Утааны улирал эхэллээ, уушигаа хамгаалаарай нийслэлчүүдээ

14774493425810167edb5fdЖил бүрийн яг энэ үед “Агаарын бохирдол өндөр, стандартаас давсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх өнөө хэдэн үгс чих дэлсдэг. Монгол Улсын гурван сая хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж гамшгийн хэмжээнд хүрч цөөхөн хэдэн Монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байгаа нь нууц биш. Азийн цагаан дагина “Утаанбаатар” гэдэг хочтой болоод удлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь  оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд  аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна. 2000 оноос орон нутгийн иргэд нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, гэр хороололд суурьших болсон нь нүүрс түлэх айл өрхийн тоог эрс нэмэгдүүлсэн. Зөвхөн гэр хорооллын айл өрхийн түлсэн нүүрсний утаа, үнс нурам, бохир ус  гэлтгүй  хотын хаа  ч тэр хог хаягдалдаа дарагдаж, хөрсний бохирдолыг их хэмжээгээр үүсгээд байна. Гэтэл төр засгаас  агаарын бохирдолыг дан ганц утаатай холбон тайлбарлаж,  хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж байгаа нь нууц биш. Агаарын бохирдолын оргил үе нь өвлийн улирал  хэдий ч,  бусад улирлуудад агаар дахь тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас хэдийн давсан. Агаарын бохирдол ийнхүү жилийн дөрвөн улиралд үргэлжилсэнээр нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элдэв төрлийн халдварт өвчин, харшил, хорт хавдарын өвчлөл эрс нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад, агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаа асар их хорт бодисыг агаарт цацаж байдаг юм. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн улаанбаатарчуудад мэдэгдэхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй. Амьсгалын замын халдвар болон зүрх, судас, тархи, мэдрэлийн гаралтай өвчнүүдийн хамрах хүрээ нэмэгдэж, хотын иргэд дархлаа султай болсон нь агаарын бохирдолтой шууд холбоотой болохыг эмч нар хэлж байгаа. Ялангуяа хүүхэд, хөгшчүүд хорт утаанд өртөмтгий байгаа нь сэтгэл зовоосон асуудал болжээ.

Манай улсын хувьд агаарын бохирдолтой тэмцэх тал олон арга хэмжээ авч, маш их хэмжээний мөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд иргэдээ торгох, татвар авах хуулиудыг хамгийн түрүүнд баталдаг байсан хэрнээ хүн ардынхаа эрүүл мэндэд аюул заналхийлэл хийсэн хорт утаанаас салах хуулийг санаачилж чадаагүй. Уг нь хуулийн хөшүүргээр богино хугацаанд амжилтад хүрч чадсан туршлага аль ч улс оронд байдаг.

Тиймээс манай улс ойрын хугацаанд агаарын бохирдолтойгоо бодитой тэмцэж, Агаарын бохирдолын тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Т.Гэрэл

/ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих