Гадны банкуудыг монголд оруулж, эдийн засгаа аваръя

5273Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадахгүй банкны салбарынханд мөлжүүлж амьдарч байгаа монголчуудад өнөөдөр олон улсад нэр хүнд бүхий төрийн өмчийн оролцоогүй банкны салбартай гар барьж, мөнгө хүүлэгчдээс салахаас өөр зам үлдээгүй. Ингэж байж бид “банк” хэмээх нэршил дор боловсон дээрэм хийгч, мөнгө хүүлэгчдийн хараат байдлаас гарч чадна. Мөнгө хүүлэгчид энэ бүхэнд дургүй байгаа.

Олон улсад нэр хүнд бүхий банкны салбар монголд нээгдчихвэл тэдний Монголын эдийн засаг дахь ноёрхлын суурь ганхаж эхлэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, монополь болсон банкны салбарт өрсөлдөөн бий болж, хэдэн 10 дахин нугалж олдог мөнгөний урсгал нь хумигдана гэсэн үг юм. Ганцхан жишээ дурьдахад л Монголын банкууд дэлхийн томоохон банкуудаас хэд дахин их ашгийг жилдээ олдог гээд бодчиход л хэрхэн мөнгө хүүлдэг нь тодорхой болно.

 

Банкууд бүгд дэргэдээ зуучлалын компани байгуулсан нь тэдний ашгийн илэрхийлэл

 

 

Өнөөдөр Монголын бүх л банк дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зөвлөгөө өгдөг зуучлагчийн компанийг нээн ажиллуулж, түүгээрээ дамжуулан Монголын хамгийн том, хамгийн ашигтай гэсэн бүх л бизнесүүдэд хөрөнгө оруулж цаашлаад худалдан авч байна. Хас, ХААН, Голомт банкууд дэргэдээ “Security” нэртэй зуучлалын компанийг нээн ажиллуулдаг бол Монголын хамгийн том банк гэдэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авснаар нь батлагдсан Худалдаа хөгжлийн банк л гэхэд “TDB capital” хэмээх брокерын компанитай.

 

 

ХААН банк л гэхэд Засгийн газрын 10 дугаар байр буюу хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан барилгыг дуудлага худалдаагаар үнэ цохиж худалдан авч шуугиан тарьж байсан нь саяхан. Тухайн үед яамны барилгыг нураан хүүхдийн эмнэлэг барих саналыг Засгийн газраас гаргасан ч мөнгөгүйн эрхэнд 6.7 тэрбум төгрөгөөр Монголын мөнгө хүүлэгчдийн нэг болох ХААН банкинд зарж байсан түүхтэй.

Хадлагамжийн өндөр хүүгээр чинээлэг иргэдийг хөлжүүлж, зээлийн өндөр хүүгээр жирийн иргэдийг мөлжсөөр л байх уу

 

“Хадгаламжийн хүү өндөр байгаа учир зээлийн хүүг бууруулах боломжгүй” гэдэг хариултынх нь цаана хэдхэн хүний эрх ашиг хамгаалагдаж, Монголын нийт ард түмний эрх ашиг зөрчигдсөөр. Өнөөдөр монголчууд цалингийн, тэтгэврийн, авто машины, үл хөдлөх хөрөнгийн гээд л бүх л төрлийн зээлд дарлуулан амьдарч байгаа нь нууц биш. Дэлхий дээр байхгүй өндөр хүүтэйгээр энэхүү зээлээ банкнаас, банкны дэргэдэх банк бус санхүүгийн байгууллагуудаас л зээлж байгаа. Дэлхий дээр байхгүй гэснээс яг тийм төрлийн зээлүүдийг манай банкныхан мөлжлөгө хийхийн тулд зохиогоод олчихдог юм гэнэ билээ. Түүний нэг тод жишээ нь тэтгэвэр, группийн зээл. Хэдэн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань мөнгөгүйн эрхээр банкны хүүг үл хайхран ирээдүйд авах тэтгэвэр, группээ барьцаалан банкнаас мөнгө авдаг. Ингэхдээ “Ххвэл үр хүүхдүүд минь зээлийг минь төлнө” гэж бичээд л авдаг гэж байгаа. Бизнес эрхлэгчид банкнаас зээл авахын тулд үхэхээс наагуур юм болно. Өндөр хүүтэй, шалгуур нь тэнгэрийн босготой зээлийг авах гэж байдгаа бардаг гээд л бодчих. Шалгуурт нь тэнцэхгүй бол банк бус санхүүгийн байгууллагаас нь зээл авна. Иймэрхүү шат дамжлагатай.

 

Гадны мөнгөтэй иргэдийн хувьд Монголын банкууд мөнгөө өсгөх таатай орчин

 

 

Монголд нийт хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь чинээлэг амьдралтай гэсэн тооцоо бий. Энэ оны төсөвт 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авах асуудлыг хөндөж эхлэхэд чинээлэг иргэд маань сандарч эхэлсэн. Манайд 100 саяас дээш хадгаламжтай 9000 орчим иргэн, 2000 орчим хуулийн этгээд байдаг нь тодорхой болсон. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 1 хүрэхгүй хувь нэрнээ нийт хадгаламжийн 90 гаруй хувь гэсэн үг. Гэхдээ энэ тооны цаана хэчнээн нь гадны иргэд вэ гэдэг нь тодорхойгүй. Учир нь гадны мөнгөтэй иргэдийн хувьд Монголын банкууд мөнгөө өсгөх таатай орчин нь. Тэд монголчуудын нэр дээр их хэмжээний мөнгө хадгалуулж, их хэмжээний ашиг олсон шигээ суудаг. Үүнийг нь банкныхан ч тэр холбогдох газрууд нь ч тэр мэддэг хэрнээ нүдээ аниад л өнгөрөөдөг. Учир нь тэдэнд ашгаас өөр юу ч чухал биш.

 

Банкууд нэртэй боловсон мөнгө хүүлэгчдийг хазаарлах ганц арга нь гадны банкийг монголд оруулах

 

 

Монголын банкууд гадны банк монголд орохоос  айж байгаа юу гэвэл тийм. Учир нь тэд орж ирээд Монголын банкуудыг “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчийн үлгэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг дорхноо илчилчихнэ. Бүх төрлийн зээлийн хүү нь тэнгэрт тулсан Монголын банкуудын хажууд дэлхийн жишигт нийцсэн зээлийн хүү бүхий олон улсад нэр хүндтэй банк үйл ажиллагаагаа явуулаад эхлэхтэй зэрэгцэн зээлдэгч нар тийш хошуурч, Монголын банкууд хүссэн хүсээгүй дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах болно гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас тэр шүү дээ. Гадны банкуудад тавих ганцан шалгуур нь төрийн өмчийн оролцоогүй байх ёстой гэдгийг анхааруулах нь харин илүүц биз ээ.  Дараагийн нийтлэлээрээ бид Монголын банкны эздийг танилцуулах болно.

Н.Гэрэл

Цензургүй.мн


URL:

Нэр: иргэн Огноо: 12 October 2016

эдийн засгаа аврах биш алуулна шүү дээ

Сэтгэгдэл бичих