ДЭЛХИЙ ДАХИНЫ БААТАРЛАГ ТУУЛЬСЫН СОР БҮТЭЭЛ “АЙВЕНГО”-ГООС ДАВЖ ГАРСАН МОНГОЛ ТУУЖ
Утга зохиол, нийгмийн ажилтаны дээд сургуулийн оюутан Ц.Ариунжаргал хэмээх энэ залуу сүүлийн үед сонин содон нийтлэл, өгүүлэл, шүүмж судлалаараа олны анхаарлыг татах болжээ. Жишээ нь нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс”, “Зураачийн залуугийн хөрөг”, “Дүблинчүүд” зэрэг зохиолоор “Аяга кофе, Тахианы Зутан шөл, Ногоотой хуурга”, зохиолч Хэрман Мэлвиллийн “Моби Дик” зохиолд зориулж “Халимны шарсан мах”, зохиолч Луо Гуаньжуны “Гурван улсын үлгэр” зохиолд зориулж “Дайтах урлаг уу?”, Бурхан багшийн сургаальд зориулж “Сиддхарта Гуатама” зэрэг өгүүлэл бичжээ. “Жэймс Жойсын зохиолын талаар бичсэн дээрхи содон өгүүлэл нь Сэтгүүл зүйн салбарын оюутнуудын дунд зохиогддог “АЛТАН ҮЗЭГ” улсын уралдаанд тусгай байрын шагнал хүртсэн байна. Дандаа гадаадын алдартай зохиолуудад дүн шинжилгээ хийдэг Ц.Ариунжаргал энэ удаад монгол зохиолчийн бүтээлийг задлан шинжилж, ийм нэгэн өгүүлэл бичжээ.
………………………………………………………………………………
Арабчуудын ариун газар Аль-Кудасын ойролцоох Назарет хотын баруун өмнөд хэсэгт орших Айн Жалуд. Энэхүү газарт Миссирийн султан Күтүзийн арми Хүлэг хааны итгэлт жанжин Хитбухагаар удирдуулсан Монголын их армитай халз цавчилдсан гайхам түүх бий. Энэхүү түүхээр “Айн Жалудын цавчилдаан” хэмээх тууж бичигджээ. Тун сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн энэхүү тууж “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь нүдээ олж уншигч олны зүрхэнд ончтой тусчээ.
…”Наран булаг оргилж, нарийн өвс халиурсан Айн Жалуд хэдийгээр хүн, малын цусанд будагдсан ч эндхийн дундад далайн бүлээн салхи эмгэнэл, харуусалтай хирнээ омог бардам төгссөн тал нутгийн нэгэн баатар эрийн Шигэлбэр гэзгийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ”…
Хитбуха жанжиныг дагалдан адал явдалтай тулгарч түүнийг эрэлхэгээр тулалдан амь тавихад арай л нулимс унагалгүй гуниглан нусаа шорх хийтэл татчихаад хүмүүний атаа хорсол, урвалт шарвалт, эрх мэдэлд улайрсан тэмцэл хэдэн жаран, хэдэн зуун өнгөрсөн ч огт өөрчлөгдөхгүй байгааг ажиглан гайхан шогширно.Үлгэр домог, рубай, хачин жигтэй үйл явдлуудаар сүлэлдсэн уг тууж таны сонирхолыг яриангүй татах болно.
Догшин хилэнт Хүлэг хааны сэтгэхүйг оновчтой мэдэрч султан Күтүзид хаягласан захидалыг зохиолч ийн бичжээ:
“…Эзэн хаан, итгэлт жанжнаа байтугай эхийгээ алахаас ч буцахааргүй гаслант урвагчдаар бамбай хийж гутамшигт ялалт байгуулсан хилэнцэт боол Күтүз чи сонс. Чоно даган нисэж төвөггүйхэн барьчихаар амьтан хаана байгааг зааж өгөөд түүнийхээ шан харамжинд цадсан чонын шүлсдэж орхисон сэг зэмийг идэж голоо зогоодог хээрийн хар хэрээ болжээ, чи! Миний түмэн шонхор шувууг нэг муу хэрээ залгисан тул уур хилэн минь зуун жилдээ арилахгүй!..”
Зохиолч Б.Ойдовын унших дуртай ном нь Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”.
Буэндигийн зургаан үеийн гэр бүлийн түүхэнд хутгалдах цыган эр Мелькиадес уг романы онцгой нэгэн нууцыг тайлах түлхүүр, зөнч байдаг бол “Айн Жалудын цавчилдаан” туужид Никинор ламтаны зөгнөлүүд чухал ач холбогдолтой. Анх уншихдаа зөгнөлүүдийг ухаж ойлгох чадал байсангүй, гүйлгээд өнгөрсөн төдий. Хүмүүс над шиг төөрөлдөж гайхсан ч байж магадгүй. Гэвч унших тутам юмс ойлгомжтой болж зөгнөлүүдийг нэг нэгээр нь тайлж эхэллээ.
Юуны өмнө Никинор ламтаны тархи, зүрхэнд “Мянган жилийн хилэн” гэдэг нь хэрхэн бүрэлдэж буй тухай зохиолд өгүүлснийг дурдая.
“…Мянган жилийн хилэнгийн эхний зуун жилд Дорно зүгийн догшин хааны цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхийнүүд өшөө хонзонгийн хилэнцэт очийг цурманд ассан түймэр шиг дүрэлзүүлж, Арабын ертөнцийг хэдэнтээ донсолгоно. Тэднээс хамгийн аюумшигтай нь зуун жилийн дараа буюу Хижрийн тооллын 750 онд тохионо. Үй олон хот балгадыг устган цөлмөж, алж хядсан мянга мянган хүнийхээ хохимой толгойгоор аварга том овоо босгох догшин хааны махны тасархай Араб дахиныг нэлэнхүйд нь цочрооно. Түүний урсгасан цус хэрвээ гол байсан бол үржил шимт Иордон голоос хол давна. Ирээдүйд араб хүн дэлхий дээр үлдэх итгэл найдварын төлөө Аллах бурхан нулимс унагана. Үүний хүчинд догшин хааны махны тасархай үл ялиг тайвширч өрнө зүгт дайн хийхээр Арабаас зайлж одно. Түүний дараачийн хэдэн зуун жилд итгэлт хүндээ хорлогдсон нэгэн зовлонт хүмүүний уур хилэн босч ирж Исламын ахан дүүс бие биенээ хайр найргүй хядна. Түүнчлэн итгэлгүй бүхнийхээ эсрэг хорын ерөндөг базаж суудаг “Уулын өвгөд” дахин толгойгоо цогнойлгож, тэдний хөнөөлт сүүдрээс дэлхий гэлмэн цочирдоно. Кааба сүмийн ариун бунхан, ер бусын сүжигт “Хаж мөргөл”-ийн гэгээн бясалгалд Араб дахин нэгэн үе амар жимэр, хайр энэрэл дүүрэн амьдрах хэдий ч энэ нь мөнхөд эс үргэлжилнэ. Гадна дотны үзэн ядалтын бугалганд битүү хордож, эзэнгүй түлхээс зайгүй хийрхэж, элдвийн түйтгэр завсаргүй ёрлох тул аймшиг хэзээ, хаана гэдгийг тодхон төсөөлж мэдэхгүй. Зүдэргээт хүмүүн хоол эрэн бэдрэхдээ ягирам хатуу доод тив рүү улангасч газар дэлхийн гагнаас болсон лусын хаан Вад бурханы эрдэнийн шүдийг ховх татаж, тэндээс олгойдох аварга могойн шүлсэнд хэдэнтээ сатаарах авч, тэрхүү могойн шүлс, эрдэнийн шүд нь шуналт хүмүүнийг оройд нь хүрэхээргүй жаргалд аваачаад, ёроолд нь хүрэхээргүй зовлонд унагана. Тэр цагт гадгаад их далайн чанадаас довтлон ирэх хүчирхэг луу Арабын ертөнцөд савраа тавьж, Исламын том том хаадаар дүүжин хийж зугаацана. Аймшигт шүүлтийн өдөр ирнэ гэдгийг тэд үл төсөөлж, өөрсдийн хэтийдсэн үзэл санаагаа Кааба сүмийн итгэл бишрэлээс дээгүүрт тавина. Хүн төрөлхтөн бурханы үнэнийг чөтгөрийн худалтай хольж хутган самуурна. Дэлхий дахины нүгэл хилэнц ихэдсэнээс болж ад зэтгэрийн шимтэй хөрс урган төлжих хэдий боловч бүх дэлхийг далдын хүчээр эзэлнэ гэж тангараг өргөсөн ад зэтгэр Сатана харин мянган жил гинжлэгдэж, хүн ардыг маань огтхон ч уруу татан хорлохгүй. Чухамхүү хүн хүнээ л хорлоно…”
Одоо үүнийг тайлъя.
(…Тэднээс хамгийн аюумшигтай нь зуун жилийн дараа буюу Хижрийн тооллын 750 онд тохионо. Үй олон хот балгадыг устган цөлмөж, алж хядсан мянга мянган хүнийхээ хохимой толгойгоор аварга том овоо босгох догшин хааны махны тасархай Араб дахиныг нэлэнхүйд нь цочрооно…) 1260 онд Айн Жалуд хэмээх газарт Монгол цэргийн туг энд анх удаа гудайжээ. Үүнээс зуун жилийн дараа Араб дахиныг цочроосон хүн бол догшин хааны махны тасархай “Доголон” Төмөр хаан юм.
(…Дараачийн хэдэн зуун жилд итгэлт хүндээ хорлогдсон нэгэн зовлонт хүмүүний уур хилэн босч ирж Исламын ахан дүүс бие биенээ хайр найргүй хядна…) Өөрийн итгэлт жанжин Бейбарстаа хорлогдсон шаналант Күтүзийн уур хилэнг хэлж байна.
(…Түүнчлэн итгэлгүй бүхнийхээ эсрэг хорын ерөндөг базаж суудаг “Уулын өвгөд” дахин толгойгоо цогнойлгож, тэдний хөнөөлт сүүдрээс дэлхий гэлмэн цочирдоно…) Өнөө цагийн Исламын хорлон сүйтгэгч нарын тухай зөгнөжээ.
(…Зүдэргээт хүмүүн хоол эрэн бэдрэхдээ ягирам хатуу доод тив рүү улангасч газар дэлхийн гагнаас болсон лусын хаан Вад бурханы эрдэнийн шүдийг ховх татаж, тэндээс олгойдох аварга могойн шүлсэнд хэдэнтээ сатаарах авч, тэрхүү могойн шүлс, эрдэнийн шүд нь шуналт хүмүүнийг оройд нь хүрэхээргүй жаргалд аваачаад, ёроолд нь хүрэхээргүй зовлонд унагана. Тэр цагт гадаад их далайн чанадаас довтлон ирэх хүчирхэг луу Арабын ертөнцөд савраа тавьж, Исламын том том хаадаар дүүжин хийж зугаацана…) Газар дэлхийн гагнаас болсон Вад бурханы эрдэнийн шүд хэмээгч нь алт болой. Тэндээс олгойдох аварга могойн шүлс нь газрын тос. Ингээд далайн чанадаас хүчирхэг гүрэн Арабын ертөнцөд савраа тавьж буй нь газрын тос, алтанд шунасан Америкийг хэлж. Никинор ламтан өөрийгөө долоон зуун жилийн дараа буюу Хижрийн тооллын 1350-иад оны үед Багдадад эргэж төрнө гэдгээ бас зөгнөдөг. Хижрийн тооллын 1350-иад он гэдэг нь өнөөгийн 21-р зуун болой. Исламын том том хаадаар дүүжин хийж зугаацана гэдэг нь Саддам Хусейн, Маумер Каддафи нарын Исламын хэд хэдэн ерөнхийлөгчийг үгүй хийснийг хэлж байна. Багдадын тэнгэрт төмөр шувууд нисэлдэнэ гэдэг даруй Ирак, Америкийн найман жилийн дайныг хэлж. Төмөр шувууд гэдэг нь бөмбөгдөгч онгоцыг хэлж байна.
Туужид өгүүлэгдэн буй доорхи шүлэгтэй харьцуулж үзвэл Никинор ламтаны хойд төрөл нь яриангүй Иракийн удирдагч Саддам Хусейн болж таарна.
“…Тикритийн бүсгүйг би залбирч буй дүрээр нь харж байна
Тэр бид хоёрын залбирал Арабыг энэрэх хайр болж үүр цайна
Багдадын тэнгэрт төмөр шувууд багшралдан нисэлдэхээс өмнөхөн
Баллийн толгод дунд түүний даашинз цайрахыг би үзнэ
Харийн махчин бүргэдүүд довтлон ирж орон гэрийг минь нураасан ч
Хайр минь улам дүрэлзэн бид гартаа зэвсэг барина
Хагацахын өмнө дайсны илд толгой дээр гялбасан ч
Хайрт минь битгий уйл, Арабад дахиад өнө мөнхийн үүр цайна…”
Шууд 1001 шөнийн үлгэрийн хэмнэл рүү халтираад орж байгаа биз? Зохиолд өгүүлэгдэн буй зөнч Никинор “Мянган жилийн хилэн”-г Арабын ертөнцөөс үүрд арчиж хаяхаар “Баллийн толгод” дахь ариун цэцэрлэгийг зорин хөдөлдөг. Султан Күтүзийн шарилыг ариун цэцэрлэгээс зайлуулж чандарлан далайд цацах, бас Хүлэг хааны хилэнт захидлыг салхинд хийсгэх нь түүний эцсийн зорилго болдог. Тэгээд Күтүзийн шарилыг ухаж гаргахаар эхний цүүцээ хатгах үед эвэр нумын хүчит сум шуугин ирж цээжийг нь нэвт сүлбэнэ. Зохиолын төгсгөлийн хэсэгт ингэж өгүүлжээ.
“…Эцэс болсонгүй дээ, мянган жилийн хилэн…” гэж Никинор ламтан сулхан хэлээд өөрт тохиосон зөн билгийн ертөнцөө төгсгөв. Мөнхүү харвасан хүмүүн болбоос Айн-Жалудын алдарт цавчилдаанаас цор ганцаараа амьд үлдсэн Хитбуха жанжины нэгэн монгол цэрэг байвай…”
Энэхүү төгсгөлд жинхэнэ уран сайхны боловсруулалт хийж чадсаныг Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир тун зөв дүгнэсэн байх ажээ. Тэр өгүүлэхдээ: “Үнэндээ Хүлэг хааны цэргүүд бүгдээрээ алагдаад, Хитбуха жанжин ялагдаад төгсөж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ Хитбуха жанжны амьд үлдсэн тэр нэгэн цэрэг “Мянган жилийн хилэн”-г эцэс болгох боломж олгоогүйдээ ялчихаж байна шүү дээ. Нарийндаа бол ялалт манай талд ирж байгаа биз. Үүнийг уран зохиолын аргаар гоё гаргаж ирсэн. Түүхэн зохиол гэдэг бол энэ..” хэмээжээ.
Амь тавьж буй ламтаны харцнаас түүний зөгнөлийг олж харан Арабчуудын мянган жилийн хараал өдий хүртэл дуусаагүйг санаад ахин нэг гуниглав.
Зохиолыг уншиж дуусгаад “Юун Айвенго бидэнд Айн Жалуд байна шүү дээ” гэж өөрийн эрхгүй дуу алдсан юм даа. “Айвенго” зохиол бол дэлхий дахины баатарлаг туульсын сор бүтээл гэгддэг. Тэгтэл “Айн Жалудын цавчилдаан” бол “Айвенго”-гоос давж гарсан бүтээл ажээ.
Цэрэн-Очирын Ариунжаргал
URL: