Улсыг 6 тэрбумаар хохироосон эрхмүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багагүй хугацаанд шалгасан билээ.
Энэ хэрэгт нийслэл болон орон нутгийн нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай төдийгүй өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, нас барсан иргэдийн нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан талаар өмнө нь мэдээлж байсан удаатай.
Хамгийн гол нь өндөр албан тушаалтнууд буюу төрд ажиллаж байсан дарга нарт холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог, эсвэл хугацаагүйгээр түр түдгэлзүүлж хаяад хавтаст хэргийг замхруулдаг гэсэн ойлголт бий. Анхлан сүртэй гэгч иймэрхүү авлигын шинжтэй гэмт хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж гаргадаг хэрнээ, эцэст нь хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн нь бүрхэг буюу тодорхойгүй сураг алдардаг нь үнэн.
Дээрх хэргийн тухайд гэвэл, иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар байжээ. Хохирлын хэмжээ нэг биш нилээд хэдэн тэрбумаар яригдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэгт гол буруутан нь олдсонгүй, хохирогч гэж хүн гарч ирсэнгүй байсаар хэрэг хяналтын шатандаа хаагдаж, бүр хэрэгсэхгүй болжээ.
Өчигдөр УЕПГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярив.
Тэгээд ч эл хэргийг нэр бүхий эрхмүүд цээжээрээ хааж, хуулийн цоорхойг ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг уснаас хуурай гаргав. Дарга цэргээрээ хуйвалдаж, улсаас хэдэн тэрбум төгрөг идэж уусан хүмүүст улсын хууль үйлчилдэггүй бололтой. Хэрвээ л идэж уусан, завшиж үрэгдүүлсэн бол яагаад тэднийг яллаж болсонгүй вэ. Хуулийн байгууллага ч хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа гарамгай юм даа. Шударга хууль дүрэм, шударга хуулийн байгууллага гэж алга даа. Иймэрхүү арга, элдэв маягаар идэж уусан, завшиж үрэгдүүлсэн хэчнээн хүнд, хэдэн албан хаагчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол гэдэг нь их сонирхолтой санагдаж байна. Бүр нэг хачирхалтай сонирхолтой байгаа биз дээ, прокурор ярихдаа “Мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хаасан гэдгийг юу гэж ойлгох вэ. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шийдвэрлэж болдоггүй юм бэ. Хуулийнхны тэр дундаа прокурорын байгууллагын дүр зураг ийм л харагдаж байна даа.
О.Сайхан /ZALUU.COM/
URL: