Умард Солонгос анхны цөмийн туршилтаа хийснээс хойш 10 жил өнгөрч байна

147599652257f9eb6a0dde1ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгос анхны цөмийн туршилтаа хийснээс хойш яг 10 жил өнгөрч байна.Үүнтэй холбогдуулан Умард Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж улс орнууд, тэдгээрийн дотор АНУ болон БНСУ түгшиж байна.

Умард Солонгос 2006 оны 10 дугаар сарын 9-нд зүүн хойд нутгийн “Пүнге-ри” цөмийн туршилтын талбайд анхны газар доорх цөмийн туршилтаа хийж байжээ. Үүнээс хойш 2009 оны тавдугаар сар, 2013 оны хоёрдугаар сар болон энэ оны нэгдүгээр сард тус улс цөмийн туршилт хийсэн юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд тус улс цөмийн цэнэгт хошууг дэлбэлэн туршсан билээ.

Шинжээчид хэлэхдээ “Пхеньян цөмийн технологио улам боловсронгуй болгож байгаа нь туршилт бүрээс харагдаж байна” гэв. Анхны цөмийн туршилт нь 1 килотонн хүрэхгүй TNT буюу тротил /тэсрэх бодис/ дэлбэрсэнтэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй байсан бол тав дахь цөмийн туршилт нь 10-12 килотонн TNT дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй байсан гэж шинжээчид тооцоолж байна.

“Зургаа дахь цөмийн туршилтыг хийхэд ашиглах гэж байж болзошгүй гурван ч хонгил  цөмийн туршилтын “Пүнге-ри” талбайд байна” гэж НҮБ-ын судалгааны байгууллага өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд хонгилуудын ойролцоо хүмүүсийн болон тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөн эрчимжжээ.

Пхеньян ээлжит цөмийн туршилтаа хэзээ мөдгүй хийж болзошгүй байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын БХЯ сонор сэрэмжээ дээшлүүлж, бэлэн байдалд шилжээд байгаа аж.

Умард Солонгос “цөмийн зэвсэгтэй улс” гэдгээ олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

эх сурвалж: монцамэ.мн


URL:

Сэтгэгдэл бичих