Толинд туссан дүрсээ анзаарахуй

195540-02112016-1478080043-536876981-zgm

Дунд сургуулийн нэгэн багш сурагчаа алгадаж аваад хэрэгт орсон түүх саяхных. Эцэг, эх нь сургуулийн захиргаанд гомдол гаргаж, гэмтнээр “тодорсон” багш цалингийнхаа тодорхой хувиар торгуулиад өнгөрсөн санагдаж байна. Тэр үед “балмад” багшийг муулсан сэтгэгдэл цахим ертөнцөөр дүүрсэн. Гэхдээ энэ үед асуудлыг нөгөө өнцгөөс нь бодож эргэцүүлсэн хүн хэр олон бол?

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн 90 хувь нь эцэг эх, гэр бүлээс хамааралтай

Бид өөрсдийн ганц, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж яаж үйлээ үздэг билээ. Уурласан үедээ загнаж хашгичих, зарим тохиолдолд “таван салаа боов”-ны амт үзүүлэх нь энүүхэнд. Гэтэл нэг ангийн 40, 50 хүүхэдтэй ажиллаж буй багш ямар их бухимддаг нь ойлгомжтой. Үүнийг бичихдээ би сахилгагүй сурагчаа алгадаад авсан багшийг зөвтгөх гэсэнгүй. Харин бид хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн санаа хөндөх гэснийх.

Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй болсон гэж ахмадууд их ярьдаг. Тэд өөрсдийн үед сайхан байснаа дурсаж, одоогийн хүүхэд, залуусын хүмүүжлийн доголдлыг шүүмжилнэ. Бодоод байхад тэдний ярианд үнэний ор их бий.

Миний хувьд дээр үеийн түүх ярьж чадахгүй. Гэхдээ бидний үед багшийнхаа өөдөөс хэдэрлэж хэрэлддэг бөх зүрхтэй сурагч бараг байсангүй. Ахмад настан, дээд үе, багш нараа хүндлэх үзэл нэвт шингэсэн байсан юм уу даа. Ингэж өслөө гээд муудаагүй ээ. Харин ч хожим ажилд орж, хамт олон дунд байр сууриа олоход ах захаа хүндлэх багын суурь хүмүүжил маань их тус болсон гэж боддог. Тиймээс одоогийн хүүхдүүдийн хүмүүжлийн талаар хөгшид шиг үглэх гээд байна.

Манай хүүгийн ангид нэг “том толгойтой” нөхөр бий. Ангийнхаа хүүхдийн ээжийн өөдөөс дунд хуруугаа гозойлгоно, дээд ангийнхаа эгчийг өшиглөөд зугтаана, багшийнхаа өөдөөс зовсон шинжгүй хэрэлдэнэ. Дөнгөж долоон настай хоёрдугаар ангийн хүүхэд шүү дээ. Багш нь мань хүнийг хүмүүжүүлэх гэж аргаа бардаг бололтой. Хэрэв үгэнд орсонгүй гээд алгадаад авбал эхэнд дурдсан багш шиг арга хэмжээ авахуулж мэднэ. Долоохон настайдаа ингэж задарч байгаа нөхөр анги дээшлэх тусам яаж авирлахыг төсөөлөхөд ч бэрх. Харамсалтай нь, түүн шиг дэггүй нь дэндсэн хэцүү хүүхэд жил ирэх тусам нэмэгдэх шинжтэй. Харин бид хүүхдээ ийм байдалтай хүмүүжүүлж буй хэрнээ хүний эрх, хүүхдийн эрх ярьж, багшид арга хэмжээ авахуулахдаа нэлээд гарших шинжтэй болоод байна.

Нөгөө талаар бид бурууг өөрөөсөө биш, бусдаас хайх нь элбэг болжээ. Хүүхдийн хүмүүжил, сурлагатай холбоотой асуудал гарлаа гэхэд өнөөгийн боловсролын тогтолцоо, төр засаг, сайд руу буруугаа чихээд, өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг үлдэхийг бодно.

Төр, засгийн буруугаас болж хамаг юм бүтэхээ байсан мэт ярина. Гэхдээ засаг, төрийн алдааг шүүмжилж том юм ярихаасаа өмнө өөрийн хүүхдийн хүмүүжилд анхаараасай гэж зарим аав, ээжүүдэд хэлмээр санагддаг юм. Багш нартай холбоотой элдэв гомдол байсхийгээд л гарах болсныг та анзаарсан байх. Анги танхимын ачаалал дэндүү нэмэгдсэн, багш нар хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүй зэрэгтэй ч энэ холбоотой. Нөгөө талаар одоогийн хүүхдийн хүмүүжил ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болов уу.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн 90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс хамааралтай гэсэн судалгаа бий. Монголчууд энэ хандлагыг маш сайн мэддэг байсан тул хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх талаар эртний баялаг уламжлалтай. Ядаж л хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй, архи дарс уухгүй байх, тэдний санаа бодлыг сонсох, найз нөхдийнх нь дэргэд зэмлэж, буруутгахгүй байх гээд олон үнэтэй зөвлөгөө өгдөг байжээ. Тиймдээ ч хүүхэд харьцангуй даруулгатай, зөв хүн болж төлөвшинө.

  • Бид хүүхдээ ийм байдалтай хүмүүжүүлж буй хэрнээ хүний эрх ярихдаа хамгийн сайн.
  • Долоохон настайдаа ингэж задарч байгаа нөхөр анги дээшлэх тусам яаж авирлахыг төсөөлөхөд ч бэрх.
  • Хүүхдийнхээ зан ааш хэрхэн эвдэрснийг гэнэт ухаарч, засах гэж оролдоно. Харамсалтай нь, энэ үед дэндүү оройтсон байх нь олонтаа.

Харвардын их сургууль 1938 онд нэгэн судалгаа эхлүүлж, 75 жилийн дараа үр дүнгээ танилцуулсан мэдээлэл нэг хэсэг цацагдсаныг санаж байна. Судалгаанд 268 эрэгтэй оюутныг хамруулж, тэдний амьдралыг судалжээ. Үр дүн ч тэдний урьдчилан таамаглаж байсантай таарав. Тухайлбал, бага насандаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, эцэг эхтэйгээ ойр дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрсэн хойно ажил, амьдралдаа амжилт гаргаж байв.

Жилд 140 мянган ам.доллараас дээш орлоготой эрчүүдийн ихэнх нь халуун дулаан, эерэг уур амьсгалтай гэр бүлд өсөж, хүмүүжсэн байжээ. Мөн өтөлсөн хойноо сэтгэл хангалуун байх нь хүүхэд ахуйдаа аавтайгаа ямар харилцаатай байснаас шалтгаалдаг болохыг судалгаа харуулсан байна. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг л яваад байна гэсэн үг. Үр хүүхэд бол бидний толинд туссан дүрс гэж нөгөө талаар тайлбарлаж болно.

Мэдээж цаг үеэ дагаад хүүхдийн хүмүүжлийн арга барил өөрчлөгдөх байх. Сүүлийн үед эцэг, эхчүүд үр хүүхдээ бие даасан, нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгож хүмүүжүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж байна гээд багшийнхаа өөдөөс хэрэлдээд байвал энэ зөв хүмүүжил биш болж хувирна. Тиймээс ая тунг нь тааруулах л хэрэгтэй болох нь.

Нөгөөтэйгүүр, хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд гэр бүлийн түүх чухал үүрэгтэй байдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Тодруулбал, бага балчир насандаа эцэг эх, эмээ өвөөгөөсөө гэр бүлийнхээ тухай сонсож өссөн хүүхэд сэтгэл зүйн харилцаа тогтоохдоо сайн, хүнд нөхцөлд зүг чигээ амархан олдог аж. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар ахмад үеийнхний ямар нэг бүтэлгүй дурсамж хүүхдийн хөгжилд нөлөөлж, өөрийн хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Харин бид хүүхдэдээ ийм түүх ярьж өгдөг бил үү гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.

Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд нийгмийн өнөөгийн байдал асар их нөлөөлж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй. Өдгөө хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр сөрөг мэдээлэл илүүтэй цацагдаж байна. Сөрөг мэдээлэл их авах тусам хүүхдийн зан араншин эвдэрдэг болохыг судлаачид аль эрт тогтоосон. Бид үүнийг мэддэг хэрнээ тоохгүй явсаар хүүхдийнхээ хүмүүжлийг буруу тийш нь залуурддаг. Тэгээд л гэнэт хүүхдийнхээ зан ааш хэрхэн эвдэрснийг ухаарч, засах гэж оролдоно. Харамсалтай нь, энэ үед дэндүү оройтсон байх нь олонтаа. Тиймээс бүх зүйл болоод өнгөрсөн хойно амаа барихгүйн тулд хүүхдийнхээ хүмүүжилд одооноос анхаараарай. Даруулгатай өссөний буруу байхгүй гэдгийг бидний дээд үеийнхний хүмүүжил нотлоод байна шүү дээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих