Ц.Хулан: Гадаадын залуучууд ном уншиж, манай хэд мах идэж, самар цөмдөг
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйцэн, буяны өдрөөр Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлан хийд, бурханы сүсэгтнүүдийн холбоотой хамтран “Хүмүүн заяаг эрхшээний хэргийг бүтээж, эцэг эхийн ачийг хариулъя” гэсэн эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ үеэр Гунгаачойлан хийдийн лам багш нар сургааль айлдаж, “Болор цом” наадмын хошой эзэн, буддын уран зохиол судлаач, яруу найрагч, МУСГЗ Ц.Хулан урилгаар оролцож “Ядарсан охин тэнгэрүүд ба бусад юмс” сэвдийн хүрээнд сүсэгтэн олонд лекц тавьсан юм. Энэ үеэр найрагчтай хөөрөлдсөнөө танд хүргэж байна.
- Энэ буяны үйлд та тавантаа уригдаж сүсэгтэн олонд өөрийн санаа бодлоо хуваалцлаа. Таны буянд даган баясъя. Энэ буяны өдрийг бид бүхэн хэрхэн өнгөрүүлж байна вэ?
- Энэ өдөр номын, буяны өдөр тохиож байгаад ихэд билэгшэж байна. Номын гэж тодотгон ярьвал уншдаг ном бус, лам нарын айлддаг ном бус, хүн өөрөө номтой байхыг сануулсан, хүн буянтай байхыг хичээдэг ийм авшигтай өдөр юм. Одоогоос 3000 орчим жилийн тэртээ бурхан багш эгэл хүмүүний биеийг олж, Эрхэт хааныд мэндлэхэд түүний ээж Маяа хатан тэнгэрт хальсан байдаг. Түүний ээж нь дорд заяанд хувилсан байхыг мэдээд 33 тэнгэрийн орноо номын хүчээр орж, ээжийгээ дээд заяанд хувилсан ийм шидийг олсон ийм гайхамшигт өдөр. Энэ учраас тунгаавал бурхан багш эхийн ачийг хариулсан гэгээн барилдлагат өдөр юм. Тиймээс бид ээжийнхээ ачийг хариулах, хайрлах, ээжээсээ төрсөн үеэ дурсах нь зүйтэй. Буддын шашинтнуудад байдаг нийтлэг зүйл бол сүм, хүрээ хийдээр зочилж, гороолж мөргөх, номд даган баясах, арц хүж уугиулах, суварга бүтээх гэхчлэн эцэг эхийнхээ төлөө янз бүрийн зан үйл үйлддэг. Энэ бол буян биш. Үүний чин зорилго нь хүний, бусдын сэтгэлийг зөөллөх, өөрөө зөөлөн сэтгэлтэй амьдрах тухай номлол.
-Элдэв зан үйл үйлдэх нь буян биш гэлээ. Тэгвэл юуг буян хэмээн тооцох вэ?
-Бид шашны зан үйлтэй нягт холбогдсон, буддын утга зохиолоор соён гэгээрлийг олж байдаг ч гэсэн эцэг эхийн ачлалыг зан үйл төдийхөнөөр хариулах уу гэвэл өрөөсгөл. Яагаад вэ гэвэл хүн хулгай хийж амьдарвал, өнөөгийн энэ дарга нар ард түмний мөнгөөр өндөр сайхан байшин бариулчихаад ээж аавыгаа суулгаж байтал тэд миний хүүг хэзээ ирээд баривчлах бол, хэзээ нь булхай луйвар нь илэрэх бол гэж санаа нь зовоод жаргаж, сууж чадахгүйд хүрнэ. Үүнтэй адил буруу амьдарч, буруу явбал хийсэн үйлийн лай нь эцэг эхийг нь, амраг саданг нь ээрнэ. Ийм учраас зөв сэтгэлтэй, зөв үйлтэй, байгаадаа сэтгэл хангалуун байвал энэ нь эцэг эхийгээ хайрлаж байгаа, ачийг нь хариулахтай эн дүйцэх буян гэж ойлгох хэрэгтэй.
Энэ мэт буддын утга зохиол, эртний шашны ном зохиолд байдаг олон сургаалийг энгийн хэллэгээр сүсэгтэн олонд хэрхэн хүргэж, зөв сэтгэлийг өөртөө хэрхэн буй болгохыг л номлож, ярилцах нь зүйтэй.
-Ер нь эцэг эхийн ачийг хэзээ ч хариулж чадашгүй хүнд даваа гэж ярилцах нь бий. Таны бодлоор үүнтэй санал нийцэх үү?
- Ээжийгээ лянхуа цэцгэнд өлгийдөж, аавыгаа ариун тэнгэрт оршоох мэт тийм дээдээр бид хэзээ ч энэ биеийг минь, хүмүүн заяанд авч ирсэн ижий, аавынхаа ачийг хариулж үл барна. Харин тэдний ачийг хариулахын дайтай сайн явах хэрэгтэй. Зөв, үнэн шударга, хүлцэнгүй, энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байх нь чухаг. Гэхдээ сайн явах гэдэг чинь хоёр өөр утгыг илэрхийлээд байна. Буруу аргаар бус зөв үйлдлээр сайн явах нь зөв. Арван хар нүгэлээс холуур байж, элдэв шуналгүй, бусармаг зангүй, эрхэлсэн ажилдаа үнэнч, хүний сайн хань, үр хүүхдийн сайн эцэг эх байснаараа эцэг эхэд хүндлэгдэн, тэдний санааг амар байлгах мөрийг олно. Байгууллага хамт олноо зөв удирддаг, төр, түмний мөнгийг хулгай хийдэггүй, худлаа ярьж, хийрхдэггүй байх чинь л эцэг эхийн ачийг хариулж буй үйлдэл мөн гэж би боддог.
-Буддын утга зохиолд хүн хүнээ хайрлах, зөв санаа бодлыг олох нь өөрөө эцэг эхийг ачийг хариулахтай дүйнэ хэмээн номлосон байдаг гэж та өгүүллсэн.
-Шувуунд будаа цацах, сүм суварга бүтээх төдийхнөөр буяныг хэмжиж, эцэг эхийн ачийг хариуллаа гэж хараахан бодож болохгүй. Яагаад гэвэл буддын утга зохиол үүссэн цагаасаа өнөөг хүртэл “тэр үүсэл хөгжлээ утга зохиолд аман эх сурвалж буюу аман ишлэлийг утга зохиолын дурсгал болгод үлдээчихсэн байдаг”. Хамгийн үнэтэй зүйл, гол шим нь юу вэ гэхлээр зөөлөн сэтгэлтэй бай гэж номлосон. Яаж зөөлөн сэтгэлтэй байх вэ гэдгийн нууц нь ээж аав. Ээжийгээ яаж хайрланав бусдыг түүн лугаа хайрла, аавыгаа хэрхэн хүндлэнэв бусдыг түүн лүгээ бишэрч хүндэтгэ гэж энгийн лам хуваргаас хутагт, хувилгаад, бурхан багш хүртэл ийн өгүүлж, сургаж номлосон байдаг. Бүх зүйлийг, өчүүхэн өт хорхойг ч ээжээрэ төсөөл. Ингэж зөөлөн сэтгэлийг өөртөө бүтээ гэсэн бий. Үүний мөн чанарыг л утга зохиолоос олж мэд, бурханаа учир утгатай шүт. Зөв номыг шимтэн унш гэж буддын утга зохиолыг бүтээсэн. Зөв сэтгэлтэй, зөв үйлтэй хүн төрд байвал түвшин сайхан байна.
- Манайд гэтэд энэ сургаальтай зөрчилдөөд байх шиг. Та бас яриандаа Монголын нийгэм ууртай, бухимдуу, ядруу байна гэлээ…?
-Буруу аргаар зөв болох гэж, сайн болох гэж үзээд буй өнөөгийн сувьдаг сэтгэлтнүүд бол яав ч энэ төрийг түвшрүүлж чадахгүй. Хомхой сэтгэл, шуналын хүсэл чинь бусдыг хорлох, эх орноо харьд өгөхийн л ёр, зөн шүү дээ. Бид даанч зөөлөн, номхон байж чадахгүй нээ. Тайван байх, унтах, идэх, амрах суух бүх дэг алдагдсан. Шашин номдоо хандах хандлага маань ч бас өөрчлөгдсөн. Шашин болгонд өөр өөр номлол, зан үйл байдаг. Католик шашинтнууд номыг эрхэмлэн шүтэж, номын гүнд автаж, эвсэг найрсаг, хүч чадалтай байж, хүчирхэгжин, хөгжиж байна. Гэтэл бид мах идэхийнхээ хажуугаар яагаад ийм их уур омогтой, бухимдалтай, ядруухан байна вэ гэхлээр шашнаасаа хөндийрч, эрхээ эдлээд өөр шашин шүтэж буйн шийтгэл нэг талдаа мөн. Нөгөө нэг сэжүүр нь төрийн бухимдал нийгэмрүүгээ хальж, асгараад бухимдалд хөтлөөд байна. Гадаадын иргэд ялангуяа залуучууд ном уншиж, оюунлаг амьдарч байна. Тэд ходоодоо бус оюун ухаанаа яаж өлсгөхгүй байх тухай аргад суралцаж митроны бариулаас нэг гараараа зүүгдэж, санжигнаад сайн утга зохиолоо уншаад явж байна. Гэтэл манайд мах идээд, самар цөмөөд хошин шог үзээд бурхны шашнаа үл ойшоодог. Өдрийн бодол, шөнийн зүүд болсон таны нөгөөх эцэг эхийн ачийг хариулах тухай сургааль чинь яг үнэндээ буддын утга зохиолд, буддын шашинд хадгалагдаж байна шүү гэдгийг залуучуудад хандаж хэлье.
-Та өөрөө хэр зөөлөн сэтгэлтэй хүн бэ. Аав, ээжийнхээ ачийг хариулж чадсан болов уу?
-Бүгдийн л адил зовоох үедээ зовоож, жаргаах үед жаргааж явна. Гэхдээ амар амгалан суулгах нь жаргалын гол үндэс нь гэж боддог. Хүний эцэг эх чинь үр хүүхэд нь сайн байсан, тааруухан байсан ч зовдог ийм хүмүүс. Миний ижий аав бол намайг эрхэлсэн ажилдаа үнэнч, худлаа хэлэлгүй, хулгай хийхгүй, зөв шударгаар хөдөлмөрлөж, зохиол бүтээлээ хийгээд явж байгаа болохоор сэтгэл нь амар амгалан байдаг гэж би боддог.
З.Хуяг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗА ЗА ЧИНИЙ ТЭР ХУДАЛ НОМ ТАВЬДАГ ЦАГ ӨНГӨРСӨН САЯХАН Л ЭЦЭГТЭЙГЭЭ ХАМТ НААД ЛУЙВАРЧДАА ӨМӨӨРӨӨД Л СҮЙД БОЛООД БАЙСАН БИЗ ДЭЭ МУУ ТЭНЭГ ГИЧИИ
gadaa zaluu googoo dotoo zaluu baabaa