Долоон их наядаар ханшийн өсөлтийн “ХУНДААМ ЦУТГАВ УУ”
Хязгаар нь үл мэдэгдэх ханшийн өсөлтийн хундаамыг хэн цутгав. “Найман шарга” валютын захын цөөн тооны ченжүүд ханшийн өсөлтийг бий болгож байна гэвэл манайх шиг жижигхэн зах зээлтэй улсад байж болох хувилбар. Гадаадаас орох хөрөнгө оруулалт, экспорт буурсан, ам.долларын урсгал зогссонтой холбоотой гэвэл мөн л ханшид нөлөөлж буй асуудлын нэг. Олон давхар орон сууцыг нэг өдөр барьчихдаггүй. Орон сууцны зургийг гаргах, төлөвлөх, хундаамыг цутгахаас эхлээд шат дараалалтай ажил хийдэг. Ханшийн өсөлт ч нэг өглөө сэрээд ирэхэд гэнэт хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэх дөрвөн оронтой тоо биччихээгүй. Гэтэл аль хэдийн 2400 давсан валютын ханш хүндрэлтэй эдийн засагт улам дарамт үзүүлэв. Үүнийг хэрхэн бууруулах хэрхэн шийдвэрлэх талаар шат шатандаа ярилцсаар л байна.
Өнөөдөр ийн ярилцаж ханшийн өсөлтөд анхаарлаа хандуулаад байгаа ч ийм нөхцөл байдалд ороход юу нөлөөлөв гэдэг нь сонирхол татна. Учир нь үүнийг дахиад давтах вий гэх болгоомжлол төрж байгаа юм. Тодруулбал, өмнөх Засгийн газрын үед зах зээлд долоон их наяд төгрөг гарч ирснээр “Алтан загасны үлгэр” эхэлсэн аж. Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг болох Монголбанктай хамтран ипотекийн зээл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т долоон их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүний хүү нь хэт бага байснаас төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгож, гадаад валютын нөөц багасах гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Гадаад валютын нөөц буурна гэдэг нь эдийн засагт асар том хүндрэл үүсч буйн илрэл. Дээрх хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад жилийн 0,89 хувийн хүүтэй зээл олгож байсан. Нэг хувь ч хүрэхгүй ийм хүүтэйгээр хэт их бэлэн мөнгө зах зээлд гаргасан нь эргээд валютын ханш ингэтлээ огцом өсөхөд нөлөөлснийг зарим эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Санхүү эдийн засгийн их сургуулийн, Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ямар нэгэн бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгохдоо хэнд, хэдий хэмжээний мөнгө, ямар нөхцөлтэйгээр олгож, буцаан авахаа нарийн төлөвлөх шаардлагатай. Манай улс хэдэн жил ямар ч төлөвлөлтгүй зах зээлд мөнгө хэрэгтэй гээд л бонд босгоод, гаднаас их хэмжээний зээл аваад зах зээлд бэлэн мөнгө гаргаад байгаа нь эргээд төлөх чадваргүй өрийн дарамт үүсгэх гол шалтгаан болж байна” хэмээн эдийн засагтай холбоотой асуудал болгонд дурддаг.
Өмнөх Засгийн газрын зах зээлд гаргасан долоон их наяд төгрөг 2017 оны төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Гарах үр дүнг нь тооцохгүйгээр бүтэн жилийн төсвийн мөнгийг маш бага хүүтэйгээр зээлээр олгож, зах зээлд цацсаны үр нөлөө өнөөдөр валютын ханшаар гарч байна. Үнэгүй зүйл араасаа ямар нэг эрсдэл дагуулж байдаг бол долоон их наяд төгрөг ам.долларын ханш, гадаад валютын нөөцөд нөлөөлж хариугаа барив. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас гаргасан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д “Мөнгөний бодлогыг зах зээлд суурилсан арга хэрэгслүүдийг ашиглан хэрэгжүүлнэ” гэсэн байна. Үүний хүрээнд хүүгийн нэгдсэн бодлогын зарчим баримтлах аж. Ингэснээр өмнөх бодлогын алдааг засах боломж бүрднэ гэж үзжээ. Ийм бодлого баримтлахаа хэлж буй нь төр, засгаас хараат бус байна шүү гэдгээ илэрхийлж байгаа мэт. Хуулиар хараат бус гэдэг ч хачир дээрээ тийм биш гэдгийг эдийн засагчид болоод иргэд хүлээн зөвшөөрнө. Ийм байдалтайгаар Монголын эдийн засгийг уцирдах хүчний нэг явж ирсэн. Одоо Төв банкиндаа зааврлавал юу болдгийг энэ Засгийн газрын эрх баригчид туршлага хуримтлуулж эрх биш ойлгосон байх. Учир нь өмнөх Засгийн газрын шийдвэрээр долоон их наядыг зах зээлд гаргасан.
Ипотекийн зээл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлснийг үгүйсгэхгүй. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлүүд тус хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж, сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр ашигласан. Нөгөө талаар гол нэрийн бараа, бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийг тогтворжуулахын тулд их хэмжээний мөнгө зах зээлд гаргасан нь ам.долларын ханшид нөлөөлж бодлогогүй гэхэд хэт бодлогогүй үйлдэл болох нь өнөөдөр ханшийн үзүүлэлтээр харагдаж буй. Мөн барилгын салбарт ч багагүй мөнгө олгосон бөгөөд үүний үр дүнд барилгын компаниуд орон сууцаа барьснаас биш үнэ нь хангалттай буураагүй. Ямартаа л одоог хүртэл борлуулагдаагүй 32 мянган орон суууц байх билээ. Дахин ийм шийдвэр гаргахгүйн тулд төсвийн бодлого, мөнгөний бодлогоо салгах шаардлага тулгарч байгаа юм. Монголбанк нь мөнгөний бодлогоо, Засгийн газар нь төсвийн бодлогоо баримтална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж байгаа үед мөнгөний бодлого, төсвийн бодлого хоюулаа тэлэх ёстой. Гэтэл эдийн засгийн мөчлөгийг дагаж явсаар байж нөхцөл байдал өөрчлөгдөхөд бодлогын арга хэмжээ авах орон зайгүй болчихсон.
Үүнийг өнөөдрийн төсвийн төлөвлөлтөөс харж болно. Төсвөө тэлье гэхэд мөнгөгүй болчихсон тул эсрэгээрээ танаж байгаа. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшаа барьж, валютын ханш өсгөхгүйн тулд Засгийн газраас төсөв тэлсэн үед Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж, төсөв хумьсан нөхцөлд мөнгөний бодлогоо сулруулах зэрэг. Ингээгүйн улмаас нэг зүг рүү хөтлөлцөж алхаад байвал төсвийн ч, мөнгөний ч бодлогоо барих боломжгүй болно. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар хамтран Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл байгуулсан. Тус зөвлөлийнхөн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, үүрэг хариуцлагаа нэмэх талаар ярилцаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл манай эдийн засаг уул уурхайн салбараас хараат байна. Өмнөх эдийн засгийн хямрал мөн л ийм шалтгаанаар болсон. Уул уурхайгаас хараат бус байж чадахгүй энэ үед ам.долларын ханш өсч төгрөгийн ханш суларсаар байвал үндэсний мөнгөн тэмдэгттэй байх уу үгүй юуд хүрч мэдэх нь.
Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч байх үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг Сангийн яаманд шилжүүлсэн. Тэгэхээр тус хөтөлбөрийг хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэх нь Сангийн яамны гарт байна гэсэн үг. Алдаагаа давтвал “Алтан загасны үлгэр”-т гардаг шиг юу ч үгүй хоосон хоцорно. Харин өмнөх Засгийн газрын үед гаргасан долоон их наяд төгрөгийн үр дүнд ам.долларын ханш өсч, валютын нөөц хомсдож, төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрэлдсэн байна. Тэгвэл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: