Баян “бацаанууд”
Forbes сэтгүүл 30 хүртэлх насны тамирчдаас хамгийн баяныг нь тодруулжээ. Жагсаалтыг гаргахдаа тамирчдын авсан цалин, тэмцээнээс олсон шагналаас гадна ивээн тэтгэгчдийн мөнгийг оруулан тооцсон байна. Мөн зарим нь тамирчны замналынхаа хажуугаар хувийн бизнес эрхэлж, орлогоо нэмэгдүүлдэг аж. Энд 30 хүртэлх насныхныг хамруулсан болохоор Л.Жеймс, К.Брайант, К.Роналду зэрэг өндөр орлоготой одод багтаагүй юм.
ЛИОНЕЛЬ МЕССИ (ХӨЛБӨМБӨГ, 29 НАС) 81.4 САЯ АМ.ДОЛЛАР
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа тодорсон Лео нэг жилийн дотор 81.4 сая еврогийн орлого олж, жагсаалтыг тэргүүлэв. “Барселона”-тай байгуулсан гэрээ нь түүнд 53 саяыг авчирсан бол Pepsi, Adidas, Dolce & Gabbana, Gillette, Turkish Airlines-ийн нүүр царай болсныхоо ачаар үлдсэнийг нь цуглуулжээ.
Гэхдээ аргентин эр сүүлийн үед санхүүгийн тал дээр сайнгүй байсан. Татвараас зайлсхийсэн хэргийнх нь шүүх хурал болж, дөрвөн сая еврогийн торгууль хүлээсэн нь түүний орлого багасахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Гэсэн хэдий ч аргентин эр залуу тамирчдыг орлогоороо тэргүүлж чадлаа.
КЕВИН ДЮРАНТ (САГСАН БӨМБӨГ, 28 НАС) 56.2 САЯ
Өнгөрсөн зун “Оклахома”-г орхиж, “Голдейн Стэйт”-тэй гэрээ байгуулан дэлхий дахиныг шуугиулсан сагсчин эр шинэ багаасаа жилд 20 сая евро авах гэрээ байгуулжээ. Гэхдээ албан ёсны цалин нь түүний орлогын хажууд өчүүхэн зүйл. Кевин зөвхөн Nike компанитай байгуулсан гэрээнээс 30 саяыг өөрийн болгосон юм. Одоогийн гэрээ нь дуусахаар түүний цалин улам нэмэгдэнэ. Тэр үед Дюрант залуу тамирчдыг орлогоороо тэргүүлэх боломжтой.
НОВАК ЖОКОВИ Ч (ТЕННИС, 29 НАС) 55.8 САЯ
Дэлхийн шилдэг теннисчдийг чансаагаараа тэргүүлж буй серб эр сайн тамирчнаас гадна муугүй бизнесмэн. Тэрбээр эх нутагтаа гэр бүлийнхний хамт Family Sport компанийг байгуулсан. Тус компани нь рестораны бизнест амжилт олохын хажуугаар спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, эзэндээ ашиг авчирдаг байна.
КЭМ НЬЮТОН (АМЕРИК ХӨЛБӨМБӨГ, 27 НАС) 53.1 САЯ
Өнөө цагийн америк хөлбөмбөгийн нүүр царай, “Каролина Пантерс” багийн лидер тэрбээр багтайгаа таван жилийн 104 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. Мөн Dannon корпорацийн томоохон хөрөнгө оруулагчийн нэг. Энд оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар жилд 12 саяыг олдог байна. Үүн дээр мэдээж зар сурталчилгааны орлого нэмэгдэнэ.
ЖОРДАН СПАЙЕТ (ГОЛЬФ, 23 НАС) 52.8 САЯ
Техаст төрж, өссөн тэрбээр багадаа ковбой болохыг мөрөөддөг байв. Харин өсөж томроод гольфтой нөхөрлөсөн нь зөв шийдвэр болжээ. 2015 он түүний хувьд амжилтаар дүүрэн жил байсан. Жордан мэргэжлийн тамирчдын хоёр ч том тэмцээнд түрүүлснээс гадна Америкийн нээлттэй тэмцээнд аваргалсан хамгийн залуу гольфчин болжээ. Намар нь Fedex Cup тэмцээнд түрүүлж, 10 сая “ногоон”-ы шагнал гардсан юм. Гэнэт тодорсон залуу одыг Coca Cola, Rolex зэрэг алдартай брэндүүд сурталчилгаандаа ашиглах болов. Үр дүнд нь залуу гольфчин нэг жилийн дотор 52 саяын орлого олж чадлаа.
РОРИ МАКИЛРОЙ (ГОЛЬФ, 27 НАС) 42.6 САЯ
Умард Ирландын гольфчин тэмцээн уралдаанаас 7.6 сая ам.долларын шагнал авчээ. Харин үлдсэн мөнгө нь реклам сурталчилгаанаас орж ирсэн юм. Зөвхөн Nike компани л гэхэд түүнд 20 саяыг төлсөн.
РАССЕЛ УИЛСОН (АМЕРИК ХӨЛБӨМБӨГ, 27 НАС ) 41.8 САЯ
“Сиэтл Сихоукс”-ын гол тоглогч тэрбээр багтайгаа дөрвөн жилийн 87.6 сая ам.долларын гэрээ байгуулсан нь жагсаалтын дээгүүр бичигдэхэд хүргэжээ.
СЕБАСТЬЯН ФЕТТЕЛЬ (АВТО УРАЛДААН Ч, 29 НАС ) 41 САЯ
Бусадтай харьцуулахад Феттель зөвхөн цалингаараа амьдардаг нэгэн. Тэрбээр “Феррари” багаасаа 40 саяыг авдаг. Харин бусад эх үүсвэрээс олсон мөнгө нь ердөө нэг сая аж.
НЕЙМАР (ХӨЛБӨМБӨГ, 24 НАС ) 37.5 САЯ
Бразил залуу Неймар “Барса”- тай байгуулсан гэрээний дагуу 14.5 саяын цалин авдаг. Мөн Nike, Red Bull, Panasonic, Gillette-ийг рекламдсаныхаа хөлсөнд 20 гаруй саяыг өөрийн болгожээ.
ГАРЕТ БЕЙЛЬ (ХӨЛБӨМБӨГ, 27 НАС ) 35.9 САЯ
Түүний “Реал” багаас авдаг үндсэн цалин нь 25 сая ам.доллар. Харин Adidas брэнд түүнд рекламны гол түнш болдог байна.
Б.Энхжин
Засгийн газрын мэдээ
URL: