ОУВС-гийн шахалтаар Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх үү

eb268faeda73702c7595077ea8cff26af97a818cХөгжлийн банкинд “Чингис” бондын талтай дүйх буюу 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр зарласан нь саяхан. Томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, хөрөнгө босгох үндсэн үүрэгтэй тус банк мөнгө хүүлэх хэрэгсэл болсныг баримтаар “илчилсэн” энэхүү үйл явдал санамсаргүй зүйл биш байсан бололтой. Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулж, 580 сая ам.доллар амжилттай босгож байсан Хөгжлийн банкийг анх байгуулсан хүмүүс нь татан буулгах алхмуудыг бага багаар хийж байсны эхлэл нь ч байж магадгүй нь. Үнэхээр санхүүгийн зөрчил илэрсэн бол, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг буруу зарцуулсан  нь үнэн бол холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг.Харин “зөрчилтэй” нэрийн дор улсын төсвөөс санхүүжүүлэх бололцоогүй томоохон төслүүдийг хөдөлгөх, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн гол банкаа татан буулгах нь хэр зохистой бол.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад хэд хонож байна. Эхний босгоо буюу мэргэжлийн Байнгын хороогоор дэмжигдээд буй энэ төсөлд Хөгжлийн банктай холбоотой тодорхой заалтууд тусаад байгаа аж. Тухайлбал, УИХ-ын 2017 оны хаврын чуулганд багтаж Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батална гэсэн заалт ороод байгаа юм. Энэ тухай шаардлага, шалтгаанаа Засгийн газар “Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй актив хөрөнгийн зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэх. Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулж, засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх” гэж тайлбарлажээ.

Өнгөн дээрээ ийм тайлбартай ч Хөгжлийн банкны тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулснаар том төслүүдийг санхүүжүүлэх боломжийг нь эрс хумих агуулга нуугдаж буйг зарим эх сурвалж өгүүллээ.

Харин ийм сонголт хийх болсон шалтгаан нь юу байв. Санхүүгийн зөрчил илэрсэндээ гол бус, харин ОУВС-гийн шахалт, шаардлага Засгийн газрыг ийм алхам хийхэд хүргэж байх талтай аж. Тодруулъя.

Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах талаар энэ өдрүүдэд ид хэлэлцэж байна. Хятадын мөнгө үү, “Стэнд бай” хөтөлбөр үү гэсэн хоёр сонголттой асуулт тавих ч шаардлагагүй болсон. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар эцэслэсэн шийдвэр гараагүй байгаа. 2016 онд багтаад хоёр тал тохиролцож чадвал ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж асуудлыг шийдвэрлэх учиртай. 2016 онд багтах магадлал тун бага байна. Тэгэхээр 2017 оны нэгдүгээр сард тохирох болов уу гэсэн таамаг байна” гэж мэдэгдээд зогсохгүй “Урд хөршид тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээч, манай улсын зарласан том төслүүдэд танай улсын компани оролцооч гэсэн хүсэлтийг тавихаас аргагүй байдалд орсон. Зөвхөн урд хөршид бус ОХУ, Япон, Солонгос зэрэг улсуудад хүсэлт тавихаас аргагүй” гэж мэдэгдээд байгаа билээ. Ер нь бол Хятадаас мөнгө авлаа ч “Стэнд бай”-г хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд УИХ-д жин дарж байгаа.

Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Стэнд бай” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгааг 2017 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Иймээс л “Стэнд бай”-г хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкийг татан буулгах, үгүй ядахдаа зорилгыг нь өөрчлөх шахалтад Засгийн газар орсон байж магадгүй байна. Учир нь 2009 оны эдийн засгийн хямралын дараа ОУВС-гаас манай улсад хоёр жилийн турш суурин төлөөлөгч томилон ажиллуулсны эцэст нэгэн дүгнэлт гаргаж байсан нь цаасан дээрээ л үлджээ. Тэнд “Монгол Улсын эдийн засаг саяхан нүүрлэсэн хямралаас гайхалтай хурдан сэргэж чадлаа. Нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсч, уул уурхайн хоёр төсөл эдийн засгийн эргэлтэд удахгүй орох гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг  гэрэлт ирээдүй хүлээж, иргэд хөгжлөөс нь хүртэх боломж байгааг харуулж байна” хэмээн бичсэн байв. Гэхдээ сайхан үгтэй энэ дүгнэлттэй зэрэгцэн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ОУВС-гийнхан нэгэн анхааруулга өгч байсан нь шууд Хөгжлийн банктай холбоотой байв. Тэд “Байгуулагдаад удаагүй байгаа Хөгжлийн банк бидний санааг ихээхэн зовоож байна. Хөгжлийн банкийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрч гарах арга хэрэгсэл, эсвэл Засгийн газрын төсвөөс гадуур зарлагыг санхүүжүүлэх нэг механизм  болгон ашиглах ёсгүй. Эс тэгвээс төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж, ил тод байдлыг доройтуулах болно” гэж анхааруулж байсан аж.

Тус сангийн Ази номхон далайн бүсийн  төвийн дэд захирал Свитен Барнетээр ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү мэдэгдлээ төр засгийн болон бусад байгууллагынханд танилцуулсан ч үүнийг нь монголчууд хэрэгжүүлээгүй билээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн техникийн баг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн Монгол Улсад ажиллаад өнөөдөр дуусч байна. Энэхүү техникийн гэх ажлын хэсгийн дүгнэлтээс манай улс уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь ерөнхийдөө шалтгаална. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь бид Хөгжлийн банктай байх эсэхээс шалтгаалж магадгүй болоод байна. Тиймээс ОУВС-гаас манай улсад Төсвийн ”Сахилга бат”-ыг чанд сахиж төсвийн зарлагыг хасах шаардлага тавихаас гадна Засгийн газарт Хөгжлийн банкийг татан буулгах санал тусгах магадлал ийнхүү өндөр байгаа аж. Монгол Улсад тус сангийн суурин төлөөлөгчөөр хоёр жил ажилласан Пармершвер Рамлоган ярилцлага өгөхдөө “Хөгжлийн банк бол арилжааны банк байх ёстой. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвартай арилжааны банк байхын тулд зарлагаа нөхөх боломжтой, ашиг олох төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны төлөвлөгөөнд одоогоор ийм зүйл байхгүй байна. Хөгжлийн банк дэд бүтэц, барилга, төмөр зам гэх мэт шууд орлого олох боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байна. Хэрэв Хөгжлийн банк зээл авч эдгээр төслүүдийг санхүүжүүлсний дараа ямар ч ашиггүй байвал зээлийн эргэн төлөлтийг төсөвт л найдахаас өөр аргагүй болно.

Эндээс харахад эцсийн эцэст улсын төсөв л дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төслүүд эцсийн эцэст төсвөөс санхүүжих атлаа төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банкинд харьяалагдаж байдаг. Тиймээс л бид Хөгжлийн банк, Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагын хэрэгсэл болж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар зарим зарлагаа Хөгжлийн банк руу шилжүүлснээр цаасан дээр харьцангуй зарлага багатай мэт харагдах болно. Гэвч яг бодит байдал дээрээ бол энэ бол Засгийн газрын зарлага” гэж мэдэгдээд байсан билээ.
Харин Монгол Улсын хувьд Хөгжлийн банкны тухай хуулийг арай өөр агуулгаар анх баталж байв. Бүр тодруулбал “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл,

хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж Хөгжлийн банкны тухай хуульд тусгасан байгаа. Энэхүү том төсөл гэдэг нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бололцоогүй, нэг ёсондоо урт хугацаандаа эдийн засагт ашгаа өгдөг, анхны хөрөнгө оруулалт өндөртэй төсөл байх талаар хууль батлах үед яригдаж байсан нь бий. Иймээс л ОУВС-гийн өмнө нь тавьж байсан анхааруулгыг хүлээж авбал хөгжлийн гэгдэх томоохон төслүүд хаанаас санхүүжих нь тодорхой бус болж мэдэх юм.

 

АРДЫН ЭРХ сонин


URL:

Нэр: Trans Огноо: 5 November 2016

Трансжендер мисс Солонго Кёкүшюзан Д.Батбаяр “Цаст”-ын Н.Баярсайхан аас их хэмжээний мөнгө нэхжээ
Дэлгэрэнгүйг: 99902882
96902882

Сэтгэгдэл бичих