Ц.Буянцогтоо: Монгол төрийн пропагандагийн бодлого гэж байх ёстой
Х.МОНГОЛХАТАН
Бид салбар,салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэндхүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоогурьж ярилцлаа.-Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг өрнүүлж байна. Аж үйлдвэрийн анхны хувьсгал уурын хөдөлгүүр нээснээр эхэлж байсан бол хоёр дахь хувьсгал цахилгаан энергийг нээж эзэмшсэнтэй холбоотой. Харин аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотой. Яг өнөөдөр ид өрнөж байгаа дөрөв дэх хувьсгалаар IoT (Internet of Things) буюу Юмсын интернэтийн технологи дэлгэрч буйгаас улбаалан өнөөг хүртэл оршиж ирсэн үйлдвэрлэлийн загвар бүхэлдээ өөрчлөгдөж байна.
Дэлхийн хөгжлийг гүйцэхийн тулд бид яах ёстой вэ. Монголын хөгжлийн асуудлаар өөрийн өнцгөөс санал бодлоо хуваалцая.
-Улс гэдэг тодорхой хил хязгаарын доторх газар нутаг, хүн ам, мал аж ахуй, газрын баялаг, төрийн институттэй, тусгаар тогтносон, хүний нийгмийг хэлнэ гээд бүдүүн багцаагаар тоймлож болох биз. Төр гэдэг тухайн улсын нийгмийг удирдан чиглүүлж байдаг институтуудын нийлбэр гэж болно. Германы философич Хэгелийн хэлснээр “Төр гэдэг этикийн идейг бодитойгоор хэрэгжүүлсэн тогтолцоо” ажээ. Тэгвэл, Макс Вебер “Хуулиар хүч хэрэглэх монополь эрх бүхий нийгмийн институт” гэсэн байна.
Аливаа улсыг төр нь хөгжүүлэх үүрэгтэй гээд шулуухан хэлчихэж болно. Төр тэгсгээд саад тотгор бололгүйхэн холхон шиг байгаад өгвөл хувийн секторынхан бизнесээ хөгжүүлээд улс орныг мандуулаад өгнө гэдэг яриа бол огтоос буруу. Энэ бол арга ядсан хүмүүсийн үг болохоос, төр гэдэг тийм үүрэгтэй институт ерөөсөө ч биш.
Улс орны хөгжлийг төр нь удирдан манлайлж, цогцлоох ёстой. Тиймээс, төрийн институт хүчтэй байх нь хөгжил цэцэглэлт ирэхийн урьдач нөхцөл мөн. Төр хүчтэй байна гэдэг төрийн түшээд нь өндөр мэдлэг чадвартай, өндөр ёс суртахуунтай байх ёстой.
Бид түүхээ сайтар судлах ёстой. Түүхийн явцад бидний төрт ёсны уламжлал гажуудаж, бидний тархи толгой бусдын зааврыг дагаж явсны харгайгаар төрөө засах ухаанаа алдаж, самуурсаны уршгийг өнөө бид их, багаар амсаж явна.
Ардчиллыг амжилттай хөгжүүлж яваа гэдгээрээ өнөөгийн Монгол Улс дэлхийд нэртэй ч, Монгол төрийн систем хүчтэй байж, хөгжил цэцэглэлтийн зам руу улс орноо оруулж чадсан гэж хэлэхэд хэцүүхэн байгаа нь бодит үнэн. Үүний нэг шалтгаан бол төрийн тогтолцоо маань сул дорой байгаатай холбоотой гэж би боддог.
Бидний өнөөгийн нүүр царай түүхэн шалтгаантай. Тиймээс, бид түүхээ эргэн сайтар судалж, тэндээс авах зүйлээ авч, сэргээн, бидний оюунд үлдсэн буруу мэдлэг, мэдээллийг таягдан хаяж, бие даасан оюун сэтгэлгээтэй үндэстэн болж төлөвших үйл явцыг түргэтгэх бодит шаардлага байна. Энэ ажлыг төр хийдэг юм. Энэ ажлыг төрийн түшээд хийх эрхэм үүрэгтэй.
Сонгууль, хүний эрхийн тогтолцоог шинэчлэх тал дээр чамлахааргүй амжилт гаргаж, ардчилсан төрийн институтийг амжилттай цогцлоож яваа ч, нам төвтэй төр болон хувирч, сонгуулиар эрх барих нам солигдох бүрт хэдэн арван мянгаар төрийн албан хаагчдаа халж ажилгүй болгодог маш муу практик өнөөгийн манай төрд бодит үзэгдэл болон хэвшжээ. Төрийн бодлогын залгамжит чанар байхгүй шахам боллоо. Энэ бол гамшигт дүр зураг. Уг нь төрийн бодлого үндэсний эрх ашгаа дээдэлж, залгамжит чанарыг хадгалан тасралтгүй, эрчимтэйгээр хөгжил цэцэглэлтийн төлөө явах ёстойсон.
Ардчиллаар замнасан он жилүүдэд бид шинэчлэх ёстой бүх зүйлийг, ялангуяа мэдлэгийн системээ бүхэлд нь шинэчилж амжаагүй явна. Боловсролын системээ “бүрэн шинэчилж чадаагүй, суурь чанартай шинэчлэл явагдаж амжаагүй” гэж хэлнэ. Ялангуяа, нийгмийн шинжлэх ухаан, социализмын үед огт орж ирээгүй философи тэргүүтэй либераль боловсролын агуулгыг шинээр нутагшуулах ажил маш ихээр хоцрогдож яваа. Энэ бүхэн төрийн байгуулалтын шинэчлэл, улстөрийн сэтгэлгээ, нийт ард түмний боловсролын түвшинд нөлөөлсөөр байна.
ЯАЖ ИЙЖ БАЙГААД “ТАСАРЧИХ” ЮМСАН…
-Англиас эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалыг дэлхий даяар улс орон бүр өөр өөрийн онцлогт тааруулан хийж, амжилт олж чадсан нь хөгжилтэй орны тоонд орсоор өнөөдрийг хүрч ирлээ. Улс орнуудын хөгжлийн түүхийг харьцуулан судалсан олон эрдэмтэд үйлдвэржилтийн чухлыг онцлон тэмдэглэдэг. Ялангуяа, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эхэлсэн хүйтэн дайны эрин үед өрнөсөн аж үйлдвэржилтийн давалгаагаар Европ, Азийн олон орон үйлдвэржсэн, орчин үеийн эдийн засагтай улс болон хөгжсөн байдаг.
Хүйтэн дайны үеийн нэг онцлог бол Зөвлөлт Холбоот улс, Америкийн Нэгдсэн Улсаар тус бүр толгойлуулсан хоорондоо үл эвлэрэх хоёр лагерийн хоорондын тэмцэл үнэн хэрэгтээ эдийн засгийн хөгжлийн уралдаан болж байв. Харамсалтай нь, бидний замнаж ирсэн Зөвлөлт лагерийн сонгосон социализм гэх тэр “утопи загвар” оршин тогтнох үндэсгүй хэмээгдэн эцсийн дүндээ нуран унасан. Тиймээс, тэрхүү системийн золиос болсон манай улс сүүлийн 26 жил бие даан чөлөөт зах зээлийн капитализмыг хөгжүүлэхээр чармайн зүтгэж ирлээ.
Америк тэргүүтэй капиталист лагерьт харъяалагдаж байсан Европийн орнууд, Зүүн Азийн орнуудад аж үйлдвэржилтийн хувьсгал амжилттай явагдаж хөгжилтэй нийгмийг байгуулж чадсан түүхтэй. 1950, 1960-аад оны үед хоёр лагерийн хоорондын эдийн засгийн өрсөлдөөн ид хүчээ авч байжээ. Тухайлбал, Азид гэхэд америкчууд Японыг капиталист лагерийн үлгэр жишээ орон болгон харуулах зорилгоор эдийн засгийн хөгжлийг нь онцгойлон дэмжиж, дайны дараах нуранги дороос асар богино хугацаанд эдийн засгийг нь босгож ирсэн. Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжилд мөн л АНУ, Японы дэмжлэг томоохон байр суурь эзэлдэг.
Хэдийгээр аливаа улсын хөгжлийн түүх тухайн цаг үедээ таарсан өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өвөр хоорондоо ялгаатай байдаг ч, бид бусад орны туршлагыг сайтар анхааран судалж, өөрсдийн онцлогтой жишиж үзэх хэрэгтэй юм. Төрийг бэхжүүлэх (State building), үндэстнийг бүтээх (Nation building) гэдэг ихээхэн нарийн төвөгтэй үйл хэрэг бөгөөд тодорхой онолын мэдлэг дээр үндэслэдэг, динамик шинжтэй үйл явц юм.
1960-аад онд АНУ-ын гурван ч ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Волт Ростов хэмээх эдийн засагч эрдэмтэн “Эдийн засгийн өсөлтийн үе шатууд” хэмээх номдоо улс орнуудын эдийн засгийн хөгжлийн статусыг таван шатлалаар ангилж үзжээ.
Уламжлалт нийгэм, шилжилтийн үе, хөөрөх буюу газраас тасрах, боловсорч гүйцэх, өндөр түвшний масс-хэрэглээний үе гэсэн таван үе шатыг тодорхойлжээ.
Ростовын үечлэлээр манай эдийн засаг чухам аль шатандаа явааг тодорхойлох гэж оролдох нь зүйтэй байх. Магадгүй, манай эдийн засагт тэрхүү таван үе шат бүрийн шинжүүд ямар нэг хэмжээгээр илэрч байж болно.
Манай хөдөө аж ахуйн салбар үндсэндээ нэгдүгээр шат буюу уламжлалт нийгмийн үе шат дээр яваа нь мэдээж илэрхий. Хөдөө аж ахуй манай эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг ч, бүтээмж өндөртэй орчин цагийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд дэд бүтэц, технологи, хүний нөөцийн бэлтгэл гээд олон талт шинэчлэлийг явуулах замаар модернизацийг өрнүүлэх шаардлагатай. Энэ бол Ростовын онцолсоноор “газраас тасрах” урьдач нөхцөл болно.
Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн тулгуур салбар. Манай эдийн засгийн модернизаци энэ салбараас эхлэх ёстой. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад гээд Азийн эдийн засгуудын хөгжлийг цаг хугацааны дагууд Ростовын үечлэлээр авч үзэхэд бүгдээрээ адилхан гэмээр хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлээс бүхнийг эхлүүлжээ. Түүний хажуугаар боловсруулах үйлдвэрийн салбараа хөгжүүлж, экспортыг эрчимжүүлэх замаар эдийн засгийн модернизациа өрнүүлж ирсэн нийтлэг гальбир харагдаж байгаа юм.
Монгол Улс ч гэсэн, энэ л замаар явах ёстой болов уу. “Айлын хүүхдүүдийн” хийж бүтээснийг судалж, суралцаж байгаад яаж ийж байгаад “тасарчих” юмсан.
СОЁН ГЭГЭЭРЭЛ
-Ард түмнээ соён гэгээрүүлэх гэдэг төрийн хамгийн чухал, эрхэм үүргийн нэг. Соён гэгээрлийн төлөө хүн төрөлхтөн уртаас урт тэмцэл хийж ирсэн түүх бий. Энд миний бие соён гэгээрэл гэдгээр ард түмнээ модерн цагийн мэдлэг, боловсролтой, үндэстнийхээ амбиц, эрхэм хүслийг ойлгож мэдэрсэн, үндэсний гэсэн ондоошилтой (national identity), дэлхийн улсуудтай өрсөлдөх чадвартай үндэстнийг бүтээхийн төлөө төрөөс бий болгох ёстой экосистем гэж тоймлон тодорхойлж байна.
Төрийн соён гэгээрлийн экосистем дотор заавал авч үзэх ёстой нэгэн ойлголтыг энд хөндөхийг хүслээ. Тэр бол State Propaganda буюу Төрийн пропаганда юм. Төрийн пропаганда гэдэг бол төр өөрийн зорилгоо ард түмэндээ сайтар ойлгуулж, төр, ард түмний дунд нэгдмэл ойлголт, зөвшилцөлийг бий болгох зорилгоор явуулдаг харилцааны томоохон хэрэгсэл гэж ойлгож болно.
Төрийн пропагандагийн тухай В.Липпман 1922 онд “Олон нийтийн санал бодол” гэдэг ном гаргасан нь энэ сэдвийг авч үзсэн бараг анхны тохиолдол болов уу. Липпманий хэлснээр масс медиа бол бодит ертөнц ба бодит ертөнцийн талаарх олон нийтийн танин мэдэхүй хоёрыг холбох үүрэгтэй ажээ. Масс медиа, урлаг, соёл, түүхийн контентуудад төр оролцож байх ёстой. Чиглүүлж байх үүрэгтэй. Мэдээж ардчилсан төр бол ардчиллын зарчим дээр суурилж тэрхүү үйл ажиллагааг явуулах тогтолцоотой байх нь ойлгомжтой.
Төрийн пропагандагийн түүхэн жишээ олныг дурдаж болно. Нацист Германий пропаганда бол маш том жишээ. Гэхдээ, пропагандаг сөрөг утгатай гэх ойлголт манай түрүү үеийнхэнд түгээмэл байдаг. Тийм биш юм. Өнөөгийн өндөр хөгжилтэй ардчилсан улсын төрүүд пропагандагаа өнөөдөр ч гэсэн явуулсаар байна. Бид тэдний пропагандаг сайн, муу гэж тодорхойлохдоо гол нь биш, учрыг нь ойлгож, өөрсдийн системтэй харьцуулж, түүнийгээ хэрхэн сайжруулах тухай бодож сэтгэх учиртай.
Ер нь аль ч улсын төрийнх нь пропагандаг ажиглаад үзэхэд үндэстнийхээ төлөө гэсэн үзэл санаан дор өөрийн гэсэн онцлогтойгоор, зориудын бодлоготойгоор явуулж байдаг нь илт мэдэгддэг.
Монгол төрийн пропагандагийн бодлого гэж байх ёстой. Тэр бодлогоо манай төр гаргах ёстой. Төр хүчтэй байхын нэг үндэс бол яах аргагүй энэ сэдэв мөн. Төрийн институт маань эмх цэгцтэй бодлого боловсруулж байж хийх ёстой зүйл. Төрийн бодлого юм хойно, тэнд нууцлах ёстой зүйлүүд ч байх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: