Олон улсын спортын наадмыг улаанбаатарт зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Евгеньевичийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү наадмыг 1996 оноос эхлэн 4 жилд нэг удаа ОХУ-ын Якут улсад зохион байгуулж ирсэн байна. Хорин жилийн түүхтэй энэ наадамд 40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчин, багш дасгалжуулагчид оролцож, спортын 20 төрлөөр 10 өдрийн турш өрсөлддөг гэж Дмитрий Евгеньевич хэллээ. Мөн энэ наадамд Монголын баг тамирчид тогтмол оролцож, 6 дахь удаагийн наадамд багаараа 5 дугаар байрт шалгарсныг дуулгав. Олон улсын хэмжээний энэхүү томоохон наадмыг эх орондоо зохион байгуулахаар Азийн олон орноос хүсэлт тавьж шалгаруулалтад оролцсон ч , газарзүйн байршил, зохион байгуулах хугацаа, цаг уурын хувьд хамгийн тохиромжтой гэж үзэн Улаанбаатар хотыг сонгож, 2020 оны наадмыг зохион байгуулах эрх олгохоор болсныг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд олон улсын хэмжээний томоохон наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх олгосонд талархаж байгаагаа илэрхийлээд, энэхүү наадмыг өндөр дээд хэмжээнд, амжилттай зохион байгуулж, бэлтгэл ажлаа одооноос эхлэнэ гэлээ. Мөн наадмыг зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, тус хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэсэн юм. Олон улсын наадамд зориулан спорт байгууламж барих ажлыг 2017 оноос эхлүүлж, 2020 оноос өмнө ашиглалтад оруулахаа ч хэллээ.
Азийн хүүхдүүд олон улсын хүүхдийн спортын их наадмаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олимп, дэлхийн аварга Н.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг тив дэлхийд алдартай олон шилдэг тамирчин төрөн гарчээ гэжНийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: