ОФФШОР ДАНСЫГ ХОРИГЛОХТОЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

000000УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурчээ. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байна.

Нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Нэр: мнгол Огноо: 9 October 2016

УГААСАА ТАТВАРААС ЗУГТАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ,ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР ТОДОРХОЙЛОГДСОН ЗҮЙЛИЙГ ХУУЛЬ,ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ МЭТ ТӨӨРӨРЛДҮҮЛЭЭД ДАРАА НЬОФФШОРЧДЫГ ХАМГААЛСАН,ЯЛ ЗЭМГҮЙ БОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАЙНА Ш ТЭЭ.НОВШ ГЭЖ.

Сэтгэгдэл бичих