба хаагчдаар өөр төрлийн ажил хийлгэх тохиолдол түгээмэл байгаа нь тогтоогдож байсан. Уг нь Монгол улс Үндсэн хуулиндаа “…Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хуулиудад албадан хөдөлмөрийг хориглож, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тусгаснаас гадна 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид 2005 онд, 1957 оны Албадан хөдөлмөрийг хориглох тухай 105 дугаар конвенцид мөн 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Гэтэл эдгээр хууль дүрэм, бичиг баримт нь цэргийн ангиудад л хэрэгждэггүй бололтой.
Дээрх хууль дүрмийг хэрэгжүүлдэггүйгээс үүдэн цэргүүд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох цаашлаад хууль бус үйл ажиллагаанд оролцож шоронд орох тохиолдол гарсаар байгаа юм.
Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдахад, өнгөрсөн сард хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0131-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарчээ. Болсон үйл явдлыг товч өгүүлбэл, дээрх дөрвөн цэрэг амралтын газарт амарч байсан Э гэгч эмэгтэйг хүчиндэхээр завдсан байна. Эмэгтэйг хүчиндэхээр завдаж байхад нь нэгэн залуу мэдэж тусламж үзүүлжээ. Хохирогч эмэгтэй өөрийг нь хүчиндэхээр завдахад нэг цэргийнх нь нүүрийг маажиж гэмтээсэн гэж эх сурвалжууд хэлж байна. Уг хэргийг хууль хяналтын байгууллагад маш нууцлагдмал байдалтайгаар шалгаж буй бөгөөд дөрвөн цэргийн нэг нь хэргийг ганцаараа хүлээхээр шийдсэн гэх мэдээлэл байна. Учир нь хүчингийн хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэсэн зүйл заалтаар шалгагдвал алба хааж буй ангидаа болон ажил хийлгэсэн даргадаа хүндхэн асуудлыг дагуулах нь дамжиггүй. Тиймээс нэг нь хэргийг хүлээх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Ямартай ч цэргүүд ангийн хашаанаас дураараа гарч яваад амралтын газарт очно гэж байхгүй. Тэгэхээр хэн нэгэн даргын тушаалаар л ажил хийж байсан нь тодорхой юм.
Тус хэргийг шалгаж буй бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн гол нь энэ бүхний цаана цэргүүдээр ажил хийлгэсэн дарга нар нь ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал хамгийн их анхаарал татаж байна. Өмнөх тохиолдлуудаас харахад дарга нь ямар нэгэн хариуцлага хүлээлгүй иржээ. Хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас цаашид ийм байдал гарсаар л байх уу гэдэг асуулт хариулт нэхсээр буй юм. Жилийн жилд олон мянган айлын хөвгүүдийг цэрэгт дууддаг. Цэргийн эрдмийг тайван цагт зааж сурган, хэрэгтэй цагтаа дуудах гэж тэр. Дуудахад шууд буугаа аваад байлдахад бэлэн байх учиртай. Иргэд бид ч түүнд нь зориулж татвараа төлж, тэднийг хариуцан сургаж бэлтгэх дарга нарыг нь цалинжуулж бас нэмэгдэл хөнгөлөлт олгодог. Харамсалтай нь тэд цэрэгт явсан хөвгүүдийг Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалтаар далимдуулж ажлын мал болгон замбараагүй ажилд дайчилж буйгаас цэргүүд сурах эрдмээ сурч чадахгүй байна. Зарим нэг нь энх цагийн дайчилгаанд явсан атлаа эрэмдэг болон гэртээ ирж байна. Бүр зарим нь хууль бус хэрэгт нэр холбогдож аавын хаалга татах дээрээ тулж байгаа жишээг дээр дурдлаа шүү дээ. Ер нь цэргүүд ангийн захирагч эсвэл даргын найз, танил тал гэх хэн нэгний хувийн компанид барилгын туслахаар ажиллаж, тариа ногоо тарих, хураах гээд элдвийн ажилд зарагдаж байна.
Цэргүүд алба хааж буй ангийнхаа хашаан дотор тохижилт засвар үйлчилгээний ажил хийх нь байдаг л зүйл. Харин хашаанаас нь гадагшаа хаа хамаагүй ажилд зардаг газар манайхаас өөр байдаггүй л байх. Дээрх дөрвөн цэрэг ч мөн хашаанаас ангийн захирагчийн тушаалаар л гарсан байгаа. Цэрэг хэзээ ч амралтын газарт дураараа очихгүй шүү дээ. Гадны улсын цэргүүд байлдах эрдэмд суралцаж бас байгалийн болон бусад гамшиг, ослын дараах хор уршгийг нь арилгахад оролцож байгаа тухай мэдээлэгддэг. Манайхан шиг цэрэг нь нүүрс ухах, шуудайлах, тариа ногоо хураах, барилга, газар шорооны ажилд хямд хүч болон нухлагдаж байгаа нь гардаггүй. Хямд гэж тэдэнд цалин хөлс ирдэггүй нь тодорхой. Харин тэр мөнгө ажиллах хүч гаргаж өгсөн ангийн захирагч эсвэл өөр даргын хармаанд л орно. Хүний эрхийн үндэсний комиссоос цэргүүдийг албадан хөдөлмөр хийлгэж буй талаар тэмдэглэж “Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалт нь энэхүү бусармаг мөлжлөг гарах үндэс болж байна хэмээн өөрчлөлт оруулж хасах саналтай байгаагаа мэдэгдсэн удаатай. Гэвч энэ хуулийн заалтыг өөрчлөх сонирхол эрх бүхий хүмүүст одоохондоо байхгүй байгаа бололтой. Урьдын адил цэргүүд бүтээн байгуулалт гэх нэрийн дор хар бор ажил хийсээр л байна. Хувийн хэвшлийнхэн болж өгвөл цэрэг авч ажиллуулах сонирхолтой. Учир нь энгийн хүн авч ажиллуулвал ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалыг нь төлөх, унаа хоолны мөнгө нэмж олгох, намрын ургац хураалтын үед бол байр сууц, хоногийн гурван хоолоор хангах, бас хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулахгүйгээр цалин хөлсийг нь бодох гээд их зардал гарна. Харин цэрэг бол ангиасаа байр болох майхнаа бариад суучихна. Хоолоо мөн тэндээс нормт хангалтаар авчихна. Цалин хөлсийг нь даргатай нь тохиролцоод болчихно. Мэдээж бага хөлс өгөх нь ойлгомжтой.
Хугацаат албаны цэргүүдийг дээр дурдсан аливаа ажилд явуулахдаа ЗХЖШ-ын даргын шийдвэрээр ажиллуулж ажлын хөлсийг нь ажилласан цэрэгт ч биш, хариуцаж яваа ангид нь ч биш ЗХЖШ-ын дансанд хийдэг гэсэн яриа бий. Тэрний 50 хувийг ангид нь өгдөг гэдэг ч буцааж олгодог эсэх нь эргэлзээтэй. Зарцуулалт нь ил тод бус байдаг гэж ярьдаг. Ямар нэгэн асуудал гарвал түүнийгээ цэргийн нууц хэмээн халхавчлаад өнгөрдөг.
Гадаа байлдааны дасгал сургуулилт хийхэд таарсан дулаан улиралд хэдэн цэргүүдээ байлдах эрдэмд бус барлаг зарцийн хөлсгүй ажилд зараад байх юм бол ямар юмных нь цэргийн алба, бэлэн байдал, тэсвэр хатуужил байхав дээ. Хөвгүүдэд заах ёстой цэргийн эрдэм номоо зааж сурган эр хүн шиг эр хүн болгож хатуужуул гэж л цалинжуулж байгаа. Албадан хөдөлмөр хийлгэж буй энэхүү үйлдэл их, бага хэмжээгээр чих дэлсэж ирсэн ч салбарын сайд нар нь үеийн үед дуугүй явж иржээ. Мэдээж энэ талаар сонсож, дуулсан л байдаг байлгүй дээ. Эсвэл сонсоогүй царайлдаг юм уу. Сайд нь уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй өдийг хүрсэн гэдэг нь цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлэхэд өөрсдийнх нь эрх ашиг мөн байдаг юм уу гэж хардахад хүргэж байна.
Т.Энхэлээ
УЛС.МН
URL: