Ипотекийн зээл үргэлжилж байгаа ч санхүүжилт алга

1477027106_4e6a41ad2caf5a53243fbbeeb6c8e028_1475821546Ипотекийн зээл зогсоогүй үргэлжилж байгаа. Гэвч зээл олгож байгаа ганц ч банк алга. Учир нь санхүүжилт байхгүй. Харин санхүүжилтийг босгох, мөнгө олох ажлыг Засгийн газраас зохион байгуулж байгаа ч үр дүн муутай л байна.

Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны мөнгөний бодлогыг ярилцах үеэр гишүүд Төв банкны Ерөнхийлөгчөөс ипотекийн зээлийн асуудлыг сонирхож байлаа. Гишүүдийн асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн төлөө байгаа, үргэлжлүүлж ч байгаа. Харин цаашид орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг зогсоох байр суурьтай баримтална. Энэ үндсэн дээр урьд нь 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байсан 1948 иргэний хүсэлтийг хангаж зээл олгосон. Одоо 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Учир нь УИХ-ын тогтоолын дагуу “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-г Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл уг сан нь хөрөнгийн эх үүсвэргүй, мөн 8 хувийн зээлийг хөтөлбөрийн эрх зүйн орчин тодорхой бус байгаа. Уг зээлийн хөтөлбөрөөс сар тутам орж ирж байгаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгөд суурилан цаашид зохих хэмжээгээр үргэлжлүүлээд явъя гэсэн байр суурьтай байна. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх чиглэлэээр Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа, зохих үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Товчхондоо санхүүжилт байхгүй гэдгийг төв банкны Ерөнхийлөгч хэллээ. Түүний хариултын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнөх Засгийн газрын үед “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан нь ханшид нөлөөллөө. Иймээс төгрөгийн өрсөлдөх чадварыг хадгалж барихын тулд дээрх хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай болсон. Одоо зах зээлд 33 мянган орон сууц борлуулалтгүй зогсож байна. Ипотект хамруулж байж л дээрх орон сууцыг борлуулна. Тиймээс 100 хүртэлх ам метр талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж тодрууллаа.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих