30 саяын төлбөртэй хувийн дунд сургуулиудад төрөөс 25 тэрбум төгрөг өгнө гэнэ үү

50ad6db688c410dac42c09317f66cd83_1200Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл, тийм. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, гадаад өрөө яаж дарах вэ гээд асуудал юу мундах билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газарт “бүсээ чангалах” том даалгавар оногдоод байгаа юм. Үндсэндээ хэтэрхий их хөөсөрчихсөн төсвөө хэмнэх шаардлагатай байна.  Тэвчиж болох бүхнийг тэвчээд, хэрэггүй зардлуудаа бууруулах шаардлага бий. Гэтэл харамсалтай нь ирэх оны төсөв дээр хэмнэх биш, харин ч хэрэгтэй хэрэггүй баахан зардал төлөвлөчихөөд байгаа.

Түүний нэг нь хувийн дунд сургуулиудын хувьсах зардал. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулган дээр “ Улаанбаатар хотод 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудад яагаад хувьсах зардал олгоод байдаг юм бэ. 30 мянган хүүхдэд 25 тэрбум төсөвлөсөн байна. Тэр байгууллагууд ашгаа олоод явж байгаа шүү дээ” хэмээн асуудал хөндөж, асуулт асууна билээ. Харин Сангийн сайд болохоор “Дунд сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх талаарх асуудлыг судалж үзнэ”  гэсэн хариулт өгөөд л орхисон. Ер нь судалж үзээд байх шаардлага юу байна аа. Өгөхгүй байхад л болоо биш үү.

Өнгөрсөн жил хувийн дунд сургуулиудад өгдөг хувьсах зардлыг хасаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэж байсан.  Тодруулбал, нэг сурагчаас таван сая төгрөг хүртэлх төлбөр авдаг хувийн сургуулийн хувьсах зардлыг 100 хувь олгосон. Харин  5-10 сая төгрөгийн төлбөртэй бол 60, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад 30 хувийн хувьсах зардал олгосон юм. Ингэснээр таван сумын ЕБС-ийн хувьсах зардал буюу 1.5 тэрбум төгрөгийг хэмнэж байсан. Тэгвэл ойрын хэдэн жилдээ энэ хувьсах зардлуудыг нь бүр хасчихсан ч яах вэ дээ.

Манайд жилдээ 10-аас дээш төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургууль 3-4 байна. Зарим нь бүр жилийн 30-40 саян төлбөртэй байгаа. Харин 5-6 сая хүртэлх төлбөртэй сургуулиуд цөөнгүй хэд байна. Зарим эх сурвалж болон, хэвлэлийнхний дурьдсан тоо баримтаас харахад, өндөр төлбөртэй сургуулиад жилдээ сургалтын төлбөрөөс хамгийн багадаа 20 тэрбумын ашиг олдог аж. За 20 тэрбум нь худлаа байя, цэвэр ашиг нь 2-3 тэрбум байлаа ч гэсэн багагүй мөнгө биз дээ. Ийм их ашигтай ажиллаж байгаа сургуулиуд хувьсах зардлаа төрөөс авах ямар ч шаардлага байхгүй. Юун улсын төсвөөс 25 тэрбум төгрөг өгөх. Боломжтой, баян хүмүүс нь хүүхдээ Монголд өндөр төлбөртэй сургуульд сургана уу, эсвэл гадаад руу явуулна уу, дурын хэрэг. Ёстой лаагаа иднэ, луувангаа иднэ үү гэдэг шиг.

Харин ард түмэнд татварынхаа мөнгийг хэсэг бүлэг баячуудын хүүхдүүд суралцаж байгаа хэтийдсэн өндөр төлбөртэй, хэтэрхий их ашигтай ажиллаж байгаа сургуулиудад өгөхийг хүсэхгүй л болов уу. Түүнийхээ оронд энэ мөнгөөрөө сургууль бариач дээ. 25 сургууль ирэх хавраас эхлээд барихад намар гэхэд ашиглалтад орчихно. Эсвэл талаар нь цэцэрлэг барьсан ч яахав дээ. Зарцуулах зүйл их л байна.

Энэ Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээг болиулах дээрээ тулчихаад байгаа. Ялих шалихгүй шалтгаан хэлж, судалж байгаа нэрийн дор зогсоочихсон. Яг үнэндээ хувьсан зардал өгч чадахгүй болохоороо л тэр шүү дээ. Ингэж л хардаж байна. Тэгвэл өндөр төлбөртэй, тэрбумаар нь ашиг олж байгаа хувийн сургуулиудад мөнгө зарахын оронд хүүхэд харах үйлчилгээнийхэндээ хувьсах зардлыг нь өгчихөөч дээ. Хэдэн хүүхэд ч болов гэртээ цоожлогдох аюулаас аврагдаж, хэдэн эцэг, эх ажил хийж, амьдрал ахуйгаа өөд нь татаг. 25 тэрбум гэдэг бол хэдэн баячуудад өгөөд цацчихад хэтэрхий хайран мөнгө шүү. Эсвэл өнөөх баячууд нь Засгийн газрын “багалзуур”-аас атгачихаад, мөнгө өгөхгүй бол гээд шахаад байгаа юм биш л бол.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих