Хууль зөрчиж, иргэдийг шулдаг ломбардууд хэзээнээс хуулинд захирагддаг болох вэ

147563740557f4709d7ac12Хүмүүс яарч сандарсан, мөнгө хэрэг болсон үед ломбард шиг амар зүйл байхгүй гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь ломбардууд банк шиг олон зүйл нэхэлгүй шууд л тэдний авчирсан үнэт зүйлийг үнэлээд мөнгийг нь өгдөг учраас тэднийг зорьдог. Мэдээж иргэд мөнгөний боломжгүй учраас л ломбардыг зорьж байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэтэл ломбардууд “Сарын 8-10 хувийн хүү”, “7-14 хоногийн 10-15 хувийн хүү” гэх мэтчилэн өөрийн дураар хүү, хоногоо зохион, хэрэглэгчдэд сурталчилдаг жишиг тогтоод удаж байна.

Эрэлт нь байгаа болохоор энэ төрлийн бизнес ч ашигтай хэвээр. “Хүү нь өндөр юм”, “Хоног нь бага юм”, хэмээн шаналсан ч яаралтай мөнгө хэрэгтэй болсон, яарч сандарсан хүмүүс гялайж, гялтайх зүйлсээ нүд ирмэхийн зуур өнөө ломбардад тавиад “туучихдаг”. Халаас нь нимгэрч, хэдэн бор төгрөг хэрэгтэй болсон иргэд мөнгө л олж байвал дараа нь хүү гэж хэдэн төгрөг төлөхөө тооцоололгүйгээр эд зүйлээ тавьчихдаг. Гэтэл 14 хоногийн дараа 300 мянган төгрөгөөр тавьсан эд зүйлээ авахаар очоод 300 мянган төгрөгөө төлөөд дээрээс нь нэмээд хүү гэж 60 мянган төгрөг төлөх шаардлагатай болдог. Ингээд тухайн хүн дахиад л мөнгөний эрэлд гардаг. Харин энэ хооронд нь ломбардууд үнэт эдлэлийг нь хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар зарчихдаг. Ингээд эцэст нь өөрийн үнэт зүйлээ зах зээл дэх хамгийн хямд үнээр буюу үндсэн үнийн 30 хувиар үнэлүүлсэн барьцаалсан иргэд хохироод үлддэг.

Яг үнэндээ хүний эрэлт дээр дөрөөлж иргэдийг “шулдаг” ломбардад хэн ч хариуцлага тооцож ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй учраас тэд ийнхүү даварч байгаа юм. Уг нь арилжааны банкны хүү 1.6-1.8 хувийн хүүтэй. Гэтэл ломбардууд 8-15 хувь байх жишээтэй. Энэхүү өндөр хүүг зохицуулах талаар ямар нэгэн хяналт байх ёстой. Хяналт муу байгаа учраас л ломбардууд тухайн иргэний эд зүйлийг үнэлгээний 30 хувьд бодож аваад эргээд зах зээл дээр 100 хувийн үнээр зарж борлуулдаг. Өндөр үнээр зарсан мөртлөө тэд иргэнд үлдсэн мөнгийг нь буцаан өгөлгүй өөрсдөдөө ашиг олсоор байгаа юм.

20160720022307-5tt4eiiltcvtm4ub0lrhvb3r54-768x432

Товчхондоо бол хуулиас гадуур иргэдийг шулж эрхийг нь зөрчиж байгаад хяналт тавих зайлшгүй хэрэгтэй юм гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол ломбард нь үндсэн зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж өөрийн дураар хүү, хоногоо тогтоодог. Харин иргэд “ломбардууд угаасаа л ийм байдаг” ингэх ёстой гэж боддог. Гэтэл захын нэг хууль сөхөөд үзвэл өнөө ломбардуудын иргэдийн дунд “ийм л байдаг” гэж тогтоосон хэм хэмжээ нь зөрчил болж таардаг.

Хамгийн наад захын нэг жишээг дурдахад, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт: “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүгээ ломбардууд өөрсдөө тогтоодог. Харин иргэд ломбардуудын тогтоосон хүүг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрдөг.

Энэ мэтчилэн иргэдийн мөнгөний хэрэгцээн дээр дөрөөлөн, мэдлэг мэдээлэл дутмагийг нь өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэн ашиг олж, иргэдийг хохироосоор байгаа хуулинд захирагддаггүй ломбардуудыг хуулинд захирагддаг болгож, цэгцлэх цаг нь болсон байлтай.

Т.Гэрэл

shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих