Валютын ханшаа хянаж чаддаггүй Төвбанк
“Ноён” ногооны ханш өдөр ирэх тусам өсч, төгрөгийн ханш үнэгүйдсээр байна. Амралтын өдрүүдэд л гэхэд нэг ам.доллар 2374, юань 350.1 төгрөг болжээ. Үүнийг өмнөх дөрвөн жилд нэг бус 3-4 төсөвтэй явж ирсний гор одоо гарч байна гэж одоогийн гүйцэтгэх засаглалын удирдлагууд тайлбарлах.
Товчхондоо, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 3-4 их наяд орчим мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлснээс валютын ханш өссөн хэмээн тайлбарласан. Мөнгө хэвлэх ажлыг зогсоогоогүй бол валютын ханш одоо байгаагаас илүү өсөх байсан хэмээсэн ч сүүлийн нэг сарын дотор ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр нэмэгдээд байна.
Валютын ханш өсч байгаа шалтгааныг нөөц багассантай холбон тайлбарлах эдийн засагч ч бий. Түүнчлэн гаднаас валют орж ирэхгүй байгаагийн дээр нөөцөө ашиглаад буй нь ханш өсөх хамгийн том шалтгаан болж байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хууль эрхзүйн орчин бүрдүүлж ажиллаж байна гэж буй ч одоогоор гаднаас валют орж ирэхгүй байгаа. Учир нь, хөрөнгө оруулалт орж ирэх мөчлөг болоогүй, таатай орчин бүрдүүллээ гээд хөрөнгө оруулалтаа шууд оруулах хүн ховор гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж буй юм.
Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бодлогын хүүг ийн өсгөсөн нь монгол төгрөгийг чангаруулах алхам болж чадаагүйг өнгөрсөн сар гаруйн ханшийн өөрчлөлтөөс харж болно.
Харин Төвбанк валютын ханшийг зохицуулах боломжгүй гэдгийг мэдэгдээд байгаа. Тодруулбал, тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэснээс өөр тайлбар хэлээгүй.
Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бодлогын хүүг ийн өсгөсөн нь монгол төгрөгийг чангаруулах алхам болж чадаагүйг өнгөрсөн сар гаруйн ханшийн өөрчлөлтөөс харж болно. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх сайн талтай гэж үзсэн ч одоогоор “сахил хүртээд шал дордов” гэгч болоод байна.
Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсад хомсдож байгаа. Өмнөх жилүүдэд удаа дараа интервенц хийснээр гадаад валютын нөөц багассан гэдгийг эдийн засагчид хэлдэг.
Тэгэхээр ханшийг тогтоох арга нь ОУВС-гийн “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэж үзэх судлаачид байна. Учир нь, манайд 1.0-1.5 тэрбум ам.долларын орж ирснээр валютын нийлүүлэлт нэмэгдэж, тэр хэрээр ханш буурч, төсөв ч сахилга баттай болох аж.
Гэхдээ ”стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан бусад орны жишээнээс харахад тийм ч сайн хувилбар биш гэнэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал эхний ээлжинд зээл тусламж аваад дараагийнхаа боломжийг эрж хайх гарц үлдээд байна.
URL: