Э.Үржинханд: Атаархал

“Аанхаан! би чамд үзүүлээд өгье л дөө…!” гэж бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж тэсэхүйеэ бэрх авирлана. Тэгээд улам чангаар:

“-Би модноос ч өндөр, томоос том цэцэг тарина аа” хэмээн исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг амьсгалах мэт үл мэдэг үлээнэ.

. “-Өчнөөн бэрхийг туулсан тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн эцэст арай гэж ургуулсан юмсан. Эвий хөөрхий навч мөчир минь” хэмээн мод гомдохын ихээр гомдож халаглав. Үндэс мөчирийнх нь үргэлжлэл, үр нахиа болсон бяцхан навчсаа жилийн жилд цамнан агсрах салхинд алдаад нүцгэрч хоцордог хөөрхий мод гунигтайяа сүглийнэ. Гэлээ ч энэ бүхний дараа нэг л газраа, тэр л янзаараа энгүй сайхан, бас эгэл даруухнаар ургасаар.

“-Ямар гоё мод вэ, ямар өндөр юм бэ, навч жимсийг нь хараач” гэж харсан бүхэн уулгалан шагшихын хэрээр тэр л модны сүүдэрт хүүхэд хөгшид бүгдээр тухлан саатах дуртай . Зарим нь мөчир, навчыг гоёмсог туузаар чимж, үндэс ёроолыг нь услан тэтгэнэ. Түүний сүрлэг сайхныг биширсэн нэг нь модыг хоёр гараараа алдлан тэвэрч зургаа хүртэл татуулна. Баярлан цэнгэх тэднийг хараад мод сэтгэл тэнийн баясч, мөчир юугаа өмнө нь дэлгээд амтат жимсээр дайлан байв. Түүний энэ аз жаргалант инээд хөөр сонстох чимээнээр салхи амгалан нойрноосоо сэрээд, суниан байж эргэн тойрноо сонжсоор модыг олж хармагцаа хөмхий зууж: “-Яагаад ганцхан чамд бүгд хайртай байдаг юм бэ, яагаад чамайг л дуу алдан магтацгаадаг юм бэ? Одоо энэ бүхнийг дуусгах цаг болсон, хамаг бүгдээр ганцхан намайг шагшин магтахыг би сонсмоор байна” гээд улан доороосоо шороо авч хуйлран босов. Чингээд урьдын адил модыг тойрон нүүр нүдгүй шуурч эхлэхэд саяхан баярлан хөгжилдөж байсан бүхэн тал тал тийш таран одоцгоолоо. Салхи үсээ сэгсийлгэж, хормойгоо дэрвүүлэн улам хөөрөн дэгдэв. Тэрээр модыг нааш цааш ганхуулж хүйтнээр исгэрэн:

70tqo36nufu0cfel30jv439pve_500x500“-Яахаараа чи ингэж бусдын анхаарлыг татаж байдаг юм бэ? Чамайг үзэн ядаж байна” хэмээн дайралдсан бүхнээ сүйтгэн шидэлж, үүлсийг хүртэл атиралдуулан аадар бороогоор цутгаж гарлаа. Үүнээс гоё, үүнээс том цэцэг тарихаар өдрийн бодол шөнийн зүүдэндээ автсан салхи улангасан дайрч гарав. Эцэстээ галт цахилгаан цахилж, аадар цутгасан аюулт аянгаар ниргүүлэн гоёмсог модыг устгахаар шийдлээ. Өндрөөс өндөрт саглайн ургасан үзэсгэлэнт мод:

“-Салхи минь дээ, би чамд ямар ч гэм хийгээгүй. Чамд ч гэсэн бүгд л хайртай шүү дээ. Гагцхүү мөчир навчийг минь л бүү хугалаач дээ” хэмээн мэхийн байж гуйхад салхи улам уурсан ширүүснэ. Тэгээд хамгийн хайртай үр жимснүүдээ эрхлүүлэн ургуулдаг мөчрийг нь хуга татаж хаяад:

“-Аа хахаха, би чамайг хэсэг хэсгээр нь хугалж хаяна. Чиний оронд миний тарьсан цэцгүүд өндрөөс өндөрт ургахыг харах болно. Тэгээд харсан бүхэн чамд биш надад мэхийн талархаг, ганцхан надад. Мэдэв үү…!” хэмээн цуурайлуулан хашгирч, хаа хамаагүй газраас элдэв янзын үр авчирч эргэн тойрон цацалсаар. Хамаг навч нь хийсч, мөчрүүд нь хугарч энд тэндгүй хөглөрөхөд хөөрхий мод арай ядан амьсгалсаар үндсэн дээрээ сүглийж үлдлээ. Салхи ийнхүү шонгийн мод шиг нүцгэрч үлдсэн түүнийг хахир хүйтэн жавраар хучаад алсад хуйлран одов.

Дараа жил нь тэнгэрийн ариун хур, газрын ачит шимээр тэтгүүлсээр өнөөх мод дахин цэцэглэж, өмнөхөөсөө улам үзэсгэлэнтэйгээр ногоорон ургалаа. Үндэснээс эхлээд оройг нь хүртэл ганган ногоон навчис мөчрөө даган нахиалж, амтлаг жимс энд тэндээс нь бөнжийнэ. Жигүүртэн шувууд түүн дээр үүрээ засч, саглагар модны сүүдэр доор амьтан бүхэн жаргалтай инээмсэглэн тухлав.

Хүмүүс түүний сүүдэрт амрахаар гоёмсог сайхныг нь бишрэн ирцгээлээ.
Хүүхдүүд булгаас ус зөөж, аагим халуунаас авран сэрүүцүүлнэ. Энэ үед салхи өөрийн тарьсан цэцэгсээ харахаар нисэн явах замдаа:

“-Миний тарьсан гайхалтай гоё цэцэгс одоо ч талаар нэг ганхаж байгаа даа, хир өндөр ургасан бол…?” гэхээс тэсэж ядан зөөлөн зөөлөн хөвсөөр иртэл мод өмнөхөөсөө улам үзэсгэлэнтэйгээр сүндэрлэн байх нь тэр. Түүгээр ч барахгүй эргэн тойронд нь баярлан жиргэх шувууд, сүүдэрт нь амарч наадах олныг харав. Энэ бүхнийг мэдээд салхины уур омог нь бадарч:

“-Аан, муу саглайсан мод чи! Mөчир навчийг чинь юу ч үгүй хугалсан байхад яаж бүдүүн зүрхлэн аймшиггүйгээр…!” гээд шороо атгахаар доош сарвайтал халгайнд гараа түлчихэв. Хорссондоо улам уурласан салхи гайхан байж:

“-Ээ халцгай гэж! Үгүй, ядаж байхад үзлийн муухай чи чинь яахаараа энд ургадаг билээ?” гэж багтрах шахам асуухад царай муутай лууль, арзгар ногоон халгай тэргүүтнүүд ам булаалдан байж:

“-Ачтай буянтай салхи эгч та өөрөө л түрүү жил биднийг энд тарьсан шүү дээ, хихи” гэх нь тэр. Урьдын адил тоос босгон, чулуу шороо шидэлж чадахгүйдээ ундууцсан салхи тэднийг налмайлган гишгэлсээр модны тэнд дөхөж очоод чагнавал сүүдэрт нь гар гараасаа атган суусан хос залуус:

“- Энхрий хонгор салхи минь

Эелдэг зөөлнөөр сэвшээч
Үзэсгэлэнт саглагар модны доор

Үүрдийн хайрыг минь гэрчлээч дээ” хэмээн түүнийг магтан дуулж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих