Б. Шинэбаяр: Их зохиолч Д.Нацагдоржийг ХҮН гэдэг талаас нь харуулахыг зорьсон
Монгол түмний бахархал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байна.
Бид “Жаргаагүй нар” жүжигт их зохиолчийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр 19:00 цагт эхлэх жүжгийн өмнө бидэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцсан юм.
-Анх Нацагдоржийн дүрийг аваад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Жүжигчин хүнд оноогдож байгаа тухайн дүрүүд анхдагч байдаг. Би дүрээ аваад маш их эмээж, айж байсан. Яагаад гэвэл энэ хүнийг Монголын ард түмэн мэддэг хэрнээ мэддэггүй зүйл ч маш олон байдгийг дүрээ судлах явцдаа ойлгосон.
Үзэгчид Д.Нацагдоржийг бүрх малгай, гаанс барьчихсан зургаар нь төсөөлдөг. Гэтэл энэ хүн 1906 онд төрөөд 1937 онд нас барахдаа 31 жилийн хугацаанд ямар амьдрал туулж, ямар зовлон үзэж, яаж явсныг төдийлөн сайн мэддэггүй юм билээ.
-Монголчууд мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй байж. Таны хувьд их зохиолчийн талаар судалгаа шинжилгээ хийснийхээ дараа юу бодож байв?
-Маш их өрөвдсөн, харамссан. Нэг хүн дээр амьдралын зовлонг хэтэрхий их үүрүүлчихсэн юм шиг санагдсан. Түүний амьдралын 31 жилийн хугацаанд жаргал тийм ч олон биш, дандаа л зовлон үзэж байсан юм билээ. Тийм ч учраас “Жаргаагүй нар” гэдэг нэртэй жүжиг юм.
Нөгөө талаас нь харвал тухайн үед амьдарч байсан хүмүүс түүнийг суут хүн гэж мэдэхгүй шүү дээ. Гэтэл цаг үеэсээ түрүүлээд хөгжчихсөн, тухайн үеийн нийгэмд үзэж харсан зүйлээсээ тэс ондоо хүн байсан гэдгийг өнөөдрийн бид ойлгож байна.
Жишээ нь Марс гараг дээр амьдрал байх боломжтой гэдгийг жирийн бид сүүлд л мэдсэн байхад Д.Нацагдорж аль хорин хэдэн онд тэнд амьдрал байдаг гэдгийг мэдчихсэн тухайгаа “Од” шүлэгтээ бичсэн байдаг.
Д.Нацагдоржийг асар их юм уншсан, мэдлэгтэй, цаанаасаа төрчихсөн, заяагдмал суу билэгтэй хүн байсан гэж би боддог.
-Д.Нацагдорж гэдэг хүний Монголын урлагт гүйцэтгэсэн үүргийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монголын шинэ уран зохиолын анхдагч. Тэр хүний шүлгүүд, уран бүтээлүүд нь асар сонин шүү дээ. Бид арван жилд байхдаа багшийн хэлснээр шүлгүүдийг нь цээжилчихдэг байсан болохоор цаад нарийн утгыг нь ухаж ойлгодоггүй байж.
Гэтэл “Миний нутаг” шүлгийг давах эх орны тухай шүлэг гарч ирээгүй л байна гээд бодохоор энэ хүний Монголын урлагт гүйцэтгэсэн үүргийг тоочоод барамгүй.
-Та Д.Нацагдоржийн дүрийг бүтээхдээ та олон уран бүтээлийг нь судалсан байх. Ер нь хэдэн шүлэг цээжилсэн бэ?
-За би тоог нь гаргаж үзээгүй юм байна. Гэхдээ маш олон шүлэг бий. Яг ямар үед, юунд зориулж уран бүтээлээ туурвиж байсан нь жүжгийн явцад маш тодорхой харагдана.
-Д.Нацагдоржийн дүрийг бүтээхдээ ямар зарчим баримталсан бэ. Түүнийг аль талаас нь үзэгчдэд ойртуулахыг зорив?
-Хүн гэдэг талаас нь. Бидэнтэй л адилхан хүн шүү дээ. 1961 онд НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа л бид энэ хүний тухай нээлттэй ярьж, суут хүн гэж үнэлсэн болохоос биш тухайн үед нь Д.Нацагдоржийг ард иргэд тийм ч их мэддэггүй байлаа.
Тиймээс би түүнийг суут хүн гэхээсээ илүүтэйгээр хувь хүн, бидэнтэй адилхан жаргаж, зовдог гэдгийг харуулахыг хүсэж дүр дээрээ ажилласан.
-Нацагдоржийн гэргий Пагмадулам гэдэг эмэгтэй жүжигт нэлээн том байр суурьтай байгаа. Та Пагмадулам болон их найрагчийн охиныг төрүүлдэг Нина гэх эмэгтэйн талаар өөрийн бодлоо хуваалцаач?
-Пагмадулам бол Д.Нацагдоржийн багаасаа хайрласан анхны гэргий нь. Их зохиолч түүнд асар их хайртай байсан юм билээ. Энэ хоёр эмэгтэйн хувьд Д.Нацагдоржийн амьдралын нэгээхэн хэсэг, аливаа зүйлийг даван туулахад тэсвэр хатуужил нь болж байсан гэж хэлж болно.
Ер нь эр хүнд хань ижил гэдэг бол асар их үнэ цэнэтэй байдаг шүү дээ.
-Жүжгийн төгсгөлд “Хүний хүсэл мөрөөдлийг зогсоох цагт хүн өөрөө мөхдөг” гэсэн үгийг хэлдэг. Энэ үг Д.Нацагдоржийн амьдралтай хэрхэн холбогдож байгаа вэ?
-Тэр хүн асар их зүйлийг хүсэж явдаг байсан. Тэр бүх хүсэл мөрөөдөл нь хормын төдийд биелчихсэн байсан бол юу хийх юм бэ?
Хүнийг зорилго, мөрөөдөл нь авч явдаг. Хүн түүнийхээ төлөө тэмцэж, бэрхшээлийг даван туулж байж л амьдардаг. Хэрэв хүсэл мөрөөдөл нь амархан биелчихвэл амьдрал нь утгагүй болно шүү дээ.
Энэ утгаараа энэ үг Д.Нацагдоржийн амьдралд тусгалаа олж байгаа юм.
-Баярлалаа.
URL: