Хаан банкныхан хэзээ хүнд сурталгүй болох вэ?
Хаан банк иргэн хүний данснаас дээрэм хийж байна хэмээн нэгэн иргэн сошиалаар бухимдлаа илэрхийлсэн байсан нь, арван хэдхэн өдрийн өмнөх явдал. Тэгвэл Хаан банктай холбоотой бас нэг гомдол иргэнээс ирж байна. Бөмбөгөрийн хажууд байрладаг “Замбала” дэлгүүрт байрладаг Хаан банкны АТМ-ээс нэгэн иргэн 200 мянган төгрөг авах гэж картаа уншуултал “Таны гүйлгээ амжилтгүй боллоо” гэсэн бичиг гарч ирсэн аж. Гэтэл тухайн иргэний гар утсанд дансны мэдээлэл нь ирэхдээ “Таны …. данснаас 200 мянган төгрөгийн гүйлгээ хийгдлээ” гэсэн мэдээлэл иржээ. 200 мянган төгрөгөө өөрийнхөө гар дээр аваагүй хэрнээ гар утасныхаа мэдээллээр бол данснаасаа мөнгө авчихаад байгаа мэт ойлгогдох иргэн Хаан банк руу холбогдож, үүсээд байгаа асуудлаа хэлтэл гурав хоногийн дотор асуудлыг нь нягталж шийдэж өгнө гэсэн аж. Мэдээж үйлчлүүлэгчид мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа болоод л картнаасаа мөнгө авах гэж Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлсэн нь ойлгомжтой. Гэтэл “Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх уриатай нэг сая гаруй харилцагчтай тус банкныхан үйлчлүүлэгчээсээ ийм хол байж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг үл тоож, хаа байсан 3 хоногийн дараа асуудлыг нь нягтална гэсэнд тухайн иргэн ихэд бухимджээ.
Хэдийгээр хэсэг хугацааны дараа тухайн иргэний картанд мөнгө байгаа гэх мэдээлэл ирсэн ч, Хаан банкны ажилтанд эхэлж асуудлаа хэлж, хурдан шийдэж өгөхийг хүсэхэд нь 3 хоног гэсэн хугацаа заасанд нь иргэн одоо ч бухимдалтай байгаа аж. Дахиад Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд нь дахиад тийм зөрчил гарвал яах вэ, дахиад л банкныхан хүнд суртал гаргах уу гэдэг асуудалд санаа зовж байгаагаа хэлж буй юм.
Түүнчлэн “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон гэх мэдээллийг эргэн сануулахад, тус иргэний дансанд хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарсан байдаг. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгчээ. Эзэн нь олдохгүй энэ хэргийн асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж. “Хаан банк” нь харилцагчдынхаа дансыг найдвартай хамгаалж чаддаггүй гэдгийг энэ үйл явдал тод харуулсан юм. Битүүмжлэл сайтай, найдвартай, итгэлтэй гэх Хаан банкны харилцагчийн данснаас мөнгө ор, мөргүй алга болсон уг асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа.
Гэтэл Хаан банкныхан иргэд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг юман чинээ тоодоггүй, хөлдөө чирэгдүүлдэг байдал бидэнд хандсан иргэнд тохиолдоод байгаа явдлаас харагдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: