Орчин үеийн Энэтхэгийн тухай “зэрлэг” баримтууд

Бидний өнөө үеэс тэс өөр ёс заншил, хэв маягтай байсан эртний улсуудын талаар бичихэд л дараах баримтууд тохирохоор мэт. Гэвч орчин үеийн Энэтхэг тийм байна гэж бодохоор манай дэлхий дээрх тусдаа соёл иргэншилтэй ертөнц гэж болохоор.

Замын хөдөлгөөн бол зүгээр л гамшиг…

Энд үйлчилдэг гол дүрэм бол зүгээр л ямар ч дүрэм үйлчлэхгүй байх явдал. Энэтхэгийн зам дээр болдог эмх замбараагүй байдал баргийн хэнэггүй жолоочийг ч үнэн гайхшруулахаар. Замын зорчих хэсэгт автомашин, мотоциклээс гадна унадаг дугуйчид, хөсөг тэргүүд, үхэр, тэмээ тэр ч бүү хэл, заанууд явж байхыг харж болно. Мөн түүнчлэн явган зорчигчид ч замын хажуугаар явснаас замын дундуур явахыг эрхэмлэдэг гээд төсөөл дөө. Замын тэмдэг тэмдэглэгээ гэж бараг үгүй. Гэтэл иймэрхүү солиормоор эмх замбараагүй нөхцөлтэй атлаа зам тээврийн осол ховорхон тохиолддог нь хачирхалтай.

Согтууруулах ундааны хэрэглээ бас нэг “асуудал”

Тус улсын хэд хэдэн мужид түүнийг тас хоригложээ. Бусад мужуудад архи, согтууруулах ундаа худалдаалах явдал хатуу хязгаарлагдсан. Архины хэрэглээ нэмэлт татвартай тул ядуус хэрэглэж чадахааргүй. Тэгээд ч цөөхөн цэгүүдэд, хатуу цагийн хуваариар борлуулагддаг. Энэтхэгт олныг хамарсан алдартай алкоголь нь пиво. Гэвч энд түүний амт чанар үнэн дорой. Иймэрхүү байдлуудтай уялдан тус оронд хуурамч архи дарс хүчийг авсан. Бараг бүх айл өрхүүд гэртээ чихрийн нишингээр самогон нэрдэг.

Ядуурал зах замбараагаа алдсан

Британийн колони болохоос өмнө Энэтхэг баян орон байжээ. Харин колоничлолын систем нурж, тусгаар тогтнолоо олсны дараа тус орон дахь ядуурлын асуудал түгшүүр төрүүлэхээр болсон байна. Дэлхийн бүх ядуу хүмүүсийн гуравны нэг нь Энэтхэгт амьдардаг гээд бод доо. Энэ улсад баячууд нь хагартлаа баяжин, ядуус нь үгээгүй хэт ядуу буюу баян, ядуугийн туйл байдаг аж.

Нийгэм нь анги давхаргуудад хуваагдсан

Энэтхэг дэх хүмүүс давхаргуудад хуваагддагийг бид мэднэ. Энэ нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл гэж бодож байвал эндүүрэл юм. Энэтхэгийн нийгэм өнөөг хүртэл дөрвөн давхаргад хуваагдаж байна: Брахманчууд буюу түшмэдүүд, Кшатрии буюу цэргийнхэн, Вайшьи буюу худалдаачид, Шудры буюу ажилчид, тариачид. Үлдсэн бусад хүн ам нь бүр доод давхаргад орно.

Эрүүл ахуйн орчны хувьд үнэн асуудалтай…

Төвийн дулаан дамжуулах шугам гэж хаа ч үгүй. Хамгийн хямд зочид буудлуудад нь халуун ус байхгүй. Гайгүй буудлуудад нь бойлер байдаг. Энэтхэгийн байрнуудын тал хувь нь бие засах газаргүй бөгөөд ихэнх энэтхэгчүүд 00-ын цаас хэрэглэдэггүй, энд тэнд булан тохойд хамаагүй бие засцгаадаг аж.

Ямар ч хаалга, цоожгүй тосгон байдаг

Махараштра мужийн Ахмеднагар тойрогт байрладаг Шани Шингнапур тосгон оршин суугчдынхаа өвөрмөц хэв маягаар дэлхийд алдаршсан гэнэ. Шингнапурчууд Шани бурхныг шүтдэг бөгөөд тэднийг хулгайчдаас бүрэн дүүрэн хамгаалдаг гэдэгт итгэдэг учраас гэр орон нь хаалга гэж байдаггүй. Тэгээд ч уг тосгонд бүр эртнээс хулгай огт гарахаа байсан. Мэргэжлийн хулгайчид ч Шани бурхан тоглоом биш гэж итгэдэг бололтой. Тэр ч байтугай, тэнд 2011 онд банкны салбар байгуулагдсан хэдий ч тосгоны нохдоос хамгаалсан хаалга хийснээс бус ямар ч цоож цуурга байдаггүй аж.

Энэтхэгт олон жил асар их үр тариа хурааж байгаа боловч хүмүүс нь өлсгөлөн хэвээр

Сүүлийн хэдэн жил Энэтхэгийн хойд зүгт рекорд хэмжээний үр тариа хураасан хэдий ч тэдгээр нь бараг зоориндоо ялзарч, харин хүмүүс нь өлсгөлөнгөөр туйлдаж буй парадокс ажиглагддаг гэнэ. Статистик мэдээллээс харахад, тус улсад өдөр бүр 3000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай холбоотой өвчлөлөөр нас бардаг юм байна.

Авлига хээл хахууль бүхий л ядуурлын үндэс болжээ

Энэтхэгт үгээгүй ядуу нөхцөл байдалд 270 сая хүн амьдарч байна. 300 сая хүн гэрэл цахилгаангүй, 100 сая хүн цэвэр усгүй нөхцөлд байгаа бөгөөд нийт хүн амын тал хувь буюу 800 сая энэтхэгчүүд эрүүл ахуй-ариун цэврийн олон улсын стандартад тэнцэхгүй нөхцөлд аж төрж байна. Авлига хээл хахуулийн сүлжээ бараг бүх шатанд цэцэглэн хөгжсөн гэж болохоор.

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих