ЗАЛУУС НУТГАА ОРХИН ДАЙЖИЖ БАЙНА

3703

Зуун айлын иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаа өдөр бүр урт дараалал үүсэх болж.  Бүгд л шинээр гадаад паспорт захиалахаар оочерлож байгаа иргэд. Үүрийн дөрвөн цагаас эхэлж оочерлосон иргэд  8:30 минутын үед цагдаа нар зохицуулан дугаар тараах үеэр аль хэдийн 200 гаруй метр хэртэй газар мушгиралдан зогссон байлаа. Өнөө өглөө ойролцоогоор 500 гаруй иргэнд  дугаар тараасан юм. Өчигдөр 700 гаруй хүнд дугаар тарааж өдөртөө захиалгыг нь хүлээн авсан байна.

 

Өмнө нь жилдээ 120 мянган гадаад паспорт захиалах хүсэлт ирдэг байсан бол 2016 онд хагас жилийн дотор 130 мянгад хүрч ачаалал дээд цэгтээ хүрчээ. Оочерлож байгаа иргэдийн дийлэнх нь 18-40 насны эд хийж бүтээх насан дээрээ яваа хүмүүс. Тэд амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээх том зорилго тээн зогсоо нь гарцаагүй. Гадаад паспорт гарчихвал Солонгос руу виз хөөцөлдөнө гэж ярих хүмүүс олон байна.

 

 

Төгсөх курсийн нэг ангийн гурван залуутай хэсэг хөөрөлдлөө. Хоёр нь сургуулиасаа жилийн чөлөө авч, нэг нь сургуулиа бүр мөсөн хаяжээ. Гурвуулаа орон нутгийн оюутнууд. Сургалтын төлбөрөө дийлэхгүй болохоор хамтдаа явж ажил хийхээр шийдсэн нь энэ аж. Уг нь бол өмнө нь зундаа барилга дээр ажиллаад, хичээл орохоос өмнө самар, жимс түүгээд төлбөрөө болгочихдог байсан гэнэ. Гэтэл энэ жил зунжин халуун наранд барилга дээр ажилласан ч нөгөө газар нь цалингаа тавьж чадахгүй дампуурснаас болоод хохироод үлджээ. Тиймээс чөлөө авахаас өөр сонголт байсангүй гэлээ. Тэд Солонгос руу 3 сар ажиллах зорилготой. Тэдэн шиг хүн энд хэдэн зуугаараа байна. Ажил олдохгүй, аргагүйн эрхэнд энд тэндээс зээлж хэдэн төгрөг бүтээгээд гадагшаа явж ажиллахыг хүн бүр л ярьж байлаа.

 

 

Хэдэн жилийн өмнө төв цэнгэлдэхийн гадна хонон өнжин Солонгос явах гэж оочерлож байсан тэр үе дахиад ирчихэж. Өдөртөө хэдэн зуугаараа гадагшаа урсах энэ урсгал хэзээ татарч эдгээр залуус эх орондоо амар тайван ажиллаж хөдөлмөрлөх юм болоо гэж хөгшчүүл хоорондоо бас ярилцана.

Гадныг зорих залуус хар ажил хийх бус, сурч боловсрон эх орондоо эргэн ирж шинэ бизнес бүтээн байгуулалт хийдэг  бол гадныг зорих энэ их урсгалыг дэмжмээр. Гэтэл өнөөдөр ажиллах бизнес хийх орчин нөхцөл бүрдэхгүй байгаагаас залуус нутгаа орхин дайжиж байна.

Эх сурвалж: Рaparatsi.mn

Линк: http://paparatsi.mn/wlz


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 3 October 2016

гадаадад царцаа хэрэг болсон юум болов уу

Сэтгэгдэл бичих