Хүүхэд насны “хулгайч”

195222-28102016-1477626529-65062537-SuragchБоловсролын мэргэжилтэн, сурагчид Ted хурлаар илтгэл тавьж, их сургуулийн эрдэмтэд ч судалж, CNN, CBS тэргүүтэй мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт дунджаар 28 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг аж. Сонсоход бага хугацаа мэт боловч энэ нь төдий насны хүүхдэд ахадсан “ажил”. Америкийн Үндэсний боловсролын нийгэмлэг үүнээс гурав дахин бага хугацааг санал болгодог. Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр нэгдүгээр ангийн сурагч өдөрт 10 минут, дээд анги нь 20, харин гуравдугаар ангийнхан 30 минутын хугацааг л гэрийн даалгавар хийхэд зарцуулах ёстой. Ингэсээр ахлах буюу арванхоёрдугаар ангийн сурагч заалгасан зүйлээ гэртээ бататгахад 120 минутыг зориулах ёстой юм байна. Гэхдээ санал болгодог гэдгийг дахин онцлох нь зүй.

Нэгдүгээр ангийн хүүхдэд арван минут л хангалттай

Ийн хатуу хугацаа заасан шалтгааныг сонсоод итгэхгүй эсвэл, санал нийлэхгүй байж болох юм.

Гэхдээ хэт их гэрийн даалгавар хүүхдийг нойргүйдэх, цуцах, толгой өвдөх, жин алдах, дотор эрхтэн, нуруу нугасны өвчтэй болгоход нөлөөлдөг аж. Хамгийн чухал нь мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Сургууль дээрээ авч буй академик сургалт тэдний хувьд хангалттай их ачаалал аж.

Стэнфордын их сургуулийн Нийгмийн харилцааны шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Клифтон Б.Паркерийн хийсэн судалгаагаар сурагчдын 56 хувь нь гэрийн даалгаврыг стресстүүлэх гол хүчин зүйл гэж хариулжээ.

Тэгвэл Монгол хүүхдүүдийн хувьд энэ байдал ямар хэмжээнд байна вэ? Бага ангийнхан дунджаар 1-2 цаг, дунд, ахлах ангийнхан өдөрт 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зориулдаг. Дунд нь бага зэрэг амрах, бие засах, унд цай уух гэх мэт завсарлагааг хасаад шүү дээ.

Гэтэл бага ангийнханд гэрийн даалгавар бараг өгдөггүй улс орон ч бас бий. Тухайлбал Финлянд. Тэд боловсролын салбартаа томоохон шинэчлэл хийж, бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхөө бүр больжээ. Багачуудаас гадна дунд, ахлах ангийн сурагчид ч улсынхаа бодлогын хүрээнд гэрийн даалгаварт зарцуулах цагаасаа хасуулсан. Хамгийн гол нь үүний үр дүн сайнаар гарсан нь бүрэн, дунд боловсрол эзэмшсэн улсынх нь хувиас харж болно.

Тодруулбал, боловсролын чанараар дээгүүрт бичигддэг Америк, Канадад ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт 75 хувьтай. Харин Финляндад энэ үзүүлэлт 93. Хэдийгээр хүүхдэд өгөх ачаалал нь хөнгөрсөн ч, төгсөлтийн шалгалт, их, дээд сургуульд элсүүлэх босго оноо өндөр хэвээр байгааг тодотгох хэрэгтэй. Ердөө л сурагчдын мэдлэгийн чанар сайжирсан хэрэг. Финлянд хүүхдүүд ядрах, стресст өртөх явдал бага, бие даан суралцах чадвар, хүсэл тэмүүлэл ихтэй болжээ.

Үр дүнг бодит тоогоор бататгая. Гурван финлянд сурагч тутмын хоёр нь коллежид тэнцдэг. Энэ нь Европын бүх орноос хамгийн өндөр үзүүлэлт. Гэхдээ энэ бүх амжилт гэрийн даалгавраас “ангижирсан”- ы үр дүн гэвэл өрөөсгөл ойлголт. Тухайлбал, тэндхийн нэг багшид дээд тал нь 12 сурагч ногддог бөгөөд тестийн шалгалтыг олон удаа авдаггүй.

Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын 2015 оны тооллогоос үзвэл нэг багшид 18 сурагч ногдож байгаа юм. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Манай хувийн сургуулиудын анги дүүргэлт 8-12 хүүхэдтэй байдаг бол улсынх нь 40-50. Угтаа энэ нь хүүхэд эн тэнцүү боловсрол олж авах орчин нөхцөл хангагдаагүй байна гэсэн үг. Түүнээс гадна Финляндад багш нарыг магистрын зэрэгтэй байхыг шаарддаг юм байна. Тэрчлэн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчдийн хамгийн шилдэг гэсэн 10 хувь нь л багшийн ангид тэнцдэг. Мөн багш нарыг эмч, хуульчийн адилаар хүндэтгэж, өндөр цалин олгож байна.

Бага ангийнхныг гэрийн даалгавраар дарахгүй байхыг олон улсын түвшинд анхаарч эхэллээ

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганцэцэг “Гэрийн даалгавар мэдлэгийг бататгах, бие даан сурах чадвар суулгах зэрэг олон ач тустай. Гэхдээ сурагчдын хэрээс хэтэрсэн, насных нь онцлогт таараагүй даалгавар хүүхдийг залхааж, сурах хүсэлгүй болгодог. Зарим гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, багш нарын зүгээс хүүхдэд хэт их гэрийн даалгавар өгдөгтэй бид санал нийлдэг.

Бага ангийн хүүхдийн булчин гүйцэд хөгжөөгүй байдгаас яг ижил олон хуудас хичээлийг давтан бичих нь хүндрэлтэй. Түүний оронд ярилцах, үзсэн киногоо хуваалцах, зураг зурах зэрэг онцлогт нь таарсан даалгавар өгөх нь зүйтэй” гэв. Тэрбээр улсын сургуулийн нэг багш 40, 50, 60 хүүхэдтэй ангид 45 минутанд багтаан нэг зүйл зааж байна. Тиймээс арга зүйн хувьд зохимжтой даалгавар өгөх хэрэгтэйг онцолсон юм.

ХЭТ ИХ ДААЛГАВАР СУРАХ ХҮСЭЛГҮЙ БОЛГОДОГ

Монголын ерөнхий боловсролын топ 10 хувийн сургуулийн нэгд таван жил сурсан 16 настай Г.Лундаадоржтой бид цөөн хором ярилцлаа. Тэрбээр дүүтэйгээ нэг ангид сурдаг бөгөөд тус сургуульд зургадугаар ангидаа элсэн оржээ. Ах, дүү хоёр тухайн үед хичээлээ тарж ирээд гурван цаг гаруй гэрийн даалгавар хийдэг байв. Гэвч анги ахих тусам хичээл нь ихсэж, ажлын өдрүүдэд өглөө 08.00-20.00 хүртэл бүтэн 12 цагийг сургууль дээрээ өнгөрөөх болжээ. Амралтын өдрүүдэд ч өглөөнөөс өдөр хүртэл, давтлага авна.

Г.Лундаадорж бол онц сурлагатай, олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцдог нэгэн. Орой 20.00 цагт хичээлээ тарж ирээд, хоол идээд, гэрийн даалгавраа хийчихээд л унтдаг байж.

Гэтэл сүүлийн үед тэрбээр хичээлээ ойлгохгүй, хийх ч хүсэлгүй болов. Компьютероор зүйрлэвэл тархи нь “унтрах” горимондоо орсон байна. Гэрийн даалгавар хийх хүсэл нь ч арилж, ердөө “ёстой” гэсэн автомат хандлагаар гүйцэлдүүлэх болжээ. Харин дүүгийнх нь нуруу өвддөг болж, эмнэлэгт хандахад хүрсэн аж. Шалтгаан нь хэт удаан сууснаас нурууны тулгуур яс нь далийсан гэх онош тавиулсан.

Энэ бүхэнд гэрийнхэн нь санаа зовниж эхэлсэн тул тэднийг өөр сургууль руу шилжүүлжээ. Улмаар их сургуульд элсэхээс өмнө нэг жил амралт өгөхөөр шийдсэн байна. Г.Лундаадорж одоо 14.00 цагт хичээлээ тардаг болсон. Хариад ганц цаг л гэрийн даалгавар хийдэг. Чөлөөт цаг ихтэй тул найзуудтайгаа уулзах, хоббигоо хөгжүүлэх, гэрийнхэнтэйгээ цаг өнгөрөөх нь нэмэгдсэн гэв.

Тэрбээр “Миний сул тал бол ичимхий зан байсан. Одоо илүү нээлттэй болж байгаа. Төгсөх ангидаа стресс багатай болохоор оюутан болоод онц сурах байх” хэмээсэн юм. Түүнээс “Чи юу хүсдэг вэ. Ямар хүн болмоор байна” гэхэд юу ч хэлэхээ мэдэхгүй хэсэг сууснаа “Төрсөн цагаасаа л хотод байсан. Сургуулиа төгсөөд утаанаас холдож, хөдөө амарч, уулын орой дээрээс байгалийг ширтмээр байна. Бас зураг авах дуртай, Монгол орноороо аялж зураг авах хүсэл бий” гэлээ.

Орой 18.00 цагт ажлаа тараад автобусанд сууж явахад долоо, наймхан настай хэрнээ алимны хайрцаг шиг цүнхтэй үүрэглэж яваа хүүхэд олон таарна. Тэдэнд суудал олдов уу, үгүй юу “бүдүүн” гэгч нь хурхираад л унтаж өгнө. Томчууд бидний л адил.

Г.Сайнзаяа

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих