АМЕРИКЧУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ҮҮДЭН СТРЕССТ ИХЭЭР ӨРТЖЭЭ
Энэ сарын 8-нд дэлхийн хүчирхэг нэгэн гүрний төрийн тэргүүн тодрох учиртай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох өдөр дөхөх тусам нэр дэвшигчдийн хоорондын мэтгэлцээн, тэмцэл ч улам ширүүссээр, эцэстээ сөхөх сул тал олдохгүй хэмжээнд хүрчээ.
Калифорни мужийн Лос-Анжелес хотын сэтгэл судлаач Жуди Блумын хэлж буйгаар энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тулаан урьд өмнө нь болж байгаагүй хэмжээнд тус улсын иргэдийг стресстүүлэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.
АНУ-ын Сэтгэл судлалын холбооны хүсэлтээр “Харрис Полл” компани олон нийтийн санал асуулга явуулсан байх бөгөөд үүний үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажиллагаа эхэлснээс хойш нийт америкчуудын ихэнх хувь нь стресст өртсөн нь тодорхой болсон байна.
Цагаан ордны тэргүүнийг сонгох сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн Эрүүл мэндийн даатгалын бодлого, Сирийн бодлого, гадаад худалдааны бодлогод том дутагдал байгааг шүүмжилж, улмаар Ардчилсан намаас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ыг сүйрүүлнэ гэх зэргээр сөрөг сурталчилгаагаа зогсоохыг хүсээгүй. Трампын хувьд Мексик АНУ-ын хилд хана босгоно, хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаана. Сирвийн дүрвэгсдийн дунд алан хядагчид бүгж байна гэх зэргээр анхаарал татсан олон олон мэдэгдлийг хийж ирсэн байдаг.
Нөгөөтэйгүүр, Хиллари Клинтон ч өрсөлдөгчийнхөө эсрэг хар пиар цацсаар байна. Түүний хувьд Доналд Трампын сэтгэл санааны байдал тогтворгүй, хэт богино бодолтой, цөмийн дайныг эхлүүлэх нь гарцаагүй гэх зэргээр шүүмжилж ирсэн. Мөн эмэгтэйчүүдийг үл тоомсорлож, тэднийг зүй бус үгээр гутаан доромжилж ирснийг өөрийн пиардаа ашигласнаар нэг хэсэгтээ л дуулиан тарьж байсан юм.
Тэгвэл нэр дэвшигчдийн энэ мэт өрсөлдөгчийнхээ эсрэг чиглэсэн сурталчилгаа эсрэгээр ард иргэдийг стресстүүлж, бухимдуулж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэхдээ тэдний тооцсоноор энэ удаагийн сонгууль бүх даг үеийн хамгийн стресстэй сонгууль болж буй аж.
Сэтгэл судлаач Жуди Блум “Нэр дэвшигчид нэг нэгийгээ худалч, сонгуулийн луйвар хийж байна гэх зэргээр шүүмжилж байна. Энэ сөрөг сурталчилгаа нь сонгогчдын тэвчээрийы хязгаарыг үнэндээ барж эхэлсэн” гэдгийг онцолж, бүр үүнээс үүдэн Канад руу нүүх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдэж эхэлснийг сануулсан байна.
АНУ-ын баруун этгээдийн Аризона мужийн сэтгэл судлаач Роберт Брайт ч гэсэн 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлага, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас хойш америкчуудыг хамгийн их бухимдуулсан хэрэг явдал өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болж буйг онцолжээ.
Б.Даваахүү
URL: