ХАР ТОЛБО БОЛСОН ӨДӨР
Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдсэн өдөр бол 2009 оны 10дугаар сарын 6. Энэ өдөр ХОГ хэмээх товч нэртэй Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээг өөр хоёр хэлцлийн хамтаар гаднынхантай байгуулсан билээ.
Төрийн ордны Их танхимд “Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол” хэмээх сүржин арга хэмжээг дэглэж, улс орон даяар шууд дамжуулан үзүүлснийг хүмүүс санаж байгаа. “Баярын жавхаа” дууны эгшгээр эхэлсэн уг ёслолд манай төр,засгийн бүхий л удирдлага болон гадаад,дотоодын зочин оролцож сайхан гэрээ байгууллаа хэмээн маш их баяр хөөр болцгоосон. Эрх дарх, нэр хүндтэй нэлээд хүн баярын үг хэлж гэрээний агуулга,ач холбогдлыг сайшаан магтсан.
Оюутолгойн гэрээг хар толгойгоороо хариуцна гэсэн Ерөнхий сайд С.Баяр үг хэлэхдээ “энэхүү гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна” хэмээн онцлон тэмдэглээд “гэрээг боловсруулах,чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гүн талархлаа илэрхийлж, хариуцлагаа хамтдаа үүрнэ шүү гэж битүүхэн ойлгуулахаа ч мартаагүй.
“Яндаж болдоггүй далай шиг, яасан баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид эзэн нь болж төрөв өө” гэж дуулсаар тэрхүү ажиллагаа өндөрлөхөд их гоё юм хийчихлээ гэсэн хүмүүс баярын нулимс дуслуулах нь холгүй байцгаасан. Харин ордны баруун талд иргэний хөдөлгөөнийхэн,зарим нам, төрийн бус байгууллагын цөөн хүн лоозон барин цуглаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
Оюутолгойн гэрээг байгуулсан нь МА(Х)Н,АН хоёрын хамтарсан Засгийн газрын хамгийн том амжилт,бүр гавъяа хэмээн ухуулан сурталчилж байв. Үнэхээр ч ХОГ бол МАН-АН-ын хамтарч үйлдсэн бүтээл гарцаагүй мөн юм.
“Гайхамшигтай гэрээ”, ”ямар ч эрсдэлгүй гэрээ” хэмээн Сангийн сайд С.Баярцогт эрх баригчдын үзэл бодол,байр суурийг томъёолон хамтын бүтээлийнхээ чанар,чансааг олны өмнө шагшран магтаж байсан түүхтэй.
Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрч гэрээний үр дүн гарч эхлэн, үр дагаврууд нь хангалттай танигдахаар болов. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Ямаршуу олхиогүй байдал үүссэнийг одоо хэнбугай ч гадарладаг болжээ.
Уг нь бол Оюутолгойн гэрээ нь гайхамшигтай биш,харин гамшгийн уршигтай луйврын гэрээ болж буйг, хөрөнгө оруулалтын биш,харин яг эсрэгээрээ хөрөнгө сорох буюу соруулах гэрээ болсныг олж харахад нэг их төвөгтэй байгаагүй юм.
Мэдлэг,туршлага аргагүй дутсан гэж одоо зарим хүн ярьдаг. Энэ нь хариуцлагаас мултрах гэсэн арчаагүй заль мэх,жүжиг мэт сонсогддог юм. Нөгөөтэйгүүр мэдлэг, туршлага дутмаг байсан юм бол яах гэж төр,засгийн дээд эрх мэдэл рүү зүтгэн очсон юм, орд баялаг хийгээд улс орны хувь заяагаар яах гэж тоглосон юм гэх асуулт зайлшгүй ургана гарна. Үүнд болон бусад олон асуултад тэдгээр хүмүүс хариулт өгөх ёстой. Ард түмэн ч хариулт нэхэх эрхтэй.
Төрийн ордонд Оюутолгойн ХОГ-нд гарын үсэг зурж байхад олон бодол төрж байж билээ. Нэг зүйлд их гайхаж байсан юм. Хууль дээдлэх үүрэг,тангарагтай тэр олон албан тушаалтан төрийнхөө хууль тогтоомжийг уландаа гишгэн танхайрч хууль зөрчсөн бөгөөд асар их хор хөнөөлтэй гэрээг хэнэгчгүй байгуулж буйд нь ой гутаж байв. Юу хийж буйгаа ойлгох сэхээгүй хөөрцөглөх нь ямар гээч муу ёрын эмгэнэлт хошин жүжиг болж байгаа нь энэ вэ гэж дотор сэрдхийлгэж байв. Улс,үндэстнийхээ ирээдүйгээр тоглочихлоо доо, энэ хүмүүс гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм даг.
Туйлын бусармаг хэрэг явдал болж буй нь нэгэнт тодорхой байсан тул тэр үед миний бие эсэргүүцлээ илэрхийлэх, байдлыг олон нийтэд мэдээлж ойлгуулах үүднээс нэгэн цомхон материалыг бэлтгээд маргааш өдөр нь нэг томоохон сонинд тод хар хүрээтэйгээр гаргасан билээ. Түүнд:
МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХАР ӨДӨР
2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр үндэсний эмгэнэл,гашуудал,харуусал,харамслын өдөр болж түүхэнд тэмдэглэгдэнэ.
Учир нь гэвэл, Оюу Толгойн ордыг ашиглах хохиролтой гэрээнд эрх баригчид гарын үсэг зурснаар:
- дэлхийд гайхагдах энэ сайхан өмч баялагтаа монголчууд эзэн байхаа болив;
- баялгаа харийнхны мэдэлд өгч эзэмшүүлэн цөлмүүлэхээр тохиров;
- гадаадын компаниудын барьцаа,дарамтад 30-70 жилийн хугацаагаар оров;
- Лондонгийн Арбитрын шүүхэд очиж унах занганд 30-70 жилээр оров;
- асар их хөрөнгө,мөнгө эргэлдүүлэх хязгааргүй шахуу эрх,боломжтой төдийгүй өөрийн мэдлийн газар нутаг,гүний ус,зам,нисэх буудал,цахилгаан станци болон хараат гааль,хилийн боомт бүхий “Айвэнхоу-Рио Тинтогийн вант улс” бий болохыг зөвшөөрөв;
- стратегийн ач холбогдолтой бусад ордыг улс,үндэстэнд унац,үлдэц багатайгаар ашиглаж үндсэндээ үрэн таран хийх муу жишиг тогтоов;
- Монголыг түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч байлгах харийн бодлогыг хэрэгжүүлэх ноцтой үр дагавартай шийдвэр гаргав;
- авилгалыг өөгшүүлэн дэмжсэн алхам хийв;
- эх орондоо жинхэнэ ёсоор эзэн байхыг захиж сургасан өвөг дээдсийн өв уламжлал, гэрээслэл хийгээд хойч үеийнхний амин эрх ашгийг зөрчиж умартав;
- үндэсний харьцангуй бие даасан хөгжил,дэвшлийн замаар хэлбэрэлтгүй урагшилж, хотол олноороо чинээлэг аж төрөх түүхийн нэгэн гайхамшигтай боломжийг ийнхүү алдахад хүрч байна.
ХАРИН ИРГЭН ТА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ?
2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр.
“Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
гэж бичсэн нь бий.
Хүмүүс бодит байдалтай харьцуулаад өөрсдөө дүгнэлт хийх боломжтой тул энд нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.
Өдгөө Оюутолгойн хэрэг явдал ХОГ ба Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анх тусгагдаж байснаас ч хавьгүй илүү хэмжээгээр хилийн чанадад шийдэгддэг болоод байна. Ийм байдал үүсэхэд хууль зөрчин 2015 онд байгуулагдсан “Дубайн гэрээ” ба Төслийн санхүүжилтийн гэрээ маш их нэрмээс болов. Хатуухан хэлбэл, одоо үйлчилж буй эрх зүйн зохицуулалтаар бид Оюутолгойн ордоо харийнханд алджээ. Гайхамшигт өмч баялаг маань эрх баригчдын туйлын харицлагагүй үйлдэл, эс үйлдлүүдийн гай балгаар ийнхүү золиослогдож, гаднынхны хувьд өндөр ашиг шимтэй “саалийн үнээ”, харин монголчуудад бол өр,зээлийн дарамт,тулам, түүнчлэн луйвардуулж дээрэлхүүлдэг талбар болж хувирав.
Цаашид үйл явц ийм маягаар улам лавшран өрнөвөл бид орд газраа харьцангуй богино хугацаанд цөлмүүлэн дуусгуулахаас гадна эцэст нь бөөн өртэй үлдэж мэдэх нь.
Энд би баялгаа гаднынхны мэдэлд өөдгүй нөхцлөөр шилжүүлснээс болоод нэгэнт алдсан ба цаашид алдах нь бараг тодорхой байгаа олон чухал боломж, бололцоо, хөгжлийн ирээдүйн асуудлыг хөндсөнгүй. Эдгээрийг давхар бодолцвол Оюутолгойд үнэхээр харамсаад баршгүй гуниг,гутамшигтай дүр зураг тодрон гарна.
Улс орон олигтой хөгжиж чадахгүй байгаа болон одоо санхүү,эдийн засгийн хүндрэл, хямралд нэрвэгдэн зүдэрч буй нь олон учир шалтгаантай хэдий ч нэг гол шалтгаан нь бид ашигт малтмалын баялгаа эзний ёсоор зүй зохистой ашиглаж чадахгүй байгаад оршино. Оюутолгой бол үүний тод жишээ,нотолгоо.
Хамгийн наад зах нь л гэхэд хүндрэл,хямралыг хохирол багатай гэтлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан шуурхай маневр хийж ажиллах ёстой байтал гаднынхны мэдэлд өгснөөс болоод Оюутолгойн асар их баялгаа дайчлан ашиглах тухайд (төрийн мэдлийн 34 хувиасаа зарж улам ихээр хохирохыг эс тооцвол) бие даасан шийдвэр гаргах ямар ч боломжгүй, чадваргүй болчихоод гөлийгөөд сууцгааж байна.
Гэрээ байгуулах үед яригдаж байсан унац,өгөөж ч замхран алга болов. Хөрөнгө оруулалтын зардал үндэслэлгүйгээр ихээхэн нэмэгдэж, төслийн өгөөж буурч, монголчуудын өр өсч, улмаар хүртэх орлого,ашиг нь багасахад хүрч байна.
Ногдол ашгийг 2019 оны үеэс авч эхлэнэ гэж байсан боловч 2037 оноос нааш горьдолтгүй болсон шиг байна.
Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орно гэж албан ёсоор мэдэгдэж байсан нь хэрэгжихгүй байна. Хамгийн их татвар төлсөн гэх 2015 онд үүнээс бараг хоёр дахин бага буюу 558,9 тэрбум төгрөгийн татвар тооцогджээ.
Экспортолсон бүтээгдэхүүний валютын орлого ч Монголын банкны дансаар дамжихгүй, мөн тэнд байршихгүй байгаа тул Монголын санхүүгийн систем хийгээд төгрөгийн ханшийг тогтворжуулахад тус нэмэр болохгүй байна.
Одоо улс орон өрөнд баригдаж,дампуурах аюулд өртөөд гаднын байгууллага,улс гүрнээс авралын тусламж эрэн шившгээ тарин гуйлгачлахад хүрч байна. Ингэтлээ сульдан доройтож өөрсдийгөө яая гэж байхад манай эрх баригчид анхны хөрөнгө оруулалтын зардлын 1,4 тэрбумын хэтрэлт, санхүүгийн бульхай, бүртгэл тооцооны зөрчил зэргээс үүдэлтэй нийт гурав орчим тэрбум ам.долларын хэргийг эрх мэдлээ хэтрүүлэн цайруулаад гаднынханд найр тавьчихав.
Тэгээд бас болоогүй гүний уурхайн санхүүжилт гэх далбаан дор 4,4 тэрбум ам.долларын зээлийг Оюутолгой ХХК-ийн тусгай зөвшөөрөл,эд хөрөнгө зэргийг барьцаанд тавьж авахыг зөвшөөрөөд Рио Тинто компанийн мэдэлд “бэлэглэчихэв”.
Далд уурхайн бүтээн байгуулалтад жил бүр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж “хошгоруулаад” байсан ч тэр нь цутган орж ирсэн тухай мэдээ одоо хэр алга. Гэтэл он шувтрах шатандаа орсон төдийгүй хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх нь хямралыг давахад чухал болоод байдаг.
“Амташсан хэрээ арвангурав дахина” гэгчээр Оюутолгойд эзэн суусан гаднынхан тохиролцоогоо биелүүлэхгүй, монголчуудыг дахиад л хулхидаж байгаа юм болов уу даа.
Оюутолгойг тойрсон туйлын урагшгүй хэрэг явдлыг монголчууд бид улс, үндэстнийхээ эрх ашигт нийцүүлэн цэгцэлж чадаагүй цагт жинхэнэ хөгжил,дэвшлийн тухай ярилтгүй гээд байдаг нь хэтрүүлэг биш юм.
Тиймээс түүхэнд хар толбо болж тэмдэглэгдсэн энэ өдрийн учир холбогдлыг сануулах ялдамд Оюутолгойн баялгийг ХОГ ба бусад гэрээний дагуу энэ янз байдлаар ашиглахыг иргэн Та зөвшөөрч байна уу гэх асуулт дахин тавигдаж байна.
Энэ асуултад хэрхэн хариулж хандахаас, Оюутолгойн “жонхуу”-г эерэгээр зохицуулж чадах эсэхээс өнөө ба хойч үеийн монгол хүн бүрийн амьдрал ахуй, хувь заяа үлэмж хамаарах болно.
Р.Эрхэмбаяр,”Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
2016 оны 10дугаар сарын 4-ний өдөр.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан