Эдийн засгаа аврах итгэл, найдварууд…
Ам.долларын ханш 2400 төгрөгөөс хол давсан энэ агшинд Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийнхөө төслийг УИХ-л өргөн барив. Зорилт, зорилго хийгээд цаасан дээрх танилцуулгаас нь уншвал 18 сарын дотор улс орныхоо эдийн засгийг тоггворжуулан уналтыг зогсоож, ядаж л барих барьцтай, баадагнах биетэй болгохоор шийдсэн аж. Ингээд цааснаа буусан олон зорилтоос нь чухалчилж үзэх нь ээ, Олон улсын валютын сан, казино болон морин тойруулгын уралдаан, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монгол-Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах саналыг ажил хэрэг болгох, барилгын үйлдвэрлэлийг дэмжих гзх мэт саналыг шигтгэсэн байх.
Гэхдээ энэ бүхнийг 18 сарын дотор ажил хэрэг болгож, эдийн засгаа авран хамгаална гэж итгэвэл элсэн цөлд байшин барихын үлгэр болж мэднэ. Учир нь, эхлүүлэх ажлынх нь жагсаалт эдийн засгийг аврах төлөвлөгөөнд онцгой тод бичигдсэн гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Харин Олон улсын валютын сан, казино болон морин тойруулгын уралдаан зохион байгуулах, гадны банкны үйл ажиллагааг дэмжих, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дөрвийн тухайд ойрын зорилт. Иймд тэдгээрийг онцлон түүхчлэн танилцуулах нь ээ, учир зангилаа нь тайлагдаж мэдэх.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ТУГ ТАХИСАН КАЗИНОГИЙН ТҮҮХ
Монголд казино шинэ юм биш. Тэртээ 1996-2000 оны хооронд Чингис зочид буудалд албан ёсны казино байгуулагдсанд Монголын шинэ содон бизнес эрхлэгч, улстөрчид олноороо цуглардаг байсан түүх бий. Улмаар 1998 оны зун УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар өөрийн төрсөн өдрийг тухайн үеийн Казиногийн хуулийн дагуу тендерт шалгарсан гэгдэх “Мон Макао” компанийн захиралтай хамт тэмдэглэхээр нисдэг тэргээр ниссэн баримт байдаг. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Хууль зүйн сайд асан С.Батчулуун нар мөн л уг компанийн нөхөдтэй хамт зугаалж, улс орныхоо эрх ашгийг казиногийн золиос болгосон гэдэг үндэслэлээр ял авсан туүхтэй. Харин энэ хэргийн дараа буюу 1999 оны өвөл УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Ц.Ганхуяг, Т.Ганди тэргүүтэй гишүүд Казино байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар батлуулснаар Монголд ил тод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэхдээ үүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Д.Загджав нар удаа дараалан УИХ-д Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэдний хэн хэнийг нь тухайн үед нь “Морин нуур” төслийнхний лоббид автаж, уг хуулийн төслийг зүтгүүлж байна гэдэг хардлагыг үлстөрчид ч. олон нийт ч хийсэн. Мэдээж дээр нэр дурьдсан гишүүдийн нэгэн адил баригдаж, хоригдож, ял авсан нь үгүй. Энэ бол үндсэндээ Монголд казино байгуулах эрхийг нээх гэснээрээ улстөрчид зөвддөггүй харин бурууддаг гэдгийн баталгаа. Өнгөрсөн УИХ-аар ч адилхан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас “Эдийн засгаа аврахын тулд казино байгуулах зайлшгүй шаардлагатай боллоо” гэдэг үндэслэлээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж байсан. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч, эрх баригч асан УИХ дахь АН-ын бүлгийн цөөнгүй гишүүд ч эсэргүүцснээр энэ санаа хол яваагүй. Харин энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газар эргүүлэн оруулж ирж байна.
Хэдийгээр анхны хуулийн төсөл нь хараахан ил болоогүй ч ердөө жил хүрэхгүйн өмнө шийдлийн Засгийн газраас оруулж ирж байсан төслөөс харахад эхний ээлжинд манай улс казино байгуулах эрх олгосныхоо төлөө 35 тэрбум төгрөгтэй болно. Гэхдээ зөвхөн нэг хөрөнгө оруулагчаас. Үүний цаана хоёр байршилд хэдэн казино нээх вэ гэдгээс хамаараад дээрх 35 тэрбум төгрөг үржээд явчихна. Тэгэхээр та бидний хувьд “Казино байгуултлаа удна. Тэр болтол мөнгө орж ирэхгүй” хэмээн хүлээх хэрэггүй болов уу. Тендерт ялахтайгаа зэрэгцэн эрхээ баталгаажуулах учраас тэр шүү дээ. Жилийн дундаж орлогын тухайд 74-138 тэрбум гэсэн тооцоо бий.
Харин морин тойруулгын уралдааны тухайд үндэсний өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ олон улсад морио амжилттай уралдуулж буй бизнес эрхлэгчдийн бооцооны мөнгийг Монголдоо үлдээх гэсэн сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын гурван морь “Sky Blue Mongolia”, “Mongolian Star”, “Queen of Mongolia” гэсэн нэртэйгээр АНУ-ын морин тойруулгын уралдаанд амжилттай уралдаж буй. Иймд тэдгээрийг Монголд авчрах, цаашлаад дэлхийн хөрөнгөтнүүдийг урих зорилготой гэдэг нь тодорхой.
Тэгвэл казино дагасан иргэдийн айдаст Засгийн газар ямарт хариулт өгөх вэ. Энэ талаар УИХ-ын гишүүд “Монгол хүнд хаалттай казино байна. Хуулийг яг таг баримтална. Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүсэд алс зайдуу байна” гэдэг тайлбар хийж байгаа. Гэсэн ч зөвхөн хөлсний өрөөнд нууцаар ажиллуулж байсан мөрийтэй тоглоомын ганц газраас гэхэд 1.2 кг алт алга болж, түүний төлөө чамгүй олон залуус амь насаа үл хайхран хутга, зэвсгэндээ хүрсэн байхад үүнийг ямар хууль, эрх зүйн зохицуулалтаар хязгаарлах вэ гэдэгт өнөөдөртөө хариулт алга гэж болно. Энэ бол яах аргагүй казинотой хамт яригдах ёстой асуудал юм.
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН “СЭТГЭЛ” ЗӨӨЛӨРСӨН ГЭВ
Олон улсын валюгын сан нь 1944 онд байгуулагдсан бөгөөд төлбөрийн тэнцлийн хямралтай улсуудад “аврах ажиллагаа” явуулдаг. Гэхдээ энэ нь тодорхой шалгуур бас болзолтой. Манай улсын хувьд Олон улсын валютын сан шинэхэн танил, шинэ хамтрагч биш. Харин өмнө нь харилцаж ирсэн харилцааны хэм хэмжүүр, болзол нөхцөл нь зөөлрөнө гэдэгт Засгийн газар ч, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч итгэж буйгаа энэ долоо хоногоос эхлэн зарлаад эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гэхэд энэ талаар “Стэнд бай” хөтөлбөрийн талаар өмнө нь шүүмжлэлтэй хандаж байснаа нуухгүй ээ. ОУВС-гаас энэ нөхцлийг биелүүлбэл бид хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн тулган шаардлага өндөртэй, өөрсдийнхөө өгсөн зөвлөмжийн дагуу явахыг даалгадаг зэргээс болоод дэлхий нийтэд хэрэгжүүлсэн төслүүдийнх нь хувьд алдаатай зүйл бишгүй л гарсан. Тэдний заавраар замнаад хөгжөөгүй улс орнууд бий, бас амжилттай болсон нь ч цөөнгүй. ОУВС-гийн арга барилын талаар дэлхий дахинд нэлээд шүүмжлэл өрнөсөн учраас бодлогодоо өөрчлөлт оруулсан байх. Сүүлийн жилүүдэд улс орнуудын дотоод нөхцөл байдлыг ойлгох, нийгэм, улс төрийн чшлэлээр судалгаа хийх, Засгийн газрынх нь төслүүдийг дэмжих зэргээр уян хатан хандаж байгаа юм байна.
ОУВС-ийн төлөөлөлтэй уулзаад миний бодол өөрчлөгдсөн. Бид бодлогоо оновчтой тодорхойлж санал хүргүүлбэл дэмжигдээд явах бололцоотой. Өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ч бид хүссэн, хүсээгүй “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болж байна. Нэгдүгээрт, ОУВС-ийн бодлого өөрчлөгдсөн байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруул, түүн дээр харилцан ярилцаж шийдье гэж байна. Тэгэхээр Засгийн газар хөтөлбөрөө сайн хийх хэрэгтэй” гэдэг тайлбар өгсөн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ч түүний дүгнэлтийг баталсан. Одоогийн урьдчилсан яриагаар тус сангаас 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах бөгөөд үүний тулд санхүүгийн сахилга батыг Монголын Засгийн газар батлах ёстой. Учир нь, тус сан эдийн засгийн хямралтай улс оронд дэмжлэг үзүүлэхдээ юун түрүүнд өөрсдийнх нь арга барил, бодлогын хэрэгжилтийг хангахыг шаарддаг. Үүндээ 24-36 сарын хугацааг гол болгодог бөгөөд 0.15-0.6 хүү боддог. Гэхдээ үүний “төлбөрт” наад зах нь нийгмийн халамжийн бодлогоо хумих хэрэгтэй гэдэг дээр өнөөдөртөө Засгийн газар тодорхой хувилбар дэвшүүлээгүй байгаа аж.
САНГИЙН ЯАМ ГАДНЫ БАНКИЙГ “ЛОББИДОВ”
Өнгөрсөн хугацаанд гадны банк Монголд оруулж ирэх замаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулж, хөгжлийн хөтөлбөр болон томоохон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх хэрэгтэй гэдгийг бизнес эрхлэгчид удаа дараа мэдэгдэж ирсэн. Гэсэн ч засагт ч, иргэдэд ч “Bank of China” гэдгээс өөр нэр, сураг байгаагүй. Тэгвэл одоогийн байдлаар Хятадын “Bank of China”, Германы “Deutsche Bank”, Америкийн “Goldman Sachs”, Японы “Sumitomo Mitsui banking corporation” гэсэн дөрвөн банк саналаа илэрхийлсэн нь тодорхой боллоо. Хятадын “Bank of China”-г эс тооцвол бүгд хувийн хөрөнгө оруулалттай.
Харин тус банкны хувьд төрийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ дотоодын арилжааны банкнуудын эгдүүцлийг төрүүлж буй.
Гэсэн ч Сангийн яам энэ удаад Монголбанканд гадны банкийг оруулж ирэх талаар албан бичиг хүргүүлж, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллахыг нь дэмжихийг хүссэн байна. Гол нь, энэ бол зөвхөн Сангийн яамны гэхээс илүүтэй Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зорилго гэж болно. Мөнгө, санхүүг нь удирддаг Сангийн яам нь ямар ч тохиолдолд ийм саналыг дангаар гаргахгүй. Тиймээс арилжааны банкуудын эсэргүүцэл хэр хол явахаас үл хамааран дээрх дөрвөн банк болон бусад сонирхогчдын хүсэлтийг хүлээн авч, Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх цаг хугацаа ойрхон ирснийг үгүйсгэх аргагүй юм. Харин “төрийн”, “хувийнх” гэсэн онцгой нөхцлийг харгалзаж үзэх эсэхээс нь Хятадын “Bank of China” Монголд орж ирэх эсэх нь тодорхой болох биз ээ.
ОЮУТОЛГОЙГ ХҮЛЭЭСЭЭР…
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцаж “Үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй” гэдэг шаардлага тавилаа. Зөвхөн ганц Оюутолгой ч бус Тавантолгой, Төмөр зам, Гацууртын ордоос гэхэд ойролцоогоор 195 тэрбум ам.доллар босгох зорилго Засгайн газарт бий. Харин Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөл Монголд хуралдах үеэр “Рио Тинто”-ийн удирдлагууд ойрын 10 жилдээ Монгол Улс ноогдол ашиг авахгүй гэдэг мэдэгдлийг хийсэн. Харин ажлын байр нэмэгдүүлэх, татвар төлөлтийн тухайд цаг тухай үед нь бүх зүйлийг гэрээний дагуу гүйцэлдүүлэхээ амласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжиж, борлуулалт нь өсөхийг хүлээх эцсийн шийдлийг хүлээхээс өөр аргагүй гэсэн үг.
Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Монгол Улсын эдийн засгайг аврах итгэл найдваруудаас тодруупан мэдээлэл өгөхөд энэ байна. Харин энэ бүхэн нь 18 сарын дотор эцсийн шийдвэр болон гарч, 18 сарын дараагаас үр дүнгээ өгч эхлэх эсэх нь тодорхой бус юм. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлэг 65-уулаа ч гал тогоонд нь дүрэлзэх зөрчил нэгээхэн ч үгүй гэвэл гурвалжин дүрсийг дөрвөлжин болгон харахын үлгэр болох биз.
Эцэст нь, Олон улсын валютын сангийн гаргасан тайлан мэдээлэлд Монголын эдийн зэасгийн өсөлтийг 2017 онд 2.5 хувь байхаар тооцолсон тухай мэдээллийг хүргэе. Улмаар 2021 онд энэ тоон үзүүлэлт 7.2 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь харьцангуй өндөр үзүүлэлт. Гол нь энэ тоон үзүүлэлтийг амьдралын чанар хийгээд иргэдийн амьжиргааны төвшин, улс орны эдийн засагтай холбож, бодит үр дүн болгож чадах эсэх нь өнөөгийн эрх баригчдаас хамаарна гэдэгтэй маргах аргагүй юм. Учир нь, тэд эрх баригчид.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: