Сонгогч та сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа хэрхэн өгөх вэ?
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгууль маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний лхагва гарагт болно. Сонгууль тухайн өдрийн 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Энэ сонгуульд өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулийн нэгэн адил санал тоолох, автомат төхөөрөмжийг дахин ашиглана. СОНГОГЧ ТА ирэх дөрвөн жилийн турш сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллах 7282 хүнийг сонгоно. Таны оршин суудаг хорооны хүн амын тооноос хамааран тухайн сум, дүүргийн мандатын тоо харилцан адилгүй.
Ингээд сонгогч танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Сонгогч та сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн нэрсээс хэдэн нэр дугуйлахаа мэдэх үү? Саналын хуудсаа бөглөж эхлэхээсээ өмнө бүхээгт байрлуулсан зааврыг сайн уншаарай. Таны оршин суудаг тойрог, баг хороог хэдэн төлөөлөгч сум, дүүргийн хуралд төлөөлөхийг мандатын тоо илэрхийлнэ.
- Зарим тойрогт 13, 14 мандат бий. Энэ тохиолдолд 13, 14 хүртэл нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм.
Тухайлбал, гурван мандаттай газар гурав хүртэлх нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Зарим тойрогт 13, 14 мандат бий. Энэ тохиолдолд 13, 14 хүртэл нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг юм. Мандатын тоог саналын хуудасны дээр бичсэн зааварт тод хараар бичнэ.
Заасан тооноос олныг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно. Энэ тохиолдолд дахин саналын хуудас авч, бөглөөрэй. Харин түүнээс багыг дугуйлбал хүчинтэйд тооцох юм. Таны суусан бүхээгт сонгогчдод зориулсан ямар нэг нэмэлт мэдээлэл байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Та саналын хуудсан дээр тэмдэглэгээ хийсний дараа санал тоолох төхөөрөмжид хуудсаа хийнэ. Энэ үед төхөөрөмжийн баруун доод булан дахь дэлгэц дээр “Саналын хуудсыг уншихад бэлэн” гэсэн бичиг гарах ёстой.
Та саналын хуудсаа шургуулаад л шууд яваад өгч болохгүй. Таны хуудсыг бүрэн уншихад санал тоолох төхөөрөмж ойролцоогоор 5 секунд зарцуулдаг. Таны саналын хуудсан дээрх сонголтыг төхөөрөмж таньсны дараа дэлгэц дээр “Таны саналыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарна. Энэ үед та явж болно.
Хэрэв саналын хуудас хүчингүй болбол ямар шалтгаанаар хүчингүй болсныг харуулах бичиг мөн л дэлгэц дээр тодорно.
Саналын хуудсаа нугалж, урж болохгүйг анхаараарай.
Хэсгийн хороо бүрд тараасан саналын хуудсыг тухайн хэсгийн автомат машин л уншина. Өөр хэсгийн хорооны саналын хуудсыг автомат машин уншихгүй.
СОНГОГЧ ТА СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬДАА ЗААВАЛ ОРОЛЦООРОЙ
URL: