Орон нутгийн сонгууль угсаа залгаж, даага нэхэх нэр дэвшигчээр баян байх нь
2016 оны УИХ, НИТХ-ын сонгууль содон сонин нэр дэвшигчдээр дүүрэн байсан. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч олон содон нэр дэвшигчтэй байх нь. Тодруулбал орон нутгийн сонгуульд улс төрчид угсаа залгах удмынхныгаа зүтгүүлэхээр шийджээ. Мөн өмнөх сонгуульд олон нийтийн итгэлийг авч чадалгүй өвдөг шороодсон нөхдүүд ч энэ удаа даагаа нэхэхээр болсон байна. Тэгвэл орон нутгийн сонгуулийн сонин содон нэр дэвшигчийг 24 баримтаар танилцуулж байна.
Баримт 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүгээ улс төр рүү зүтгүүлэхээр болжээ. Тодруулбал түүний хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр үнэмлэхээ гардан авсан байна.
Баримт 2. Э.Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа аж.
Баримт 3. Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ирсэн нэгэн гэдгийг хэвлэлийнхэн онцолж байгаа юм.
Баримт 4. УИХ-ын дарга М.Энхболд ч охиноо энэ удаагийн орон нутгийн сонгуульд сойжээ.
Баримт 5. Түүний охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн зургадугаар тойрогт нэр дэвшихээр мандатаа өвөртлөөд байгаа аж.
Баримт 6. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ч өөрийн хүнийг улс төр рүү оруулахаар сойж байгаа аж.
Баримт 7. Тодруулбал түүний хүргэн дүү Б.Золбоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа юм байна.
Баримт 8. УИХ-ын гишүүн Н.Учрал “Чингис Соосэ” цогцолборын захирал М.Даваадоржийг ч мөн энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлэхээр илгээжээ.
Баримт 9. Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар төрсөн дүүгээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэр дэвшүүлжээ.
Баримт 10. Мөн тэрбээр эхнэрийнхээ дүүг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд нэр дэвшүүлээд байгаа аж.
Баримт 11. Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатар дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болсон байна.
Баримт 12. Ийгл телевизээс ажлын гараагаа эхлүүлж, Херо энтэртайнмэнт студын бүтээл “100 чухал сэдэв” зэрэг нэвтрүүлгүүд дээр амжилттай ажиллан олны танил болсон сэтгүүлч Э.Дөлгөөн БГД-ийн 7-р хороонд МАН-аас нэр дэвшиж байгаа аж.
Баримт 13. “Lumino” хамтлагийн ахлаг Б.Батхишиг БЗД-ийн 18-р хорооноос нэр дэвшихээр болжээ.
Баримт 14. Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр ч мөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ард түмнээ төрд төлөөлөхөөр зүтгэж яваа юм байна.
Баримт 15. “Монгол HD” телевизийн Ардын буйдан нэвтрүүлэгт амжилттай оролцож, үзэгчдийн талархлыг хүлээж байсан оролцогч Б.Батбаатар БГД-ийн наймдугаар тойрогт нэр дэвшиж байна.
Баримт 16. Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан экс орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт нэр дэвшихээр болжээ.
Баримт 17. Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг мөн л Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт өрсөлдөх аж.
Баримт 18. Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг 12 дугаар тойрогт хүч үзнэ.
Баримт 19. 2012-2016 оны хооронд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатар мөн НИТХ-д өрсөлдөж өвдөг шороодсон ч энэ удаа даагаа нэхэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа юм байна.
Баримт 20. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах өнгөрсөн НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадалгүй бүдэрсэн. Тэгвэл энэ удаад дүүрэгтээ дахин өрсөлдөхөөр болсон байна.
Баримт 21. Өнгөрсөн зургаадугаар сард Ардын намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвсэн ч өвдөг шороодсон Н.Атармаа дахин өрсөлдөнө.
Баримт 22. НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж унасан Д.Бат-Эрдэнэ мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд нэр дэвшиж байна.
Баримт 23. Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа мөн орон нутгийн сонгуульд хүч үзэж, дүүргийнхээ 23 дугаар хороонд дэвшиж байгаа аж.
Баримт 24. УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж бүдэрсэн тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг дүүрэгтээ нэр дэвшиж буй аж.
24tsag.mn
URL: